УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Парламент энэ оноос 126 гишүүнтэй болох сургаар маш олон горилогч нэрээ дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсний дунд Монгол Улсын ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын нэр дуулдах болсон. Д.Хүрэлбаатар 2017 оны нэгдүгээр сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга, улсын ерөнхий аудитороор томилогдсон нэгэн. Тухайн үеийн намтарт нь 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 1993-1994 онд Ажлын хувцасны үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласан хэмээн мэдээлж байв. Тэгвэл Төв аймагт байрлалтай, Монгол орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан Ажлын хувцасны үйлдвэрийн дарга байхдаа албан тушаалаа урвуулж, эд хөрөнгө завшиж, үрэгдүүлсэн буюу тухайн үеийн нэршлээр “өмч ашигласан” гэмт хэрэгт холбогдож байжээ. Тус үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч Ц-гийн хамтаар шалгуулсан ч хэрэг нь тэгсхийгээд дарагдаад өнгөрсөн гэдгийг хууль хяналтын байгууллагынхан баталдаг юм.
Д.Хүрэлбаатарын хувьд 2017 оны нэгдүгээр сараас эхлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 21 хүртэл Монгол Улсын ерөнхий аудитор хэмээх өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байгаад түдгэлзэх хүсэлтээ гаргасан байдаг. Түүнийг томилохдоо ч 2003 онд баталж, 2020 он хүртэл хүчин төгөлдөр мөрдсөн Төрийн аудитын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж болно. Тодруулбал, уг хуулийн 13.2.7- д “Монгол Улсын ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх” гэж заасан байдаг. Тэгвэл Д.Хүрэлбаатарын тухайд өөрийн эзэмшлийн аж ахуйн нэгжтэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй байсан.
Өөрөөр хэлбэл, тэрбээр ХАСХОМ-тээ “Цэнстайл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, өмчлөгч гэдгээ тусгасан байдаг. Өөрийн давуу байдлаа ашиглан эл компанидаа ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авсан үйлдлийнхээ улмаас албан тушаалаасаа түдгэлзсэн юм. 2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн 13.10 дахь хэсгийн “Монгол Улсын ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэх заалтыг үндэслэн ийнхүү шийдсэн билээ. Гэвч түдгэлзүүлж шалгасан ч хариуцлага тооцсон нь үгүй. Тиймээс гэмтэй ч “гэмгүй мултардаг” гэж хэлж болохоор байгаа юм.
Түүний хамаарал бүхий “Цэнстайл” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 дугаартай тушаалаар ЖДҮХС-гаас зээл авах аж ахуйн нэгж, иргэдийн дотор багтаж, мөн оны зургаадугаар сарын 11-нд 750 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргүүдийг АТГ-т шалгаж эхлэх үеэр үүсгэн байгуулагч, эзэн нь ажлаасаа чөлөөлөгдчихсөн атал хэрэг нь шийдэгдээгүй бас л замхарсан аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг зээлээ төлөөгүй, муу ангилалд багтсан зээлдэгч “Цэнстайл” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус сангийнхантай очиж уулзан төлбөрөө барагдуулах, эсэх талаар яриа хэлэлцээ хийгээд явсан гэнэ. ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсоноос хойш долоон жилийн дараа л өрөө барагдуулах талаар гэнэт “ухаан орсон”-оос нь түүнийг хэн бэ гэдгийг төвөггүй мэдэж болно. Магадгүй үүсгэн байгуулагч нь сонгуульд нэр дэвшихээр горилох болсонтой холбоотойгоор элдэв өр төлбөр, хэл амнаас зайлсхийх ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй. Угаасаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3.1-т “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”-ыг заасан учраас горилогчид өр төлбөрөө төлөхөөс аргагүй.