БНФУ-ын Версалийн хааны дуурийн театрт “La Vie en Rose” буюу “Сарнайн өнгөтэй амьдрал” дууг Пиафын хоолойгоор хоногшин цуурайтдаг, Парис хотын зүрх сэтгэл болсон газар дуулсан нэгэн миний өмнө сууж байна. Түүнийг хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа уншигч та харсан болов уу. Түүнчлэн “Universe best songs” шоуны оролцогч, “UBS music” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь ч мэдэж магадгүй юм. Жазз хөгжимд дуртай уншигчид түүнийг “Fat cat jazz club”- ийн “хатагтай” байснаар нь андахгүй.
“Үүнээс цааш нэг хэсэгтээ ярилцлага өгөхгүй” гэхэд нь ярилцагчийн үүднээс дотроо олзуурхаж сууснаа энд дурдъя. Түүний хамгийн сайн мэдэх зүйлсийн тухай бид нэг үе нухацтай, заримдаа инээлдэн хөөрөлдсөн юм. Тэр бол Жожо буюу Б.Өнөрзул.
-Нэгэн нэртэй сэтгүүлч таны талаар“Жожо бол манай хот доторх Америкт нэг удаа юм” гэсэн шүү дээ. Түүнээс танд ямар сэтгэгдэл төрөв?
- Яг уйлах гэж байсан. Би сүүлийн таван жил жазз дуулж байна. Дотооддоо амьд хөгжмөөр сонсох боломжгүй дууг монголчуудад болон гадаадынханд сонсгоё гэсэн хүсэлтэй ажилладаг. Гадаад хүмүүс “Гэртээ байгаатай адил санагдлаа” гэдэг. Манайхан харин “Гадаадад байгаа юм шиг” гэсэн сэтгэгдэл хэлдэг л дээ. Энэ мэтчилэн хүмүүсийн магтаалд баярладаг ч сэтгэлээ савчуулахгүйг хичээдэг. Учир нь өөрийгөө хэт нисгэхгүйн тулд. Харин мэргэжлийн сэтгүүлчээс авсан тэрхүү магтаал зүрх рүү орсон. Одоо бодох төдийд л сэтгэл хөдөлж байна.
-Та “UBS music” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг байсан. Хөгжмийн нэвтрүүлэг учраас олон төрлийг нь судалж, мэдээллээ бэлтгэх шаардлага гарна. Тэр л үедээ жаззыг нээсэн талаараа та дурссан байдаг. Одоогоос долоон жилийн өмнө Улаанбаатар дахь “Гёте” хөгжмийн танхимд герман багш нарын удирдлагад жазз дуулахыг сурахдаа урлагийн маш сайхан хүмүүстэй учирсан болов уу?
- Тэнд би жазз хөгжим гэхээс илүү жазз хөгжимчний амьдралыг илүү заалгасан санагддаг. Ийм амьдралыг сонгох нь хүсэх зүйл биш болов уу. Маш их давтаж, байнга суралцах хэрэгтэй. Энэ урсгалаар уран бүтээл туурвигчид хөгжимдөө хэтэрхий хайртай, түүнгүйгээр амьдарч чадахгүй болчихсон байдаг талтай. Гэхдээ хажуугаар нь багшилж, давхар ажиллахгүй л бол дан жазз хөгжим тоглоод амьдрах нэлээд бэрх гэдгийг хүмүүс харуулсаар байна. Тэгсэн ч бид дан жазз тоглохоос өөр зүйл хардаггүй. Цаашдын замналаа ч хамтдаа төлөвлөдөг нь биднийг илүү хүчтэй болгодог байх.
Үлгэр жишээ авахуйц хүмүүстэй ч их танилцсан. Хамгийн сүүлд танилцсан хүмүүсээс гэвэл жазз хөгжмийг монгол ардын аялгуутай хослуулан тоглодог ӨМӨЗО-ы “NaraBara” хамтлаг байна. Бидний дотор цохилсоор буй хөгжмийг тэд хийдэг. Гэхдээ илүү гоёор. Тэдний хөгжим яг л бүүвэйлж, ардын дуу дуулж, туульс хайлж байгаа мэт. Цаашид ч хамтарч ихийг хийх болов уу.
-Хүмүүс амьд хөгжим сонсохын тулд цаг гарган клубийг зорьж байгаа шүү дээ. Энэ нь танд ямар санагддаг вэ?
- Бид өөрсдөө л анзаарахгүй байгаа болохоос биш яг л хоол иддэг шигээ хөгжмийг хэрэглэдэг болсон. Хөгжим сонсох нь бидний өдөр тутмын хэрэглээ. Тэр дундаа амьд хөгжим сонсох нь амьдралын хэв маяг руу орж эхэлж байна. Амьдралын хэв маягт уусна гэдэг нь соёлын тодорхой жанрыг бүрдүүлнэ. Хөгжмийн жанрыг бий болгодог хэд хэдэн онцгой хүчин зүйл бий. Хөгжмийн зэмсэг, хөгжим тоглоход бий болсон онцгой арга техникүүд, хэллэг, хүрээлэл зэрэг багц соёл тэнд байдаг. Хип хоп гэхэд л түүнд ашиглагддаг этгээд хэл, хувцас хэрэглэл, бүжиг нь ондоо байдагтай адил. Яг үүн шиг тодорхой жанр хүчтэй оршин тогтнохын тулд түүнийг хүрээлсэн соёлын бүрдүүлэгч хүчин зүйлс байх ёстой. Чиний хэлсэн шиг жазз клубийг зорьж, лайв сонсож, уур амьсгалыг мэдэрч гэмээнэ монголчууд өөрсдийн гэсэн жаззыг бий болгох үндэс бүрэлдэнэ.
-Бүх хөгжмийн урсгал залуучуудын дунд “хэмнэлдэж” байна. Жазз гэхээр л зөвхөн сүүлийн үед л сонсогч, хөгжимчид нь бий болж буй мэт харж, бодох нь түгээмэл анзаарагддаг. Гэхдээ энэ жанрыг сонирхогчид одоо л гарч ирж буй биш, “нуугдмал” сонсогчид өмнө нь ч байсан юм биш үү?
-Яг үнэн. Чи яагаад монгол сонсогчдыг дутуу үнэлээд байгаа юм гээд загнуулж байсан. Энэ төрөлд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баянмонгол” чуулгын хөгжимчид анхдагч гэж ярьдаг. Цагийн цагт мундаг байсан. Гэхдээ үүнийг мэргэшүүлэх процесс илүү албан ёсных болсон нь саяхан.
-Жазз хөгжмийн урсгалын амин чанар юундаа оршдог бол?
-Жаззын сүнс нь хөгжимчид эрх дураараа хөгжмөө тоглож, түүгээрээ дамжуулан олон үндэстний хүмүүс ойлголцох чөлөөт хэлцэл болдогт бий. Сүүлийн үед ардын хөгжмийг сонгодогтой, африк, мексик гэхчлэн өөр олон газрын хөгжмөөс онцгой зүйлийг нь авч холиод, холимог хуурга шиг болгочихсон чөлөөт урлагийн талбар болох тал руугаа хэлбийж байна. Түүнд өөрийн хүссэн аялгууныхаа элементийг шингээж, чөлөөтэй хөрвөж болдог нь шунуулж, хүслийг минь өдөөдөг.
-Тайзан дээр дуулж, бүтээлээ хүргэж буй бусад уран бүтээлчийнхээ дуу хөгжмийг сонсоход хэр хугацаа зарцуулж байна вэ?
- Ялангуяа уран бүтээлчдэд хөгжим сонсоно гэдэг ажлынх нь нэг хэсэг. Эхлээд маш таашааж сонсох боловч дараа дараагийн удаагаас эхлээд дүн шинжилгээ хийж эхэлдэг талтай.
-Илүү шүүмжлэлтэйгээр сонсож эхэлнэ гэсэн үг биз?
- Тийм. Задлан шинжилнэ. Хөгжмийг зүгээр сонсоод өнгөрөх тохиолдол багасдаг. Дуу бичлэг хийнэ гэдэг удаан хугацааны продакшны цогц ажил. Харин амьд хөгжмийн хувьд түүнээс бие сэтгэл, тархинд үлддэг мэдрэхүй, мэдрэмжүүд маш гоё.
-Урт хугацаанд бичгийн ажил хийсэн хүмүүс ч энгийн уншигч байх үеийн минь нүд гоё гэдэг. Түүнтэй ижил дуучин, хөгжимчдийн энгийн сонсогч байх үе нь илүү гоё байдаг юм болов уу гэж бодлоо.
-Дуугаралт, үзэгчийн тав тухаас эхлээд засаж сайжруулах зүйл олон гарч ирдэг. Тэгснээрээ тоглолтыг зүгээр үзэж чадахаа болиод, ажлаа хийгээд эхэлдэг талтай.
-Уран бүтээлч бүрийн дотор үгээр илэрхийлэгдэшгүй зүг зүгийн мэдрэмж байдаг юм шиг. Тэрхүү мэдрэмж нь уран бүтээлд нь тусгалаа олдог. Тиймээс тэд өөрийн зүгийн мэдрэмжээ л дагаж, магад эрэл хайгуул хийдэг болов уу?
-Уран бүтээлч байх процесс нь өөрийгөө унтраагаад, өдий хүртэл юу сурсан, юу чадах вэ гэдгээ нээн илрүүлэх юм. Тархиа унтрааж байж хүн чөлөөтэй бүтээл туурвина.
Төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс ч бий. Харин тэрхүү өгөгдөл нь юунд ашиглагдаж болохыг эрж хайх хэрэгтэй. Оршихуйн асуудал бол дараагийнх. Өөрт буй цаг хугацаандаа өөрийгөө бэлтгэх нь чухал. Гайхалтай бүтээлүүд хоромхон зуур бүтсэн тохиолдол цөөнгүй шүү дээ. Уран бүтээлчээр дамжиж бүтээгдэх зүйлд өөрийгөө бэлдэх, хаана илүү хэрэгтэйгээ олж мэдэх нь чухал.
-Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд та ээжийгээ дагаад явдаг байхдаа уран бүтээлчидтэй ойр байсан гэдэг. Бага насаа авьяастнуудын дунд өнгөрөөсөн нь танд яаж нөлөөлсөн бол?
-Тоглолт, бэлтгэлийн арын өрөөнд болдог өнгө өнгийн амьдрал миний дурсамжид бий. Хөгжимчид маш багаасаа тоглож эхэлсэн байдаг бол дуучид өөр. Хүмүүсийн өмнө чөлөөтэй байхад суралцахын тулд биеэ “задлах”-аас эхлээд инерц их шаарддаг шиг санагддаг. Миний бодлоор театр, урлагийн газрын арын өрөөгөөр чөлөөтэй явж, бэлтгэл сургуулилалтыг нь байнга үздэг байсан нь тайзны айдсыг минь багасгахад тусалсан болов уу.
Уран бүтээлчдийг харах үзэгчийн нүд гэж байдаг шүү дээ. Урлаг гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг учраас уран бүтээлчийг тэнгэрээс бууж ирсэн мэт үзэх мэдрэмж төрдөг юм шиг.
-Та урлаг судлаач мэргэжилтэй. Мэргэжлээрээ дагнан ажиллаж байв уу?
-Судалгаа хийхэд маш их цаг шаарддаг. Гэтэл судлаачийн материалын нийгэм дэх хэрэгцээ бага байгаа тал анзаарагддаг. Хэрэв би урлагийн шүүмж бичих, судлаач тал руугаа хэлбийе гэвэл өөрийгөө маш их хөгжүүлэх шаардлагатай. Харин үүнийг карьерынхаа сүүл үе рүү хийх болов уу. Одоо судалгаанд ажиллахаас илүү урлагтаа ихийг хийж, амжуулах нь чухал байна.
-Хөгжмийн жанр бүр нийгмийн урсгалыг даган хөгжиж байна. Үүнийг процессынхоо дагуу хөгжих нь чухал гэх бол зарим нь энэ талд шүүмж дутагдаж байна гэдэг. Үүнд таны байр суурь ямар байдаг вэ?
-Тэр бол урсгалаараа шийдэгдэх, жам ёсны л асуудал. Ер нь жанр хөгжихөд хамгийн нөлөөтэй зүйл бол уран бүтээлчийн авьяас. Харин түүн дээр нь судлаачийн орон зай орж ирээд, судалж, шинжилсэн байдлаас нь олон нийтэд танилцуулж, тайлбарлах нь зөв юм билээ. Судлаачид үргэлж уран бүтээлийн хойно байна.
-Цас орохыг хараад цасны тухай дуу зохиосон гэсэн дээ. Гэхдээ тэр таны анхны дуу биш болов уу гэж бодож байна. Ойролцоогоор хэд орчим дуу таны урын санд байна вэ?
-Тэр дуугаа би маш гоё дуулсан. “Хөөх. Миний дуу юм байх даа” гэж бодмоор. Дуулахад ч тэр, олон нийтэд цацахад ч тэр, бүрэн бэлэн гэсэн мэдрэмж төрүүлж байгаа анхны дуу. Түүн шиг үг, ая нь зэрэг орж ирсэн тохиолдол байхгүй. Харин надад бүрэн болоогүй олон бүтээл бий.
-Дуучин, хөгжимчин, удирдаачаас эхлээд тал талын оролцогч нийлснээр амьд хөгжим бүтэн болдог. Харин жаззд энэ нэгдэн нийлэх оролцоо илүү их байдаг юм шиг. Аль аль нь салшгүй.
-Хөгжим бүтэх явцад оролцоо багатай хөгжимчин гэж байхгүй. Байх ёстой учраас л тэнд бий. Жаззыг фонограммтай дуулна гэдэг маш утгагүй зүйл биз дээ.
-Харин одоо “Enji’s sisters” хамтлагийн тухай ярья. Танай хамтлаг 1930, 40-өөд оны жаззын “close harmony” дуулалтаар дуулдаг байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Pure imagination” гэх анхны цомгоо гаргаж байлаа. Тэр цомогт дээрх хэв маяг сонсогдохоос гадна хамтлагийн гишүүн бүрийн характер ч мэдрэгдсэн.
-Гурван хүн хармони стилээр дуулах нь манайд онцгой, шинэ байсан юм шиг байгаа юм. Бид гурвын тембр өөр боловч нийлэхээрээ маш содон сонсогддог байсан. Бид гурвын нэг нь л өөр хоолойтой хүн байсан бол тэгж сонсогдохгүй байх магадлал өндөр. Хамтлагийн гишүүн Ж.Ариунжаргал (Ариу) бол супер R&B дуучин. Харин Э.Энхжаргалд (Энжи) маань монгол характер их.
Германд тоглолт хийх үед жазз дууны тэнхимийн эрхлэгч нь бидэнд хандаж, та гурав хамтлаг болооч, маш их потенциал байна гэж хэлж байсан.
-Хамтлагаараа Европт хоёр удаа тоглосон санагдаж байна.
-Тийм. Тэндээс ирээд 2020 онд альбум бичүүлэх зорилго тавьчихсан байсан учраас анхны цомгоо гаргасан. Харин одоо хамтлагийн гишүүн бүр тус тусын уран бүтээлээ хийж байгаа. “New York times”-аас нэрлэсэн өнгөрөгч оны шилдэг 10 жазз цомогт, “Washington post” сониноос нэрлэсэн шилдэг жазз цомгуудын эхний гуравт Энжигийн “Улаан” цомог багтсан. Хэрэв бид эргэн хамтарч дуулах үе ирвэл магад тэр нь их олон жилийн дараа болов уу.
-“Snow melody 2024” шинэ жилийн концерт таны продюсероор ажилласан анхны тоглолт гэж дуулсан. Та өөрийгөө дуучин болоогүй гэдэг. Гэхдээ тоглолтын дараах үзэгчдийн сэтгэгдэл, дуучдын чансаа өндөр хүлээлттэй байснаас гадна түүндээ ч хүрсэн. Харин одоо та дуучин болсон биз дээ?
-Өмнө нь олон тоглолтод продюсероор ажилласан. Харин “Snow melody” бол өөртөө зориулж продюсерлосон анхны тоглолт. Би одоо ч үүнийг зориглож хийсэндээ гайхдаг. Эхэндээ урам зориг дүүрэн байсан ч тоглолтын бэлтгэл дундрах үед би юу хийчхэв ээ л гэж бодсон. Түүнээс сурсан, олж авсан зүйл олон бий.
Өмнө нь хүмүүст гоё дуу дуулж өгье гэж боддог байсан бол тоглолтоос хойш яг л уран бүтээлч болъё гэсэн чин зорилготой болсон. Дуучин, артист хоёрын хооронд хэр их ялгаа байдгийг мэдэхгүй. Гэсэн ч би одоо ч өөрийгөө дуучин гэж хэлж чадахгүй. Харин би уран бүтээлч болох замаа харсан. Түүгээрээ итгэлтэй алхана.
Бэлтгэсэн Д.Хүсэл