Парламент дахь нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэх тухай бид байнга ярьдаг. Гэвч 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд 17.1, 35 хүртэлх насны залуу 1.3 хувь эзэлж байв. Өөрөөр хэлбэл, тэр ганц залуу гишүүн нь Э.Батшугар аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл манай УИХ-д үгүй. Тэгвэл нийгмийн бүх бүлгийн төлөөлөл хангалтгүй байгаа энэ “алдаа”-г засахаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилж, нэр дэвшигчдийн 30 хувь нь бүсгүйчүүд байх, намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлэх зохицуулалт оруулсан. Мөн дээрх квотоос илүү тооны эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн нам, эвсэлд мөнгөн урамшуулал олгохоор тусгаад буй. Хэдийгээр хуулиар ийнхүү “дэмжсэн” боловч горилогчдод сонгуулийн зардал хэмээх нэг том саад бэрхшээл тулгарч байгаа юм.
Тойрогт нэр дэвших хүмүүст нэлээд “эр зориг”, мэдлэг чадвар, санхүүгийн боломж шаардагдах бол намын жагсаалтад бичигдэх горилогчдын хувьд хэтэвчнийх нь зузаан л асуудлыг шийдэх аж. Жагсаалтын хэддүгээрт бичүүлэхээс хамааран ханш нь 4-6 тэрбум төгрөг байх сурагтай. МАН, АН-ын хувьд жагсаалтын эхний аравт бичүүлэх бол ханш илүү нэмэгдэж ч мэдэх гэнэ. Ирэх сонгуулиар гол өрсөлдөх нам нь энэ хоёр учраас эхний 10 байрт нэрээ бичүүлсэн хүн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суух магадлал өндөр байх нь мэдээж.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нам, эвслүүдээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас тогтоогоод байна. Ингэснээр нэг нэр дэвшигч тойрогт 984.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар бид тойргоос 78, намын жагсаалтаар 48, нийт 126 гишүүн сонгоно. Дунджаар гаргах тэрбум төгрөгийн зардал зөвхөн тойрогт өрсөлдөх горилогчдод хамаатай. Намын жагсаалтад нэрээ бичүүлэх хүмүүсийн асуудал тусдаа. Тэд зөвхөн намтайгаа “тохиролцоно”. Угаас мөнгөтэй, олон нийтэд танигдчихсан улс төрчдийн хувьд энэ нь нэг их толгой өвтгөх асуудал биш байх. Харин шинэ залуус, эмэгтэйчүүдэд дээрх зардлын босго хатуухан тусах нь. Тэд уг зардлаа хэрхэн босгох талаар толгой гашилгаж эхэлжээ.
ХАНДИВ БОЛ ТЭДНИЙ НАЙДВАР
Сонгуулийн хуульд оруулсан дээрх өөрчлөлтийн үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1-ээс өсөж, 20 давна гэсэн өөдрөг хүлээлт бий. Гэвч санхүүгийн бэрхшээл энэ төсөөллийг “унтрааж” мэдэх нь. АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулсан тайван жагсаалын үеэр сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг хөндсөн билээ. Тэд “Тойрогт нэр дэвшихийн тулд тэрбум төгрөг зарцуулах хэрэгтэй болж байна. Уг мөнгийг төлж дийлэх бэнчинтэй эмэгтэй олон биш. Ийм мөнгө зарцуулж, сурталчилгаагаа хийн, үзэл бодлоо таниулах боломж муу учраас тойргоос 2-3 эмэгтэй л сонгогдох нь. Намын жагсаалтаар 24 эмэгтэй гишүүн гарч ирнэ. Ингээд нийт дүнгээр 126 гишүүний 15 хувь нь л эмэгтэй болох төсөөлөл харагдаж байна. Энэ нь одоогийн парламентад эзэлж буй эмэгтэй гишүүдийн хувиас буурчихаж буй юм” гэсэн. Сонгуулийн хуулиар бүсгүйчүүдэд квот олгож, хүйсийн тэгш харьцааг нэмэх зохицуулалт хийсэн мэт боловч зардлаар “дараад”, байдлыг улам муутгаж буйг тэд шүүмжилсэн юм. Гэвч ийм байдал үүсгэхгүйн тулд АЭХ-ноос Эмэгтэйчүүдээ дэмжих сан байгуулсан аж. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг илүү олноор сонгосноор өнөөдөр үүсээд буй авлигын тогтолцоог задлах, улс төрд цэвэр агаар оруулах боломж бүрдэнэ. Тиймээс бүсгүйчүүдээ дэмжиж буй бол уг санд хандив өргөөрэй хэмээн тэд хүссэн. Өөрөөр хэлбэл, тойрогт нэр дэвшүүлэх бүсгүйчүүдийнхээ сонгуулийн зардлыг уг сангаас бүрдүүлэх зорилго тавьсан байна. Гуравдагч хүчний нам, эвслээс өрсөлдөх шинэ залуус, бүсгүйчүүдэд ч ийм бэрхшээл тулгамдаж буй юм. Харин МАН-ын эмэгтэйчүүд мөнгө ярьж “гоншигнох” нь бага байх шиг.
Улс төр дэх төлөөллийн олон талт байдал, хүйс, насны ялгаа их байгаагийн шалтгааныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд 2021 онд “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас судалсан юм билээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэхэд залуу үе болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг уг судалгаагаар тодруулахад санхүү, мөнгөний бэрхшээл эхний байрыг эзэлсэн байна. Үүний араас боловсрол, туршлага, гэр бүлийн нөлөө, дэмжлэгийг нэрлэжээ. Сонгуулийн хуульд ухуулагчдын тоо, тэдний цалинг бууруулж, сурталчилгааны нэгдсэн самбар ашиглах гэх мэт зохицуулалт хийсэн. Гэвч бүсчилсэн, том тойрогт 17 хоногт багтан хүрч ажиллах хэрэгтэй учраас самбараас бусдад зарцуулах зардал буурах биш, нэмэгдэх төлөвтэй болоод байна. Хүн хүч, машин техник, шатахуунаас эхлээд нэг нэр дэвшигч дунджаар тэрбум төгрөг гаргах л хэрэгтэй болох аж. Тиймээс ийм боломжгүй ч нэрээ дэвшүүлэх хүсэлтэй горилогчдод хандив, тусламжид найдах сонголт л үлдэж байна. Тухайн нэр дэвшигчээ дэмжиж буй хүмүүс хандив цуглуулах кампанит ажил өрнүүлдэг жишиг олон улсад бий. онгогчдын зүгээс үнэхээр өөрсдийг нь төлөөлж парламентад үр дүнтэй ажиллаж, шаардлагатай хууль, бодлого санаачлан батлуулж чадна гэсэн эмэгтэй болон залуу улс төрчдийг дэмжихэд анхаарч болохгүй гэж.
НЭГ ГОРИЛОГЧИЙН ЗАРЦУУЛАХ МӨНГӨ 2-3 ДАХИН ӨСЖЭЭ
2012 оны сонгуулиар нэг нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээ 9.6 тэрбум төгрөг байжээ. Харин 2016 онд уг хэмжээг гурав дахин бууруулж, 3.4 тэрбум төгрөг болгосон юм. Сонгуулийн зардлыг бууруулж, горилогчдод тэгш гараанаас өрсөлдөх боломж олгох тухай байнга ярьдаг ч бодит үр дүн гаргасан ёр тохиолдлын нэг нь энэ аж. Мөн тухайн үед нэр дэвшигчид тойрогтоо 172-378 сая төгрөг зарцуулахаар тогтоосон байв. Гэвч уг зөв жишиг үргэлжилсэнгүй. 2020 онд нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум болгон нэмэв. МАН уг босгонд бараг тулгасан буюу 5.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж байлаа. Тухайн үед нэр дэвшигч дээд тал нь 367-775 сая төгрөг зарцуулах босго тавьж байсан бол эдүгээ 2-3 дахин нэмэгдэж, тэрбумаар тоологдоход хүрэв.
Тойрогт өрсөлдөх хүн зөвхөн тэрбум төгрөгөө босгоод л болчихгүй. Үүнээс өмнө тэд намаасаа нэр дэвших “виз” олж авахын тулд “хөөрхөн” мөнгө зарцуулдаг. 2020 оны сонгуулиар АН-ынхан 100 сая төгрөгийн дэнчингээр нэр дэвших эрх олгосон. МАН-ынхан даггүй ч иймэрхүү мөнгөний босго бас тавьдаг гэдэг. Тэгвэл өнгөрсөн оны долоодугаар сард парламентаас шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвсэл нь нэр дэвшүүлэхдээ гишүүн, дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглосон юм. Хэдийгээр дэнчин авахыг хориглосон ч намууд нэр дэвших эрхийг далдуур “наймаалцсаар” байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч буй.
ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “БОСГО” ТАВЬСАН УУ
Сонгуульд оролцох нам, эвслүүд тавдугаар сарын 20-ны дотор нэр дэвшигчдээ тодруулах учиртай. Тойрогт нэр дэвших хүмүүст нэлээд “эр зориг”, мэдлэг чадвар, санхүүгийн боломж шаардагдах бол намын жагсаалтад бичигдэх горилогчдын хувьд хэтэвчнийх нь зузаан л асуудлыг шийдэх аж. Сонгуулийн тухай хуулийн 53.4-т “Жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болно” хэмээн заасан. Гэхдээ уг хандивын хэмжээ нь тойрогт нэр дэвшигчийн зарцуулах зардлын дунджаас хэтрэхгүй байна гэжээ. Хуулийн дагуу бол жагсаалтаар нэр дэвшигчид намдаа тэрбум төгрөгийн хандив өгч, горилох эрхээ олж авах нь нээлттэй гэсэн үг. Гэвч намууд сонгуулийн санхүүжилтээ тойрогт нэр дэвшүүлэх, жагсаалтад багтаах “виз”-ийн “наймаа”-гаар босгодог учраас хуульд заасан хэмжээгээр хязгаарлах нь юу л бол. Нэлээд өндөр ханш тогтоосон тухай хэвлэлүүд түрүүчээсээ мэдээлээд эхэлжээ. Жагсаалтын хэддүгээрт бичүүлэхээс хамааран ханш нь 4-6 тэрбум төгрөг байх сурагтай. МАН, АН-ын хувьд жагсаалтын эхний аравт бичүүлэх бол ханш илүү нэмэгдэж ч мэдэх гэнэ. Ирэх сонгуулиар гол өрсөлдөх нам нь энэ хоёр учраас эхний 10 байрт нэрээ бичүүлсэн хүн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суух магадлал өндөр байх нь мэдээж.
Гэхдээ намууд жагсаалтдаа хүйсээр сөөлжүүлж эрэмбэлэхийн тулд зарим тохиолдолд гишүүдээ “харж үзэх”-ээс аргагүй нөхцөл үүсэх болов уу. Дээрх хэмжээний мөнгийг төлөх чадвартай эмэгтэй улс төрч олон биш. 1:1-ээр нэрийг сөөлжүүлж байршуулах үүргийг тэд хуулийн өмнө хүлээсэн учраас мөнгөний өндөр босго тавивал эмэгтэйчүүдийнх нь ирц бүрдэхгүй. Тэгэхээр намууд эмэгтэйчүүддээ арай зөөлөн хандаж, ялангуяа жагсаалтын хойгуур оруулахдаа мөнгө нэхэж үнэрхэхгүй байх гэж найдъя. Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулна хэмээн мэдэгдсэнийг олон нийт мартаагүй. Нийгмийн эл бүлгийг төлөөлөх гишүүнээсээ тэд заавал хандив нэхэхгүй байж “өгөөмөр” зан гаргах ёстой. 2020 оны сонгуулиар АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилго тавин нэрээ дэвшүүлсэн жүжигчин Ж.Баясгаланг тус намынхан 100 сая төгрөгийн дэнчингээс чөлөөлсөн юм билээ. Энэ жишгээс намууд суралцах биз ээ.
Харин тойрогт өрсөлдөх горилогчдод “ийм хайр” үгүй юм. Хамгийн чадварлаг, олонд танигдсан улс төрчдөө намууд тойрог руу илгээнэ. Учир нь тэд намаасаа гадна өөрсдийнхөө нэр хүндээр сонгогдох, эсэхээ шийдүүлэх юм. Бүсгүйчүүд, олонд танигдаагүй залуус аль болох бага зардлаар сурталчилгаагаа хийж, мөрийн хөтөлбөр болон өөрийгөө таниулах арга сүвэгчлэх биз. 984.7 саяас 1.5 тэрбум төгрөг бол сурталчилгааны дээд хязгаар. Аль тойрогт өрсөлдөхөөс хамаараад ямар зардал гаргах нь шийдэгдэнэ. Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүрэгт өрсөлдөх горилогчдод зардлаа хэмнэх боломж бий. Нийслэлд учраас нийгмийн сүлжээ түлхүү ашиглах боломжтой. Ядаж л тээврийн зардал нь бага гарах болов уу. Харин 3-4 аймгийг нэгтгэсэн орон нутгийн тойрогт өрсөлдөх хүмүүст ийм давуу тал бага. Тэнд хүссэн ч, хүсээгүй ч тэрбум орчим төгрөгийн зардал гаргаж байж нисдэг тэрэг хөлөглөх өрсөлдөгчөөсөө хол хоцрохгүйгээр ажиллах нь.