Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, Орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, суут эрдэмтэн, нэрт орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" богино өгүүллэгийн наадам арванхоёрдугаар сарын 10-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно.
Тус наадмын хоёрдугаар шатанд 11 оролцогчийн өгүүллэг шалгарч, ийнхүү шилдэгийн төлөө өрсөлдөх юм. Анхан шатнаас шалгарсан өгүүллэгүүдийн зохиолчид:
- Бидэрийн Баярсайхан
- Түмэнбаярын Бум-эрдэнэ
- Эрхэмбаярын Бүрэнтөгс (БНХАУ- ӨМӨЗО)
- Бямбажавын Ганбаатар
- Цэвэгжавын Ганболд
- Дугарсүрэнгийн Гүн-үйлс
- Балжирын Догмид
- Дамдины Жамьян
- Долгорын Цэнджав
- Мулцангийн Уянсүх
- Магваны Эрдэнэбат
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Утгын чимэг” нэртэй болжээ. Сонирхуулахад, Ардын уран зохиолч Л.Түдэв 1990 оны наадмыг “Эрхий дарам зай” бүтээлээрээ тэргүүлж байсан бол 2022 оны шилдгээр С.Баттулгын "Тэнгэр үр" өгүүллэг шалгарч байжээ.