УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Төр түшилцэх чадвар, туршлага, хууль тогтоогчийн ёс зүйтэй, эсэхийг үл харгалзан манай сонгогчид олонд танигдсан дүр төрх, хүндлэгдсэн бөхчүүдээ улс төр лүү илгээх “дуртай”. Ийм замаар УИХ-ын гишүүн болсон эрхэм бол Ц.Цэрэнпунцаг. Цагтаа олны хайртай бөх, Гарди цолтон явсан тэрбээр бизнесийн салбарт хөл тавьж, 1999 оноос “Жем групп”-ийг үүсгэн байгуулсан билээ. “Жи мобайл”, “Ddish TV”, “Жем Нет” гээд түүний үүсгэн байгуулсан, эзэмшиж байсан, байгаа компанийн тоо 10 руу дөхнө. АНУ-д 10 гаруй жил амьдарч, бизнесээ зайнаас явуулж байхдаа тэрбээр Доминикан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэнэ. Өмнө нь тэрбээр ШУТИС-ийг автомашин ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн юм билээ.
Америкаас эх орондоо буцаж ирээд Ц.Цэрэнпунцаг уул уурхайн бизнест хөл тавьсан байдаг. Сингапурын хөрөнгө оруулалттай “Хургатай хайрхан”, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитэд” гэх мэтээр түүний уул уурхайн компани бий. Австралитай хамтарсан уг компани нь Хөвсгөл аймаг дахь Овоотын нүүрсний ордыг “ухна” хэмээж, нутгийнхан нь эсэргүүцэн тэмцэж байв. Энэ мэтээс болж түүнийг “нүүрсний хулгайн хэрэг”-т шууд бусаар холбогдсон, “будилааны эзэн” гэсэн мэдээлэл ч тархсан. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэж, “Миний хувь эзэмшдэг “Аспайр майнинг” ХХК нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй, зогссон байгаа. Тэгэхээр би яаж энэ асуудалд холбоотой байх вэ дээ” гэсэн тайлбар өгсөн юм. Ингээд “нүүрний хэрэг”-ээс тэр ямар ч байсан хол өнгөрсөн. Мөн түүний эзэмшлийн компани Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны газрыг булааж, эдүгээ “Жем палас” хэмээх барилгаа барьсан тухай ярьдаг. Олон компани эзэмшихийн хэрээр түүнтэй холбоотой энэ мэт газрын маргаан, хэл ам ч бас дуулддаг. Гэвч шүүхээр эцэслэн шийдсэн ямар нэг асуудал түүнд үгүй. Уснаас яаж хуурай гарах аргаа олчихдог бололтой юм.
Хууль тогтоогчийнхоо хувиар тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил хийсэн бэ. Улс орны амьдралд нэмэр болох, асуудлыг шийдэхээр хууль санаачлан батлуулав уу. Бөх гишүүнээ МАН өөд татаж, 2022 оноос Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилон ажиллуулж буй. Цар тахал дэгдэж, иргэдийн ахуй амьжиргаа муудсан, эдийн засаг уруудсан нөхцөлд Ц.Цэрэнпунцаг гишүүн “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх төв Богд Зонхов” төслийг хэрэгжүүлэхэд 32 тэрбум төгрөг тусгах санаачилга гаргаж явсан нэгэн. УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Анандбазар нар түүнтэй хамтран уг саналыг гаргасан гэдэг. Энэ талаараа тэрбээр “Дэлхийн улс орнууд хилээ нээж байхад манайд ирэх жуулчдад үзэх юм хэрэгтэй. Настай болон өвчтэй хүмүүс очих газар Улаанбаатарт барих нь зөв” гэсэн тайлбар хийж байлаа. Цаг цөвүүн байхад бурханд залбирахаас өөр шийдэл үгүй гэж хууль тогтоож суугаа гишүүн үзсэн хэрэг. 2022 оны улсын төсөвт хөшөө барихад ийм их хэмжээний мөнгө тусгах санаачилга гаргасан нь олны шүүмжлэлд өртөж, Сангийн болон Соёлын сайд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлж, улмаар энэ саналыг унагаасан юм. Ер нь Ц.Цэрэнпунцаг гишүүн бурхан шашинлаг хүн аж. Цар тахлыг даван туулахын тулд бурхны хөшөө барих “мэргэн санал” нь унамагц тэрбээр Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг бусад гишүүний хамт өргөн мэдүүлсэн. Төсөлд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд нөхөн олговор олгохоор заасан байлаа. УИХ жил бүр улсын төсвийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Гандантэгчэнлин хийдэд олгохоор хуваарилна гэсэн агуулгатай. Тэр шашин шүтдэг, үүндээ ихээхэн итгэл үнэмшилтэй байж болох ч төсвийн мөнгөнөөс “хандив” өгөх хууль санаачлах хүртэл “дураараа” загнах эрхгүй. Тийм ч учраас уг төслийг нь дэмжээгүй юм.
Үүнээс өөрөөр санаачилсан, хийсэн гойд ажил эрхэм гишүүнд алга. Харин өөрийн бизнес, хувийн эрх ашгийн төлөө УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргын албан тушаалаа гайгүй ашиглачихдаг бололтой. Хоёр жилийн өмнө УИХ-аар Концессын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсгийг Төсвийн болон Үйлдвэржилтийн бодлогын биш, зөвхөн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулна хэмээн шахсаар санасандаа хүрчээ. Мань эр өөрөө ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь түүний адил ардаа том бизнестэй гишүүд багтсаныг одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тухайн үед шүүмжилж байв. Архи, уул уурхайн салбарын томоохон бизнестэй энэ хүнийг бурхан шашнаа дэмжигчийн дүрээр буруу булхайгаа халхалдаг юм биш байгаа гэж хардаж болох.
2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болж, 2020 онд Завхан аймгаас нэр дэвшин парламентын гишүүнээр сонгогдсон тэрбээр удахгүй болох сонгуульд дахин хүч үзэхээр бэлдэж явна. Зуднаар Завхан аймгаа эргэж, “ЗИЛ-131” машин маниулдан асааж, бяр хариагүйгээ баталсан тухай явцгүй пиар хийгээд авсан. Дөрвөн жил парламентад “танилцах дадлага” хийж, төлөөлж сонгогдсон хүмүүсийн гэхээс илүү хувийн бизнесээ дэмжихэд санаа тавьсан түүнийг дахин сонгох хэрэггүй юм. Гэнэт ухаан сууж, ирэх дөрвөн жилд ард иргэдийнхээ төлөө ажиллана гэж үгүй л болов уу. Тиймээс энэ удаа Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн сонгогчид түүнийг сайхан бөх байсан түүхээр нь биш, өнгөрсөн дөрвөн жилд парламентын гишүүний хувиар ямар ажил хийснээр нь дүгнэнэ гэж найдъя.