УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогтод халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн билээ. Чухам юунаас үүдэлтэйгээр ийм асуудал үүссэн нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Бидний авсан мэдээллээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст сайд С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн холбогдох заалтын дагуу хэрэг нээн шалгаж эхлээд байгаа аж. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахыг хүссэн ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Тиймээс бид УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогттой нэлээд хөөцөлдсөний эцэст эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу. Би “Өнөөдөр” сонины сурвалжлагч байна. Тантай уулзах гэж нэлээд хөөцөлдөж арай хийж байгаа газрыг чинь олж ирлээ.
-Яаж намайг олов оо?
-“Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албанд сурвалжлагчаар 20 жил ажиллаж байгаа болохоор яаж ийж байгаад л эх сурвалжуудаараа дамжуулж явсаар л оллоо. Миний тантай уулзах гэсэн гол зорилго бол төрийн сайд хүн танд халдсан явдлыг тодруулах юм. Чухам юу болсон бэ гэдгийг уншигчдад хүргэх зорилгоор л ирлээ.
-За ойлголоо. Над руу 10-аад сайт, гурван телевиз, 2-3 сониноос хандсан. Би эмнэлэгт эмчлүүлж яваад 20-иод хонож байна. Энэ хооронд аль ч хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар ярилцлага өгөөгүй байсан юм. Өнөөдөр өөрт чинь л анх удаа яриа, тайлбар өгөхөөр болчихлоо доо. Юу асуух гэсэн юм бол доо?
-Зарим мэдээллийн хэрэгслээр таны биед УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт халдсан тухай мэдээлэл гарах болсон. Энэ хэр үнэний ортой вэ. Яагаад заавал танд халдах болсон юм бол гэдгийг л тодруулах гэсэн юм.
-Би ч энэ талаар ер нь ярих хүсэлгүй л байна даа. Гэхдээ та зориод хүрээд ирсэн учраас товчхон мэдээлэл өгье. Үйл явдал өнгөрсөн сарын 9-ний үдэш болсон юм. Тухайн өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 6-9-нд “Тransport Mongolia” нэртэй олон улсын форум болсныг хэвлэл мэдээллийн байгууллагын та бүхэн сурвалжилж олон нийтэд хүргэж бай сан шүү дээ. Энэ арга хэмжээг ЗТХЯ зохион байгуулсан. Гадаад, дотоодын өндөр түвшний зочид төлөөлөгчид оролцсон тул ЗТХ-ийн сайд форумын дараа арваннэгдүгээр сарын 9-ний үдэш хүлээн авалтад урьсан юм. “АСЕМ вилла”-гийн дэргэд монгол гэрийн хэлбэртэй “Хүн” театр гэж байдаг. Тэнд эл хүлээн авалт болж сайд оройн зоог барьсан. Гадаадын маш олон байгууллагын удирдах албан тушаалтан энэ хүлээн авалтад ирсэн байсан. УБТЗ-аас “Тransport Mongolia”- гийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцсон л доо. Хүлээн авалтад манай УБТЗ-аас дөрвөн хүний нэрийг зааж урьсан юм. Замын даргын орлогч Д.Амарбаясгалан, Ш.Нямсүрэн болон миний бие, албаны дарга Мөнх-Алдар гэсэн хүмүүс очсон. Протоколын дагуу сайдыг угтах, үдэхэд бид бүгд байсан.
-С.Бямбацогт сайд болон та бүхэн тухайн үед согтуу байсан юм уу?
-Хүлээн авалтад хүрч ирэхдээ эрүүл байсан. Арга хэмжээ хоёр цаг гаруй үргэлжилсэн. Бид дусал ч архи амсаагүй. Сайд ширээнүүдээр тойроод гадаадын зочдын хамт ирж хундага тулгаж эхэлсэн. Тэр үед сайд халамцуу байсан. Бидний суусан ширээнд ирээд гадаадын зочдодоо хандан “Энд “Улаанбаатар төмөр зам” гээд Монголын хамгийн том байгууллагын удирдлагууд зогсож байна. Энэ байгууллага Монголын хамгийн том, 16 000 хүнтэй байгууллага боловч туйлын хоцрогдсон, Оростой хамтарсан 50:50 хувийн хөрөнгө оруулалттай тул хөгжихгүй байгууллага” хэмээн манай нийгэмлэгийг доромжилсон. Бид мэл гайхаад зогсож байтал бид дөрөв рүү заагаад “Энэ хүмүүс Оросын нөлөөнийхөн” гэдэг юм байна. Гадаад, дотоодгүй бүгд “шок”-нд орсон. Тэгтэл орчуулж байсан залуу байдал эвгүйтлээ гэж ойлгосон бололтой сайдыг дагуулаад өөр тийш явсан. Төд удалгүй сайд явахаар болж бид хэчнээн доромжлуулсан ч гэлээ сайдаа хүндлэн үдэж өгөхөөр өлгүүрийн тийш очсон. Сайд хүмүүстэй ээлжилж гар барьж байгаад миний дэргэд ирээд гэнэт зүүн чамархай руу маш хүчтэй цохиод авсан. Төрийн сайд гадаадын зочид төлөөлөгчдийн дэргэд хүн цохино чинээ хэн бодох билээ. Энэ үйл явдлыг маш олон хүн харсан. Би тэрүүхэн үедээ ухаан балартсан. Дотор харанхуйлаад л явчихсан. Удалгүй сайд явчихсан байсан л даа. Тэндээсээ бид тарцгаасан. Үүрээр сэрэхэд толгой янгинаад, нүд бүрэлзээд, чих хангинаад болдоггүй. Гэсэн хэдий ч олон ажил төлөвлөсөн байсан учраас өглөө ажилдаа ирсэн.
-Тухай үедээ цагдаа, эмнэлэгт хандаагүй юм уу?
-Арваннэгдүгээр сарын 10-ны баасан гарагт Төмөр замын дээд сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээтэй байсан учраас ажлын чиг үүргийн хувьд ч энэ сургуулиа хариуцдаг болохоор арга буюу ирсэн. Гэвч тэнд сууж ч чадахгүй байсан тул удалгүй буцаад гарсан. Бариачид толгойгоо бариулаад сайжрахгүй болохоор нь нэгдүгээр орлогч даргаасаа чөлөө аваад гэртээ харьсан юм. Гэтэл улам л хүндрээд болохгүй байсан учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр шийдээд УГТЭ-ийн ойролцоо байдаг хувийн эмнэлгүүдэд хандсан. Эмч тархи хөдөлсөн гэсэн онош тавиад эмүүд бичиж өгч, даваа гараг хүртэл харахыг зөвлөсөн. Даваа гарагт нь ажилдаа хагас өдөр очоод үдээс хойш нь бас л чөлөө авч эмнэлгээр явлаа. Мягмар гарагт Монгол бахархлын өдөр тохиож, бүх нийтээрээ амарсан учраас лхагва гарагт дахиад нарийн мэргэжлийн эмч нарт хандсан даа. Нүд бүрэлзэж, чих шуугиад байсан болохоор мэргэшсэн эмчид үзүүлсэн юм. Миний хандсан эмч нар “Таныг хэвтүүлж эмчлэх үед та унтаж байхдаа цус харвах эрсдэлтэй тул бид хариуцахгүй” гэлээ. Иймд заавал шүүх эмнэлэгт бүртгүүл гэсэн. Тэнд хандтал “цагдаад мэдэгдэж, шинжээч томилуулж байж шүүх эмнэлгийн дүгнэлт гардаг хуультай” гэв.
-Тэгээд?
-Би насны хувьд 50 гарчихсан, гурван хүүхдийн аав, тодорхой түвшний удирдах албан тушаал хашиж байгаа эр хүн чинь түмний нүдэн дээр толгой руугаа тэгээд л цохиулаад л явж байх уу. Эсвэл төрийн сайд болон УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон гэхээрээ өөрийгөө дархан эрхтэй гэж боддог юм болов уу. Арай л дэндүү дээрэлхүү байгаа биз дээ. Харин ч би эр хүний жудаг гаргаж уучлалт гуйх бол уу гэж долоо хоног хүлээлээ, таг үү. Ядахдаа мессеж бичиж болно биз дээ. Тэгээд л аргагүйн эрхэд цагдаагийн байгууллагад хандсан. Тэндээс шинжээч томилох тогтоол баталж, шүүх эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн.
-Ер нь яагаад таныг цохисон юм бэ?
-Ямар учраас цохисныг мэдэхгүй. Бид сайдтай юу ч яриагүй, юу ч хэлээгүй, манай ширээнд ирээд биднийг доромжлоход нь ганц ч үг дуугараагүй юм шүү дээ. Цохиулсны дараа ч бид дөрвийн хэн нь ч ямар нэг зүйл яриагүй. Учрыг нь олоогүй байсан болоод ч тэр үү, цагдаад хандалгүй жаахан хүлээзнэсэн. Бас сайдыг уучлалт гуйдаггүй юм гэхэд, мессеж бичиж, уулзъя гэж хэлж магадгүй гэж харсан л даа. Өөрөөр хэлбэл, хүн чанар зулгаагаад, сайдыгаа элдэв хэл аманд оруулаад яах вэ гэж бодоод долоо хоног хараад эцэстээ бие өвдөөд байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан.
-Сайд С.Бямбацогт УБТЗ-ын төлөөлөгчдийг элдвээр хэлэн доромжилж, “Оросын тагнуул” хэмээн цоллон дуудаж, Оросыг үзэн ядан хашхирч, орилж чичилсэн гэж цахим хуудаснуудад мэдээлсэн байсан. Юу гэж хэлсэн юм бэ?
-Тиймэрхүү утгатай зүйл хэлэхийн хувьд хэлсэн. Монгол Улсын төрийн сайд албан ёсны арга хэмжээний үеэр итгэмээргүй хариуцлагагүй явдал гаргасан нь харамсалтай боловч үнэн.
-Оросууд “крантаа хааж”, шатахуун хязгаарласан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эл болчимгүй үйлдэлтэй холбоотой байж болох уу?
-Хэлж мэдэхгүй юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн сайд хүн өөрийнхөө хийж буй ямарваа нэг үйлдэл, үгэндээ анхааралтай хандах нь зөв болов уу л гэж боддог.
-Таны биеийн байдал одоо ямар байна вэ?
-Би бараг гурван долоон хоног эмчлүүлж байна. Бүтэн долоо хоног хүлээж байгаад аргагүйн эрхэд, эмчлүүлэх шаардлага үүссэн учраас цагдаад хандсан гэж түрүүн хэллээ. Энэ хугацаанд сайд нэг ч удаа холбогдсонгүй. Ядахдаа нэг мессеж бичсэн бол өөр байх байсан болов уу. Сайдыг их ажилтайг мэдэж байна л даа. Гэхдээ утсаар ярьж, мессеж бичиж болно доо. Эхлээд би хувийн эмнэлгээр эмчлүүлж эхлэхэд эмч нар нь “Битүү цохилт байж магадгүй, судаснууд нь дарагдсан байж болзошгүй. УГТЭ-т эмчлүүл гэсний дагуу хэвтсэн. Та өөрөө харж байгаа биз дээ. Баахан дусал, эм, тарианы сацуу бариа засал ч хийлгэж байна. Эмч нарын зөвлөгөөнөөр “Монголдоо эмчилгээ хийлгээд илаарьшихгүй байвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн. Удаан нэг байрлалтай хэвтвэл зүүн талаар лугшиж өвдсөөр л байгаа. Туршлагатай эмч, бариач нарын хэлж буйгаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн, хүндэвтэр гэж гардаг ч насан туршдаа урхаг үлддэг. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид хандаж, сайн эмчлүүлэх шаардлагатай гээд байгаа.
-Сайдад хэрэг нээн шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл би авсан л даа. Мэдээж хохирогч хүний хувьд шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны талаар танилцуулсан байлгүй.
-Шинжээчийн дүгнэлтээр тодорхой хэмжээний гэмтэл учирсан гэж гарсан байна лээ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны талаар би энд яримааргүй байна. Хууль хяналтын байгууллага нь асуудлыг шийдэх байх.
-Та хоёрын дунд өмнө нь ямар нэгэн маргаан үүссэн байсан юм уу?
-Тийм зүйл огт байхгүй. Би сайдтай цөөхөн л тааралддаг. Ажлаа ЗТХЯ-ны хариуцсан албан тушаалтан, дарга нарт танилцуулаад явдаг учраас сайдтай ганц нэг хурал, арга хэмжээний үед л таарч байсан. Биечилж, жич уулзсан тохиолдол байхгүй. Тиймээс түүнтэй муудалцах шалтгаангүй л гэж бодож байна. Манай төмөр зам бол хагас цэрэгжсэн байгууллага. Дээд шатныхаа дарга нарын тушаал шийдвэрийг ягштал биелүүлдэг, тэр тусмаа салбарын сайдынхаа үгийг нэгбүрчлэн дагадаг юм шүү дээ.
Сайдынхаа ингэж авирласныг гайхаад л байгаа. Тэнд байсан хүмүүсийн хэлснээр сайд гараа зангидаж, далайж байгаад маш хүчтэй намайг цохисон гэсэн. Би тэр үед хэсэг зуур ухаан балартсан учраас бүрэн санахгүй байгаа юм. Би сайдынхаа нэр хүндийг бодоод өнөөг хүртэл 20 гаруй хоног чимээгүй явтал та олж ирээд элдэв зүйл асууж байна л даа. Эрүүл мэндээрээ хохироод ажлаа хийж чадахгүй бол би л хохирч үлдэнэ шүү дээ. Эмчлүүлэхгүй удаан явбал тархиндаа нөлөөлдөг гэсэн. Тиймээс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон.
Эцэст нь хэлэхэд, одоо гурван долоо хонож байхад огт холбогдоогүй. Ер нь ийм танхай, дураараа хүн юм бол уу гэж гайхаж сууна. Ингэж явж байгаад хүний аминд хүрвэл яана. Чамархай руу цохих нь үхлийн цохилтын цэгүүдийн нэг гэж сонссон. Монгол төрийн сайд аль ч талаараа ийм байж болохгүй гэж бодож байна.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын ажлын албаны холбогдох хүнд хандахад ямар нэгэн хариу өгөөгүй юм.