Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддагаараа онцлогтой. XIX зуунаас эхлэн илдийг хулсаар орлуулах болсон нь кэндогийн спорт үүсэх эхлэл байв. Энэ нь сэлэм ашиглан дайснаа ялах арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн явцад хөгжсөөр спортын төрөлд багтжээ. Монголд эл спортоор хичээллэдэг шигшээ багийн эрэгтэй зургаа, эмэгтэй тав, нийт 11 тамирчин Италийн Милан хотод ирэх долоодугаар сарын 4-7-нд зохион байгуулах ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж буй. Тэд ерөнхий дасгалжуулагч, VII дант Ямашита Шүжи, мөн монгол дасгалжуулагч IV дант, Э.Тамир, III дант Э.Уртнасан нарын удирдлага дор өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн шигшээ багт “Шинки кэндо” клубээс А.Нямжав, Э.Билгүүн, Б.Алтангэрэл, “Чикара кэндо”-гоос Т.Чинзориг, Д.Чинбилэгт, У.Амарбаатар нараас гадна олон улсын болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцдог шилдэг тулаанчид багтжээ. Эмэгтэйчүүдийнхэд “Чикара кэндо” клубээс Б.Мөнхзаяа, Т.Ариунгэрэл, “Шинки кэндо”-гоос М.Анударь, “Оргил кэндо”-гоос Г.Уранбилэг, “Бээс кэндо”-гоос Э.Номундарь нар нэгдсэн байна. Монголын кэндочид өмнө нь Японы Токиод 2015, БНСУ-ын Инчон хотод 2018 онд болсон ДАШТ-д оролцсон юм. Тэднээс Монголын кэндогийн холбооны дэргэдэх “Чикара кэндо” клубийн дасгалжуулагч Т.Чинзориг 2018 онд Олон улсын кэндогийн холбооноос олон улсын шүүгчийн эрхээ албан ёсоор авч байв.