“Арслан” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 5В ангийн сурагч, М.Хөлгөнүтэй, М.Билгүнүтэй нар ихэр ах дүүс. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлагад тэд жүдогоор хичээллээд нэг жил зургаан сар болохдоо олон тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тэднийг “Шинэ танил” буландаа зочноор урьж ярилцахаар бэлтгэл хийж буй Спортын төв ордныг зорьсон юм.
-Жүдогоор хичээллэхээр ирсэн анхны өдөр үеийнхэн тань та хоёрыг ялгахгүй андуурав уу?
М.Б: -Биднийг жүдогийн тамирчид ч гэлтгүй олон хүн андуурдаг. Би жүдогоор хичээллэх хугацаандаа Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс анх хошой мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа нь “Арслан” клубийн АШТ-д түрүүлж, “Даян шонхор кап” тэмцээнээс хүрэл медаль зүүсэн. Жүдогоос гадна кураш, бүстэй бөхийн төрлөөр ч хичээллэж, алт, мөнгөн медаль гардсан юм.
М.Х: Миний хувьд Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 2023, 2024 онд оролцохдоо аваргын төлөө ихэртэйгээ барилдаж ялаад, хошой алтан медаль хүртсэн. Мөн өнгөрсөн жил “Арслан” клубийн АШТ-д тэргүүн байр эзэлж байв. Энэ жил кураш бөхийн УАШТ-ий алтан медалийн төлөө дүүтэйгээ барилдаж хожигдоод мөнгө, харин бүстэй бөхийн УАШТ-д түүнийг ялж аварга болсон.
-Та хоёр оролцсон тэмцээн бүрдээ медалийн төлөө учраа таардаг юм байна. Аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарахад багш тань юу гэж зөвлөдөг бол?
М.Б: -Жүдогийн өсвөр үеийн УАШТ болоход бид оролцсон юм. Намайг ихэр М.Хөлгөнүтэйтэй аваргын төлөө барилдахаар таарахад багш “Та хоёр шодчих” гэв. Бидэнд ингэснээс барилдах нь илүү сонирхолтой санагдсан. Тиймээс өөрт байгаа бүх зүйлээ дайчлан өрсөлдөхөөр шийдсэн юм. Би ахтайгаа тэмцээнд олон удаа таарсан болохоор барилдах арга барилыг нь мэднэ. Түүнийг тонгорон, нэг вазари үнэлгээ авч, торгуулиар ялсан.
М.Х: -Чингэлтэй дүүргийн АШТ, мөн бүстэй бөхийн УАШТ-д бид алтан медалийн төлөө тунаж үлдсэн. Би түүнийг тонгорох мэхээр ялж, аварга болж байв. Аав, ээж биднийг хоорондоо аваргын төлөө барилдахад үзэж чаддаггүй, их хэцүү байдаг гэсэн. Тэмцээний өмнө манайхан “Ямар авьяас, ур чадвар байна. Түүнийгээ л дэвжээнд гарга” гэж хэлдэг юм.
-Ойрын хугацаанд томоохон ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна вэ?
М.Б: -Улаанбаатарт өсвөр үеийн жүдо бөхийн хотын АШТ энэ сарын 20-нд болно. Бид амжилттай оролцохоор бэлтгэл хийж байгаа. Мөн манай улсад ирэх есдүгээр сард зохион байгуулах кураш бөхийн ДАШТ-д хүч сорино. Бид өрсөлдөх эрхээ авсан.
-Аваргын төлөө өөр клубийн тамирчинтай барилдаж байсан уу. Тэднээс хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
М.Х: -Жүдо бөхийн барилдаанд техник их чухал. Сайтар эзэмшвэл амжилт гаргадаг. Хөвгүүдийн 27 кг-ын жинд зодоглодог бөхчүүдээс “Хүлэг” клубийн тамирчин А.Баяржавхлан хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр сайн ч барилддаг. Надаас техникээр илүү гэж боддог. Би клубийнхээ ах, эгч нараас үлгэр дуурайл авдаг. Тэднийхээ барилдааныг харж, мэхний хувилбаруудаас сурахаар хичээж байна. Миний хувьд хөмрөх, тохох, хутгах мэх хийж, босоо, хэвтээ барилдаанд амжилт гаргаж байгаа.
М.Б: -Би тонгорох, давхар ачих, тохох мэх хийдэг. Сүүлийн үед хөл авах мэх сурахаар Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Гончигсүрэн ах, Л.Энхрийлэн эгчийн барилдааныг сонирхон үзэж байна. Тэднээс Ц.Цогтбаатар ахын биеэ авч яваа соёл, бэлтгэлийн үед дүү тамирчидтайгаа харилцаж буй хандлага, зөв хүмүүжлээр нь бахархдаг юм.
-Жүдогийн тамирчдын амжилт хэрхэн гаргасныг бүснийх нь өнгө тодорхойлдог. Хойшид ямар бүстэй болохсон гэж мөрөөдөж байна вэ?
М.Х: -Бид одоогоор ногоон бүстэй. Хойшид бор бүстэй барилдахыг хүсдэг. Хар бүстэй болоход нас минь арай л бага байна.
-Та хоёрыг амжилт гаргахыг хараад ангийн нөхөд тань спортоор хичээллэх сонирхолтой болсон уу?
М.Б: -Жүдо бөхийн спорт хүндлэл, хүмүүжил, тэвчээр хатуужилд сургадаг. Манай ангийн таван хүүхэд “Би бас жүдогоор хичээллэж, амжилт гаргана” гээд бэлтгэл хийдэг болсон. Бидэнд “Арслан” клубийн тамирчин гэж зарлуулаад дэвжээнд гарах сайхан санагддаг. Ээж биднийг бэлтгэл хийхэд хүргэж өгч, аав ирж авдаг юм. Тамирчид дэвжээгээ их хүндэлдэг. Бэлтгэлээ дуусгаад багшдаа, дараа нь дэвжээндээ ёсолдог. Гэртээ очоод жүдогигоо (өмсгөл) угаадаг юм.
Бэлтгэсэн Б.Энхзаяа