Италийн Бусто-Арсицио хотод эхэлсэн боксын дэлхийн сонгон шалгаруулах тэмцээнд 670 гаруй тамирчин өрсөлдөж байна. Энэ сарын 11-нд өндөрлөх тус тэмцээнээс эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд Парисын олимпыг зорих эрх олгох юм. Үндэсний шигшээ багийнхан дээрх тэмцээнд оролцохын тулд Европт хоёр сар бэлтгэл базаасан. Гэсэн ч тэдний мэдүүлгийг Монголын боксын холбооныхон заасан хугацаанаас хоцроож явуулснаас манай тамирчид оролцож амжихааргүй болжээ. Манай боксчдын хувьд олимпын эрх авах боломжтой хоёр тэмцээний нэг нь энэ байв. Тэдэнд одоо Парист хөл тавих, эсэхийг шийдэх ганц тэмцээн бий. Тайландын Бангкок хотод тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээнэ. Тиймээс манай тамирчид олимпын эрх авах нь амаргүй даваа болох нь. Монголын боксын холбоо одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.