Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчдыг саяхан зарласан. Үүний дараахан тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцох үндэсний шигшээ багийн тамирчдын нэрийг тодруулж, гэрээ байгууллаа. Сонгогдсон 27 тамирчнаас долоо нь шигшээ багт анх удаа хөл тавьж буй юм.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Т.Сүхбаатар (Гавьяат дасгалжуулагч), туслах дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр (Гавьяат тамирчин), Ц.Баярсайхан (Гавьяат дасгалжуулагч), С.Мөнхдуулдах нар ажиллахаар болсон. Үндэсний шигшээ багт эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгонжаргал, ОУХММ.Мөнхгэрэл, 53 кг-д Гавьяат тамирчин Б.Болортуяа нар багтав. 57 кг-д ОУХМХ.Болортуяа, Б.Хонгорзул, 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, П.Номин-Эрдэнэ, 76 кг-д Э.Даваанасан, Н.Загардулам нар зодоглох нь.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар Б.Баяраа (Гавьяат дасгалжуулагч), ОУХМБ.Батзориг, Л.Энхбаяр нар томилогджээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМЦ.Цогбадрах нар багтлаа. 74 кг-д О.Сүлдхүү, Б.Батбаяр, 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн, 97 кг-д Г.Ганхуяг, Ө.Батзул, 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл, ОУХМБ.Одгэрэл нар хүч сорих юм.
Түүнчлэн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагынхан үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг тус байгууллагын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа удирдан явуулж, Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр, олон улсын тэмцээнд оролцох тамирчдад тавигдаж буй шаардлага, сэргээшийн цахим хичээл болон 2024 онд хориглосон эмийн жагсаалтын талаар танилцуулжээ.
Ташрамд дуулгахад, хориотой бодисын энэ оны шинэчлэгдсэн жагсаалтад өвчин намдаах “Tramadol” эм болон олны дунд түгээмэл хэрэглэдэг “Laennec” буюу эхсийн тарилга нэмэгджээ. Мөн монголчууд түгээмэл хэрэглэдэг ханиадны “Тайлол хот” эмийн найрлагад хориотой бодис агуулагддаг аж. Тиймээс тамирчдыг дур мэдэн, эсвэл хэн нэгний зөвлөснөөр эм, бэлдмэл хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.