УИХ-ын ес дэх удаагийн сонгууль хаяанд ирээд байна. Хэрхэн парламентад суудалтай нам, эвсэл болох вэ гэхээс илүүтэй яаж 126 гишүүний тоонд багтах вэ гэдэг “аминч” бодол л горилогчдод илүү байгаа гэхэд буруудахгүй. Суудлын тоо хязгаартай ч сонгогдох эрхээ эдлэх хүсэлтэй хүний тоо олон. Парламентын түүхэнд хамгийн олон горилогч нэрээ дэвшүүлэн өрсөлдөх сонгууль болж мэдэх хандлага ч ажиглагдаж буй. Тэгвэл эл өрсөлдөөнөөс сайн дураар болон аргагүйн эрхэнд татгалзах хэсэг бий. Заримынх нь энэ шийдвэрт намын гишүүд нь ч, иргэд ч талархах биз. Үүн дээр нэмээд хэрэгт нэр холбогдсон, ёс зүйн алдаа гаргасан олон улс төрчийг нам нь бүү нэр дэвшүүлээсэй гэж сонгогчид хүсэж буй. Гэвч шүүхээс буруутайг нь тогтоогоогүй нөхцөлд сонгогдох эрхээсээ сайн дураар татгалзах хүн тийм ч олон биш. Харин өөрийн хүсэлтээр татгалзаж буй хүмүүсийн хувьд шалтгаан нь олон янз байх болов уу.
Х.БАТТУЛГЫН ГАРТ ЗАЛУУР БАЙГАА ЮУ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Төрийн ордонд гэнэт үзэгдэж, Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ тэрбээр хэвлэлийнхний асуултад хариулж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх” хэмээн мэдэгдэв. Түүнийг улс төрөөс зайлуулах сонирхол цөөнгүй хүнд бий.
Юутай ч тэр бол Монголын улс төрд онцгой дүр. Зураач мэргэжилтэй, самбо бөхийн дэлхийн аварга тамирчин явсан эр хожим Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүхтэй. Эдүгээ овог нь мэт болсон “Женко” компаниа тэрбээр 1990 онд байгуулснаар бизнес хийж эхэлсэн юм билээ. 2004 онд улс төрд хөл тавьж, тэр даруйдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй гурван удаа улирч ажиллажээ. 2008-2012 онд тэрбээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын “давхар дээл”-тэй байв. Ингээд 2017 онд АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Энэ хүртэл түүний улс төрийн карьер дардан байлаа. Харин Төрийн тэргүүнээс бууснаасаа хойш хуулийн байгууллагад шалгуулж, түүн шиг муу хүн үгүй болов.
Үндсэндээ үүнээс хойш тэрбээр “хөшигний ард” орсон. Тэр бүр ил гарахгүй, гэхдээ нэр нь, нөлөө нь арилаагүй. Х.Баттулга байгаагүй бол Монгол Улс аль хэдийн урд хөрштэйгөө төмөр замаар холбогдчих байсан, Оросын “бууны нохой” гэх мэтээр түүнийг буруутгадаг хүн олон. АН дотроо хоёр хуваагдан талцсаны шалтгааныг ч түүнтэй холбодог. Тус нам эргэн нэгдэж, удирдлагын багаа дахин бүрдүүлэхэд бараг 50 хувиас илүү нь Х.Баттулгын МоАХ фракцынхан болсон. Өөрөөр хэлбэл, нөлөө, байр суурь нь АН-д өндөр хэвээр, тэрбээр залуурыг гартаа атгасаар байгаа нь нууц биш. Тиймээс түүнийг үзэн яддаг хэсэг энэ намд байсаар. Эдүгээ АТГ-аас Х.Баттулгыг гурван үндэслэлээр шалгаж буй гэдгийг “нүүрсний хэрэг”-ийн хяналтын сонсголын үеэр холбогдох байгууллагын албан тушаалтнууд мэдэгдэж байсан юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй биш, дэвшихгүй байх гэсэн бөөрөнхий хариултыг тэр өгчээ. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол нэрээ дэвшүүлэх эрх нь ч нээлттэй. Тэгэхээр яаж ч мэднэ. Гэхдээ сүүлийн хэдэн жил тэрбээр “нууц ноёнтон”-ы дүрээр намынхаа судсыг барьж, нөлөөгөө ахиулсаар байна. Тиймээс УИХ-д өөрийн биеэр өрсөлдөхгүй байсан ч чанарын ялгаа гарахгүй нь. Нөгөө талаар олон нийтийн дунд нэр хүнд нь унасан түүнийг дэвшүүлэхгүй байх нь АН-ын карьерт тустай байж ч мэдэх юм. Гэхдээ энэ бол тэр улс төрөөс явна гэсэн үг огт биш.
З.ЭНХБОЛД МАЛЧИН БОЛНО
УИХ-д 2005 оноос хойш гурвантаа сонгогдсон тэрбээр улс төрчөө болиод малчин болно гэдгээ хэдэн сарын өмнө мэдэгдсэн. З.Энхболд 2012-2016 онд УИХ-ын дарга байв. Гишүүдээ “баздаг”, дэг сайн сахиулдаг, чамбай спикер явсан юм. Тэрбээр АН-д анхан шатнаас нь эхлээд дарга хүртэл бүх албан тушаалыг хашсан, тус намын гайгүй лидерүүдийн нэг, хоосонгүй нөхөр, бас “хөөрхөн” хорчин нэгэн. Нам нь засгийн эрх барьсан дөрвөн жилд З.Энхболд тэргүүтэй АН-ын хэсэг гишүүн “Шонхор” фракц байгуулж, улмаар сөрөг хүчин болсон МАН-ынхантай хуйвалдан, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байв. Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэрбээр Тамгын газрын даргаар нь ажилласан юм.
Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой албан тушаалтнуудыг АТГ-аас зарлахад түүний нэр бас дунд нь багтсан. З.Энхболд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий хүнийхээ компанид давуу эрх олгосон хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм байна. Юутай ч тэрбээр 126 гишүүний нэг байхаас малчин болохыг илүүд үзсэн бололтой. Түүнийг ирэх сонгуулиар Орхон аймгаас нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарсныг ийнхүү үгүйсгэсэн хэрэг.
Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ
Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа “ногоон автобусны хэрэг”-ээр ёс зүйн хариуцлага хүлээн огцорсон Д.Сумъяабазарын оронд Ерөнхий сайд өөрийн үнэнч туслах Х.Нямбаатарыг томилсон. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас татгалзан байж хотын захирагч болохдоо тэрбээр “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж, Ерөнхий сайд Засаг даргаар захирамжилсан тохиолдолд орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдсэн нь одоогоос дөрвөн сарын өмнөх амлалт. Тэрбээр нийслэлд нүүрлэсэн газрын наймаа, бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой авлигыг илрүүлэхээр томилогдсон. Гэвч нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөн, хотын халтиргаа, гулгааг шийдэж чадахгүй байна хэмээн иргэдэд “хараалгуулахаас” өөр дорвитой ахиц гаргаагүй л явна. Өөрт нь итгэж санал өгсөн Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг “золиослон” байж хотын захирагчийн суудалд очсон тэрбээр уг амлалтаа хэрэгжүүлэх болов уу.
ӨРСӨЛДӨӨНӨӨС ТАТГАЛЗСАН БУСАД ХҮН
Жагсагч, тэмцэгчийн дүрээр олон нийтэд танигдсан Х.Бат-Ялалт эдүгээ Монголын хүний төлөө хэмээх намын дарга болсон. Тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мөн мэдэгджээ. Өнгөрсөн онд Х.Бат-Ялалт нэгэн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо ХҮН намын гишүүн Д.Үүрцайхтай зодолдож, шуугиан тарьсан юм. Үүндээ хариуцлага тооцуулж, 48 цаг хоригдоод авсан. Тэгвэл тэрбээр ирэх сонгууль шударга болохгүй хэмээн үзээд “бууж өгч” буй юм байна. Гэхдээ нэрээ дэвшүүлэхгүй ч бусад гуравдагч хүчинтэй нэгдэж ажиллах гэнэ. Тэр өмнө нь сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай ч сонгогдож байгаагүй.
Мөн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд орон нутагт ажиллахдаа намын жагсаалтынхаа эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана хэмээн амласан. Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороог энэ намаас сонгуульд нэр дэвших нь гэх мэдээлэл гарав. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд зөв ойлголт өгч, нөлөөллийн ажил хийдэг, олонд танигдсан бүсгүй. Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүйсийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлсэн нам, эвсэлд санхүүгийн урамшуулал олгох зохицуулалт оруулсан. Түүнчлэн сонгуулийн тойргийг бүсчилж томсгосон учир олонд хэдийн танигдсан хүмүүсийн эрэлд намууд хүссэн, хүсээгүй гараад буй. Эдгээр шалгуурт Б.Болороо тэнцэх учраас дээрх мэдээлэл түгсэн болов уу. Гэхдээ тэрбээр үүнийг эрс үгүйсгэж, сонгуульд нэр дэвшихгүй, аль нэг намын жагсаалтад ч багтахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Эдгээрээс гадна “нүүрсний хулгай”, “ногоон автобусны хэрэг” гэх мэтээр хууль бус явдалд нэр холбогдон шалгуулж, шүүхээс буруутай нь тогтоогдсон улс төрчид энэ удаагийн сонгуулийг өнжинө. Харин сонгуульд нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзсан дээрх хүмүүсийн хувьд тус тусын өөр шалтгаантай аж. Гэхдээ улс төрчдийн амлалт урт насгүй, тэдэнд итгэх хэцүү. Өнөөдөр ярьснаа маргааш нь үгүйсгэхдээ тэд гарамгай. Хэрэв З.Энхболд, Х.Баттулга, Х.Нямбаатар нар сонгуульд нэрээ дэвшүүлж, эсвэл намын жагсаалтад багтаад гараад ирвэл гайхах хэрэггүй байх нь.