УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор, бүсчилсэн, том тойргоор зохион байгуулах гэж байна. Нийт 126 гишүүний 78-ыг тойргоос, 48 хүнийг нь намын жагсаалтаар сонгоно. Улсын хөгжил, хэтийг харж 3-4 аймгаар бүсчилж, тойрог байгуулах шийдвэр гаргасан хэмээн эрх баригчид тайлбарлаж буй. Улс төрийн бусад хүчин ч бүсчилсэн, том тойргийн давуу талыг үгүйсгэсэнгүй. Улмаар орон нутагт долоон тойргоос 54, нийслэлийн зургаад 24 мандат ногдуулахаар тогтоолын төслийг баталсан. Гэвч эрх баригч нам тойрог, мандатыг өөртөө ашигтайгаар “зурдаг” нь нууц биш. Юуны төлөө үнэмлэхүй олонх билээ, өөрсдөдөө ашигтай хувилбар сонгохгүй бол “монгол маягийн” улс төрийн дүрмээс гажна.
Улс төрийн нам, эвслүүд, бие даагчид сонгуулийн сурталчилгааны 18 хоногт бүсчилсэн том тойргоо тойрч, сонгогчдод үзэл бодол, бодлогоо танилцуулах учиртай. Тиймээс олон нийтэд танигдсан, мөнгөтэй хүмүүст илүү боломж олгох нөхцөл бүрдүүлээд буй юм. Парламент дахь улс төрийн намуудын тоог нэмж, нийгмийн төлөөллийг хангах нь холимог тогтолцооны зорилго. Гэтэл үүнд нь бүсчилсэн, том тойрог нийцэх үү. Жижиг намуудад энэ тогтолцоо хэрхэн нөлөөлөх бол.
ШАХАА ЮУ, ШАЛГАРАЛ УУ
Сонгуулийн тухай хуульд ч, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолд ч жижиг намуудыг “шахсан” заалт цөөнгүй бий аж. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2.1-т “Тойрогт ногдох нийт мандатын 50 хувь буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн” намд хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу суудал хуваарилахаар тусгасан. Мөн нэг нам дангаар сонгуульд оролцсон бол нийт сонгогчийн дөрөв, хоёроос дээш нам эвссэн нөхцөлд тав, гурваас дээш бол долоогоос дээш хувийн санал авсан байх босго тогтоож баталсан байна.
Улс төрийн аливаа нам сонгуулиар 39 хүн нэр дэвшүүлчих хэмжээний боловсон хүчний нөөцтэй байх нь зүй. Сонгуульд АН, МАН-аас бусад гуравдагч хүчний намууд дангаараа оролцох нь ховор, голдуу эвсэл байгуулахыг илүүд үздэг. 3-4 нам нэгдэхэд яаж ийгээд 39 хүн “олдож” л таарна. Тиймээс үүнд жижиг намууд нэг их эмзэглэхгүй байгаа бололтой. Харин бүсчилсэн, том тойргийн тухайд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Энэ бол жижиг намуудыг шахсан хувилбар. Тэгш гараанаас өрсөлдөх санхүүгийн боломж бүх намд байхгүй. Бид намын жагсаалтад л илүү горьдлого тавьж байгаа” гэв.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Эрх баригчид өөрсдийн давуу тал, бүтэцдээ нийцүүлж тойрог “зурах” нь зөв жишиг биш. Хэдийгээр томсгосон тойрог гуравдагч хүчний намуудад халтай ч ирээдүйгээ харвал энэ тогтолцоо улс орны эрх ашигт хэрэгтэй. Тиймээс намын биш, улсын эрх ашгийг илүүд үзнэ” гэсэн юм. Дээрх систем нь бүсчилсэн хөгжлийг дэмжиж, бодлого сонгох, тойрог “усалдаг” буруу зарчмыг халж, хэтдээ намуудын төлөвшилд тустай хэмээн МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл үзэж байна. Гэвч намын сүлжээ ажиллах, хүн ам олонтой аймгийн төлөөлөл сонгогдох магадлалыг нэмэгдүүлж, санал өгөх явцад будилаан үүсэх, шинэ, танигдаагүй, мөнгөгүй хүмүүст боломж бага гэдгийг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Тэгэхээр Сонгуулийн хуульд тусгасан дээрх “хаалт”-ууд нь нэг талаар жижиг намуудыг шахаж, боломжийг нь бууруулж буй мэт боловч нөгөө талдаа хэн саадыг давсан нь шалгарч үлдэх сорилт болж мэдэх юм.
ХУУЛИА Л ДАГАНА
Хууль, тогтоолыг нь нэгэнт баталчихлаа. Гуравдагч хүчнийхэн хэчнээн эсэргүүцээд ч одоо нэмэргүй. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж буй хуульдаа нийцүүлэн бодлого, стратегиа тодорхойлох ёстой болж байна. Сонгуулийн жил эхэлсэн ч ихэнх нам дангаар, эсвэл эвсэж оролцох, эсэхээ хараахан шийдээгүй, “ярилцсаар” л байгаа аж. Гэхдээ Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэдийн оролцооны нэгдэл зэрэг нам дангаар оролцох чиглэлтэй байна. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намынхан энэ тухай урьдчилсан шийдвэрээ гаргажээ. Өнгөрсөн даваа гарагт болсон хурлаараа тэд 12 тойрогт 52 хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэнэ. Нэрээ дэвшүүлэх боломж, хүсэлтээ илэрхийлсэн гишүүдийнх нь 62 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Мөн намын жагсаалтыг гишүүдийнхээ оролцооноос хамаарч эрэмбэлэх бодлогын шийдвэр гаргаснаа дарга нь танилцуулсан байна лээ.
Тэгвэл ИЗНН-ынхан олон түмний нам байх бодлого баримталж, эх орноо хөгжүүлэх, өөрчлөх сэтгэлтэй, ёс зүйтэй иргэдэд үүд хаалгаа нээхээр шийдвэрлэжээ. Иргэд хүсвэл тус намаас сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломжтой юм байна. Энэ мэтээр намууд ялгарах бодлого, стратегиа боловсруулж, түрүүчээсээ зарлаж буй. Мөн зарим намын зүгээс сонгуулийн сурталчилгааны үеэр МҮОНТ-ээс аль болох олон удаа шууд мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байгаа аж. Ингэснээр нам, эвслүүд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж бүрдэнэ. Иргэд ч илүү мэдээлэлтэй байж, сонголтоо зөв хийж чадна гэж үзжээ.
2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл оролцсон. Энэ удаа Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас хэд нь оролцох, хэд нь хоорондоо эвсэх нь ирэх дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд тодорхой болно. Учир нь тэд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай хүсэлтээ СЕХ-нд илгээх учиртай. Тэр болтол намуудад “бясалгах” хугацаа байна.
ОЛНЫ ТАНИЛЫН ЭРЭЛД
3-4 аймаг нэг тойрог болох үед аль олон хүн амтай газрын “угшилт”-тай хүнд нь сонгогдох магадлал нэмэгдэх юм. Тухайлбал, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдоос бүрдэх сонгуулийн хоёрдугаар тойргоор жишээ авъя. Завхан, Увс, Ховд аймаг тус бүр 82 мянгаас дээш хүн амтай. Тиймээс тэнд Говь-Алтай аймгаа “баздаг” улс төрч очоод сонгогдох магадлал бага. Учир нь тус аймаг 54 мянга гаруй хүн амтай аж. Нам, эвслүүд томсгосон тойрогт нэр дэвшүүлэхдээ энэ мэт тооцоо бодох хэрэгтэй болно гэсэн үг. Мөн олонд танигдсан хүнийг иргэд сонгох магадлал нэмэгдэх учир ийм хүмүүсийн эрэлд ч гарч буй болов уу. Өмнөх сонгуулиудаар нийт сонгогчийн гурваас дээш хувийн санал авсан намуудыг зарим улс төрч “онилсон” сураг ч бий. Тухайн намд олонд танигдсан дүр төрх хэрэгтэй бол өнөөх улс төрчид уг намын сонгогчдоос авах санал хэрэгтэй.
Мөн зөвхөн улс төрийн гэлтгүй урлаг соёл, спортын салбарт танигдсан хүмүүсээс энэ удаагийн сонгуульд цөөнгүй нэр дэвших болов уу. “Чаддаг чаддагаа хийх ёстой, инженерүүдийг парламентад түлхүү сонго” гэдэг ч тойргийн хуваарилалт нь жижиг намууд, эвслүүдийг ийм сонголт руу “түлхэж” буй юм. Тэгэхээр ирэх парламентад олонд танигдсан тамирчид, урлагийнхнаас ороод ирвэл гайхах хэрэггүй болох нь.
Холимог тогтолцоог хослуулан хэрэглэж байж парламентад суудалтай болох, эсэхээ намууд шийднэ. Зөвхөн намын жагсаалтад найдаад тойргийг “хаях” боломжгүй. Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтууд ч тэдэнд ийм “боломж” олгохгүй. Зөв бодлого дэвшүүлж, зөв хүмүүсээ нэр дэвшүүлж чадвал жижиг намуудад ч боломж бий. Бүсчилсэн тойргийн сургаар сэтгэл зүйгээр түрүүлж “ялагдаад” яах вэ дээ. Байгаа бүх боломжоо ашиглаад зүтгээд л үз.