Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх ба сэтгүүл зүй” уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ, Хэвлэлийн хүрээлэн, ТВ9 телевизээс өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комиссоос дэмжиж оролцсон аж. Оролцогчид хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо, тэдний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцов. Тодруулбал, “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба сэтгүүл зүйн практик”, “Хүний эрх ба сэтгүүл зүйн зарчим”, “Цахим орчин дахь иргэдийн дуу хоолой ба мэргэжлийн сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцсэн юм. НҮБын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра сэтгүүлчид өөрсдөө манлайлаад ийм хэлэлцүүлэг зохион байгуулсныг сайшаав. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сэтгүүл зүй дарга нарын амнаас гарах үгийг бусдад дамжуулах ажил биш.
Харин эсрэгээрээ иргэд юу хүсэж байгааг сэтгүүлчид төр, засагт уламжлах ёстой. Үндсэн хуулиа мэддэггүй мөртлөө УИХд суучихсан улс төрчид бий. Тэднийг Үндсэн хуулийн хичээлд хамт суулгаж, дараа нь хүний эрхийг хүн дэтгэх шаардлага тавьж, шахалт үзүүлдэг болох нь зөв. Олон нийтийн мэдэх, сурч боловсрох, амьд явах эрхийг хангахгүй, бодлого шийдвэрээ зөв гаргадаггүй улс төрчдөдөө шахалт үзүүлдэг болох ёстой. Өнөөдрийн байдлыг харахад сэтгүүлчид зөвхөн Төрийн ордноос л мэдээлэл хайж байна. Энэ тохиолдолд хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд сэтгүүл зүйн үүргийг ярих боломжгүй юм” гэв. Уг хэлэлцүүлэгт оролцсон ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хулан “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бидний үеийн хэнд зориулсан мэдээлэл бараг авч чаддаггүй. Ихэнх тохиолдолд мэдээллээ албан ёсны мэдээллийн цөөн сайт, хэвлэл болон аав, ээж, найз нөхдөөсөө авдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн, иргэдийн бухимдал, хэрүүл зэргээс илүүтэй бидний хүмүүжил, ёс суртахуунд хэрэгтэй мэдээллийг түлхүү өгөөсэй гэж хүсдэг” хэмээн ярилаа .