УИХ-ын сонгуульд гуравдагч хүчний намууд хэрхэн оролцох тактик түрүүчээсээ тодорч эхлэв. Салхи хагалсан эхний эвсэл нь Монголын ногоон нам (МНН), Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ын “Үндэсний эвсэл” байх нь. Эдгээр намынхан тус тусын их хурлаа өнгөрсөн долоо хоногт хийж, эвсэх тухай шийдвэрээ баталгаажуулжээ. Жижиг намууд эвсэх нь тодорхой, тэгж байж илүү олон санал авах, улмаар хувь тэнцүүлсэн тогтолцоогоор парламентад суудалтай болох магадлал нь өснө. Гэвч зүүний болон барууны үзэл баримтлалтай хоёр нам эвсэхээр шийдвэрлэсэн нь таамгаас нэлээд зөрж буй юм. Мөн “Үндэсний эвсэл”-ийг МАН-аас “хөөгдсөн” УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тэргүүлэхээр болсон нь өвөрмөц нэгдэл үүсгэжээ.
МНН-ын дарга О.Бум-Ялагч 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2012 онд МАХН-ын дарга “Шударга ёс” эвсэлд хамтрах санал тавьсан. Гэтэл барууны үзэлтэй МҮАН-тай тэд эвсэж байлаа. Барууны үзэлтэй намтай бид таарахгүй учир тэднийг эвслээс гаргавал орж болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэтэл өнөөх барууны үзэл баримтлалтай, “таарахгүй” гэж байсан намтайгаа 2024 онд эвсэх гээд сууж байх юм.
МҮАН-ЫНХАН АН-Д ИТГЭЛ АЛДРАВ УУ
Монголын түүхэн төрт ёсны үзэлд суурилж байгуулагдсан, үндэсний үзэлтэй нам хэмээн МҮАН-ынхан өөрсдийгөө тодотгодог. 2006 онд Үндэсний шинэ нам нэрээр анх байгуулагдсан тэд 2011 онд МҮАН болж өөрчлөгдсөн юм. Тус намын анхны дарга М.Энхсайхан, удаах удирдлага Ж.Наранцацралт нар АН-ын гишүүн байлаа. Тиймээс Ардчилсан намаас “тасарч” мэндэлсэн гэхэд болно. Үндэсний, ардчилсан, шударга ёсны үзлийг тунхагладаг тус намынхан 2012 онд МАХН-тай хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулан, Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж эрх барилцсан туршлагатай. Харин 2016 оны сонгуулиар АН-ыг дэмжихээ илэрхийлж, “хөшигний ард” ажилласан юм. Тухайн үед МҮАН-ынханд АН-ын дарга З.Энхболд намд нь нэгдэх санал тавьж байжээ. 2020 оны сонгуульд МҮАН-ынхан БНН, Шударга иргэдийн эвсэл, Үнэн ба зөв намтай хамтарч “Шинэ эвсэл” байгуулан оролцсон байна.
Гэвч амжилт олсонгүй. Ингээд АН-д нэгдэх тухай яриа нь дахин эрчимжсэн аж. Улмаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-нд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл Дээд шүүхэд хандан намаа татан буулгаж, үзэл баримтлал нэгтэй АН-тай нэгдэхээр болсон учир улсын бүртгэлээс хасуулах хүсэлтээ өгч байв. Их хурал нь дүрмийн дагуу хуралдсан, эсэх, ирц бүрэн, шийдвэр хүчинтэй тухай баримт дутуу гэсэн шалтгаанаар Дээд шүүх тэдний хүсэлтийг буцаажээ. Ийнхүү намаа татан буулгахаар тохирсон байсан МҮАН-ынхан огт өөр шийдвэр гаргах нь тэр. АН-д өгсөн тэр “их хайр” нь хааччихав. Яагаад хэдэн жилийн турш ярьж, төлөвлөснөөрөө АН-д нэгдэхийн оронд МНН-тай эвсэл байгуулах шийдэлд хүрсэн бэ.
“АН-ынхныг ухаажиж, төлөвшихийг хүлээвэл сонгууль өнгөрөх нь” гэсэн ерөнхий тайлбарыг МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл өгнө лээ. Тэднийг намаа улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасны дараа АН-ынхан арай гэж нэг дээвэр дороо орж, Л.Гантөмөрийг даргаараа сонгон, Дээд шүүх бүртгэсэн билээ. МҮАН-ынхны энэ “огцом” шийдвэр нь АН-ын шинэ даргатай тохиролцоонд хүрч чадсангүй гэсэн хардлага төрүүлж буй нь нууц биш. АН-д нэгдвэл тойрог болон намын жагсаалтад хэдэн квот олгохоос эхлээд яриа тохироо хийх байсан биз ээ. Итгэл алдрав уу, тохиролцож чадсангүй юу. Юутай ч МНН-тай “Үндэсний эвсэл” байгуулахаар шийдсэн байна. Гэхдээ МНН тэдний Б төлөвлөгөөнд байсан нь мэдээж.
ҮНЭД ХҮРСЭН ГУРАВДУГААР БАЙР
Дээд шүүх 1990 оны тавдугаар сарын 26-нд МНН-ыг бүртгэснээр гурав дахь нам болсон түүхтэй. Чухам энэ тоо тус намыг сонгууль бүрээр, тэр тусмаа холимог тогтолцооны үед үнэд оруулна гэдгийг тэд тухайн үедээ мэдээгүй биз. 2020 оноос бусад сонгуульд МНН өөр намуудтай эвсэж оролцсон юм. 2004 онд Д.Энхбат МНН-аас сонгогдсоноор тус нам анхны бөгөөд сүүлийн удаа парламентад төлөөлөлтэй байж үзсэн.
Байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалахын төлөө ажиллах нь уг намын гол зорилго. МНН-ын дарга О.Бум-Ялагч намынхаа үзэл баримтлалыг “Консерватор, ногоон, зүүний төв үзэл баримтлалтай” хэмээн тодорхойлсон байна. 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “2012 онд МАХН-ын дарга “Шударга ёс” эвсэлд хамтрах санал тавьсан. Гэтэл барууны үзэлтэй МҮАН-тай тэд эвсэж байлаа. Барууны үзэлтэй намтай бид таарахгүй учир тэднийг эвслээс гаргавал орж болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэтэл өнөөх барууны үзэл баримтлалтай, “таарахгүй” гэж байсан намтайгаа 2024 онд эвсэх гээд сууж байх юм. Мөн тэрбээр дээрх ярилцлагадаа МАХН-ын дарга Н.Энхбаяр МНН-ыг 1.2 тэрбум төгрөгөөр “үнэлж”, нам болон нэр дэвшигчдийг нь санхүүжүүлэх санал тавьсан тухай дурдсан байна лээ. Тэгэхээр бусад улс төрийн хүчин, улс төрчийн зүгээс МНН-ыг худалдаж авах оролдлого хийдэг, санал ирүүлдэг гэдгийг баталсан гэсэн үг. Энэ удаа Н.Номтойбаяр хэд хэдэн сонгуульд олон намтай хамтарч оролцон, хаяж, хаягдаж үзсэн хашир эрийг “уяраах”-аар хэмжээний санал хэлсэн бололтой.
Н.НОМТОЙБАЯРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
МНН-ыг энэ эрхэм худалдан авчээ гэсэн мэдээлэл жилийн өмнөөс л дуулдах болсон. Тухайн үедээ О.Бум-Ялагч ч, Н.Номтойбаяр ч үүнийг үгүйсгэж байв. Харин энэ сарын 19-нд цуурхал батлагдах нь тэр. МНН-ын их хурлаас Н.Номтойбаярыг намын даргаар сонгосон тухай зарим хэвлэлд мэдээлж буй. Гэвч зөвхөн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн болсон, МНН-ын даргаар сонгогдоогүй хэмээн эх сурвалж үгүйсгэв. Юутай ч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МНН-д элссэн, МҮАН-тай хамтарсан эвслийг даргалах нь тодорхой болоод байна. МАН-аасаа “виз” авах магадлал муу учраас тэрбээр жагсаалтад гуравдугаарт бичигдэх энэ намыг сонгож, улмаар эвслийг нь удирдана. Уг эвслээр, тодруулбал, МНН-аар дамжуулан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэхээр төлөвлөсөн гэсэн үг.
Тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутаг, нийслэлийн онцгой хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр нэг жилийн хорих ял авсан ч хэдэн сарыг нь биеэр эдлээд суллагдсан билээ. Угаас хөрөнгөтэй айлын хүү түүнд мөнгө тийм сонин биш болов уу. Харин улс төрд орох, эрх мэдэлд хүрэх нь чухал. Хэдийгээр шүүхээс ял авч, эдэлсэн ч түүнийг зарчимтай улс төрч хэмээн үнэлэх хүмүүс байсаар байна. 2020 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх үед нь 31 мянга гаруй хүн дэмжиж, гарын үсгээ зурсан нь үүнийг батлах мэт. Хэлсэн үгийнхээ араас харамсдаггүй, цөс ихтэй гэж болохоор энэ эрхэм МАН-ын хаалгыг хааж, МНН-д элсжээ. Н.Номтойбаярын нэр нөлөөгөөр “Үндэсний эвсэл”-ийнхэн сонгуульд амжилт үзүүлэх магадлал нэмэгдэхийг үгүйсгэхгүй. МНН-ын “гуравдугаар байр” түүнд хэрэгтэй, Н.Номтойбаярын улс төрийн нөлөө, олон нийтэд танигдсан байдал ногоончууд болон МҮАН-ынханд чухал. Өөрөөр хэлбэл, хэн хэндээ харилцан ашигтай эвсэл болж, МАН, АН-ынхны саналыг багагүй хувааж мэдэх юм.
Зүүний үзэлтэй МНН, барууны үзэлтэй МҮАН-ыг МАН-ын гишүүн байхдаа олонд танигдсан улс төрч залуу удирдах сонирхолтой нэгдэл ийнхүү бий болж байна. Эвсэлд өөр нам хамтрахгүй юм билээ. Гэхдээ МАН, АН-аас “гологдсон” горилогчдод нээлттэй байх аж. МҮАН-ын хувьд нам үл харгалзан ажиллаж, шилдэг боловсон хүчнүүдийг дайчлан, хамтарч ажиллах бодлоготой гэнэ. Тиймээс үзэл баримтлалын ялгаа ярихгүй нь. Харин О.Бум-Ялагч баруун, зүүний үзлийн ялгаа гаргаж байснаа “мартчихсан” бололтой. Эрх ашиг хүчтэй ажээ.
Талууд намын жагсаалтад хэнийг хэрхэн бичих, ямар тойргуудад хэдэн хүн сойхоо ч нарийвчлан ярилцаж, тохиролцсон байна. Эвслийг тэргүүлэгч “хамаг бүдүүн дарга” болсон учраас Н.Номтойбаяр жагсаалтын эхэнд бичигдэж таарах болов уу. Харин МНН-ын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нарт гурав, зургаадугаар байр “ногдоно”. Учир нь шинэчилсэн хуулийн дагуу намын жагсаалтад хүйсээр сөөлжих ёстой. Энэ бол хамгийн энгийн таамаглал. Илүү тодорхой мэдээллээ “Үндэсний эвсэл”-ийнхэн Цагаан сарын өмнө олон нийтэд дэлгэх юм байна.