Дасгалжуулагч, спортын мастер Б.Гантогтох Спортын төв сургуулиас төрсөн шилдгүүдийн нэг. Түүнтэй уулзахаар Спортын төв ордонд очиход тэрбээр шавь нараа бэлтгэл хийлгээд завгүйхэн угтлаа. Дэвжээнд барилдаж буй хүүхэд бүрд нэг бүрчлэн зөвлөхийг нь хараад их спортод шилдэг тамирчид бэлтгэн, олимп, дэлхийн медальтан төрүүлэхээр зорьж байгаа хичээл зүтгэлээр нь бахархсан юм. Монголын жүдо академид зургаа дахь жилдээ багшаар ажиллаж буй түүний удирдлагад тус академийнхан Японд хамтарсан бэлтгэл нэг бус удаа хийж, дотоод, гадаадын томоохон тэмцээнд хүч сорихдоо багаараа эхний гурван байрт шалгарч, аваргын цом гардсан удаатай. Тамирчдынхаа уяа сойлгыг тааруулан барилдааных нь техникийн суурийг зөв тавьж, тактик, ур чадвар, ёс зүй, хүндлэлээс заан, амжилт гаргах замналд хөтөлж байгаа түүнтэй ярилцлаа.
-Ирэх жилийн нэгдүгээр сард шил дарсан олон тэмцээнтэй. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д түрүүлсэн тамирчид хилийн дээс алхах эрх гарддаг. Та ч гэсэн шавь нараа амжилттай оролцуулах биз?
-Тэгэлгүй яах вэ. Манай академийнхан багаараа жил бүрийн УАШТ-д эхний гурван байрт шалгардаг. Орон нутагт жүдо бөх эрчимтэй хөгжиж байгаа тул тамирчид нь хотынхонтой эн тэнцүү өрсөлдөнө. Сүүлийн үед бага, дунд, ахлах насныхны ангилалд 1000 гаруй тамирчин оролцож, гурван өдрийн турш барилддаг болсон шүү дээ. Орхоны “Хангарьд”, Төв аймгийн “Чандмань оргил”, Сэлэнгийн “Шинэ бадрах”, Дорнодын “Ялалт” дэвжээний бөхчүүд гал гарсан барилдаан өрнүүлж, тэмцээний уур амьсгалыг улам сонирхолтой болгодог. Монголын жүдо академи Улаанбаатарт дөрвөн салбартай. Японы жүдогийн сургуулиудын адил сургалтын шаталсан системтэй тул бусад клубээс олон зүйлээр ялгардаг юм. Хүмүүжил, төлөвшлөөс гадна багшаа хүндлэх, нөхөдтэйгөө найрсаг харилцах, биеэ авч явах байдлаас тэр бүхэн нь анзаарагдана. Шавь нар минь тэмцээний дараа үзэгчдийн зааланд хаясан хогийг цэвэрлээд явдаг. Ингэх нь тэдэнд зөв үйлдлээсээ урам авч, хүний хөдөлмөрийг багаасаа хүндэлж сурахад нөлөөлдөг. Хүүхэд шилдэг тамирчин болохоос илүү зөв хүн байх нь чухал.
-Таныг Монголын жүдо академид олон жил ажилласан дасгалжуулагчдын нэг гэх юм билээ. Ажилдаа дуртай байхад нөлөөлдөг зүйл олон бий л байх.
-Тус академид 2018 оноос өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байна. Намайг анх ирэхэд хичээллэж байсан охид, хөвгүүд хэдийн том болжээ. Шавь нараа нүдэн дээр минь өсөж, ур чадвараа ахиулсаар байгааг харах сайхан байдаг. Тэдний зарим нь өсвөр үе, залуучуудын ДАШТ, “Их дуулга”-д өрсөлддөг боллоо. Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд О.Хүслэн “Улаанбаатар-2022 “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Би тамирчидтайгаа өнгөрсөн сард Японы Фүкүока хотыг зорьж, Токай их сургуулийн жүдогийн тамирчидтай 14 хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Япон хүүхдүүд сахилга баттай. Хожсон ч, хожигдсон ч дэвжээнээс буугаад багшийнхаа өмнө ёслоод зөвлөгөөг нь сонсдог. Тэмцээний үед биеэ авч яваа соёл, хандлага, тууштай байдал, ямар ч хүнийг хүндэлж сурсан нь бахархал төрүүлсэн шүү. Хэдий ёс заншил, соёл өөр ч гэлээ тамирчид нь монгол хүүхдүүдтэй дотносож, найз нөхөд болохыг хичээж буй нь бэлтгэлийн үеэр анзаарагдсан. Тэнд бидэнд сурах зүйл их байлаа.
-Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатартай та хүүхэд байхаасаа нэг жинд барилдсан. Миний хувьд та арай л эрт зодог тайлж, дасгалжуулагч болсон санагддаг. Цаашид барилдсан бол амжилтынхаа түүхийг үргэлжлүүлэх ч байсан юм бил үү?
-Би ҮБТДС-ийг жүдо бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тамирчин байх он жилүүдэд өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан гэж боддог. Жүдогоор 2010 онд хичээллэж, 42 кг-д хүч сорихдоо Ц.Цогтбаатартай дэвжээнд цөөнгүй таарч, өгөө, аваатай л урагшилсан. Барьц, мэх ойролцоо болохоор жүдогийн бөхчүүд самбогоор барилддаг. Миний хувьд самбо, жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д нэг бус удаа түрүүлж, аваргаар шалгарч байлаа. Залуучуудын ангилалд тууштай хичээллэсэн тамирчин амжилт сайн гаргадаг. Би тэр үед амьдралд хөл тавьж, дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн юм. Нэг жинд зодоглодог байсан найзыгаа “Их дуулга”, ДАШТ, Токиогийн олимпоос медаль хүртэхэд нь их баярласан. Олимпын тэмцээнтэй өдрүүдэд түүнийг медаль хүртээсэй гээд догдлон, залбирч суусан минь сэтгэлд тод үлджээ.
-Спортынхоо гарааг чөлөөт бөхөөр эхлүүлчихээд жүдо руу яагаад урвачихсан юм бэ?
-Өөрийнхөө сонирхлоор чөлөөт бөхтэй нөхөрлөсөн. Нэг өдөр Спортын төв сургуулийн чөлөөт бөхийн ангид орохоор иртэл жүдо бөхийн дасгалжуулагч садан төрлийн ах таарч, жүдогийн ангид хүчээр шахуу оруулчихлаа. Бэлтгэл хийсэн эхний өдөр эрэгтэй, эмэгтэй жүдочид намайг савж унагаагаад ёстой хашраасан. Дэвжээнд хэдэн сар бэлтгэл хийхдээ шантарч, чөлөөт бөх рүү буцаад ормоор санагддаг байж билээ. Жүдогийн тэмцээнд анх оролцохдоо өрсөлдөгчдөө ёслоод гар барьтал, ганцхан татаж, хавсраад унагачихав. Босож ирээд барилдах гэтэл нөгөө талд ялалт өгч харагдлаа. Тэр өдрөөс жүдогийн барилдааны дүрэм, мэх, онцлогийг судалж эхэлсэн. Би Спортын төв сургуулийн гурав дахь төгсөгч. Үеийнхээ тамирчдыг ялж, ах нартайгаа барилдан ур чадвараа богино хугацаанд ахиулсан тэр үеэс жүдод сэтгэл татагдах болсон доо.
-Та ээжийнхээ талаас бөхийн удамтай байхаа. Тийм атал яагаад үндэсний бөхөөр барилдахыг хүсээгүй юм бол гэх бодол төрлөө.
-Их спортоор хичээллэсэн тамирчид хөрвөх чадвартай. Чөлөөт бөхийнхөн үндэсний бөхөөр барилддаг. Миний хувьд нуруу намхан, жин бага тул үндэсний бөхөөр хичээллэхийг нэг их сонирхоогүй л дээ. Нагац ах маань аймгийн заан цолтой. Манайхан намайг багаас минь барилдуулах сонирхолтой байлаа. Би “Тэмүүжин” спорт сургалтын төвд Лу.Энхбаяр дасгалжуулагчийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Тухайн үед хамт хичээллэсэн үеийн нөхдөөс З.Занабазар амжилт гаргаж, 57 кг-ын жинд ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Жүдогоор хичээллэдэг байхад аав, ээж тэмцээн үзэж амждаггүй ч сэтгэлээрээ дэмжиж, тусалдаг байв. Багадаа бүрэг, ичимхий, гэрийнхэнтэйгээ дотно ярилцдаггүй байсан би жүдогоор хичээллэснээс хойш найз, нөхдийн хүрээ тэлж, нээлттэй болсон. Амжилт гаргаж эхлэх үеэс гэрийнхэн “Чи зорьсон зүйлдээ үнэнч, тууштай байгаарай” гэж захисан даа. Чөлөөт бөхөөр барилддаг байхдаа жүдогийн тамирчдын хөлсөө гартал бэлтгэл хийхийг хараад хувцсандаа түүртэж, ядардаг байхдаа гэж боддог байж билээ. Гэтэл одоо өөрөө жүдоги (жүдогийн өмсгөл) өмсөөд тамирчдыг дасгалжуулаад зогсож байна.
-Дасгалжуулагч болоод багшийнхаа ажлын хэцүү ойлгов уу?
-Тэгсэн шүү. Бидний амжилтын төлөө амрах завгүй ажиллаж ирсэн багшийнхаа ажлын хэцүүг ойлгосон. Би багшаасаа сурсан зүйлээ шавь нартаа заадаг. Тэднээс минь олимп, дэлхийн медальтан төрчихөөсэй гэж хүсдэг юм. Намайг дасгалжуулагчаар ажилласнаас хойш ах, дүүс, найз нөхөд хүүхдүүдээ гэртэйгээ ойр салбарт жүдогоор хичээллүүлэх болсон. Манай академи хүүхдүүдийг зургаан наснаас нь жүдогоор хичээллүүлдэг. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ “Тэр медаль авч байхад чи яагаад чаддаггүй юм. Насаар чацуу биз дээ” гэж бусадтай нь харьцуулдаг болжээ. 12 настайгаасаа бэлтгэл хийсэн хүүхэд зургаан жил хичээллэсэн үеийнхээ тамирчинтай барилдахад ялгаа харагдана шүү дээ. Бэлтгэлийн үед бие халаалт сайн хийхгүй, зөв унаж сурахгүй бол бэртэх эрсдэлтэй. Өөрөө амжилт гаргах гэж амаргүй зам туулсан болохоор шавь нартаа дасгал, сургуулилалтыг анхнаас нь зөв заадаг.
-Та Спортын төв сургуулийн дасгалжуулагч Г.Эрдэнэбат багшийн шавь байх аа?
-Тийм ээ. Манай академийн тамирчид багшийн минь шавь нартай жүдогийн олон тэмцээнд өрсөлдөгч болсон. Тэмцээний үед багшийнхаа өөдөөс харж суугаад тамирчдадаа зөвлөнө шүү дээ. Медалийн төлөөх барилдаанд хэн хэн нь шавь нараа амжилт гаргуулах гээд хашхирна. Заримдаа ингэж өрсөлдөх сонирхолтой санагддаг юм. Тэмцээний дараа багш уулзаад “Чи шавь нараа бэлтгэл хийлгэхдээ тэр хүүхдийн барилдааны арга барилд анхаарал хандуулаарай” гэдэг юм.
-Хүү тань жүдогоор хичээллэдэг гэл үү?
-Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү Монголын жүдо академид хичээллэдэг. Бага нь I ангийн сурагч. Хичээллэх хүсэлтэй байвал бэлтгэл хийлгэх бодол бий. Эхнэр эмч мэргэжилтэй. Биднийг ажилтай, завгүй үед хадам аав, ээж хүүхдүүдийг минь сургуульд нь хүргэж өгч, авдаг. Тэмцээнтэй өдрүүдэд гэрийнхэнд минь түшиг болж тусалдагт тэдэндээ их баярладаг юм. Жүдо хүүхдүүдийг зөв төлөвшүүлж, хүмүүжил, сэтгэл зүй, ур чадвар, техник, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгодог. Дасгалжуулагч багш өргөн мэдлэгтэй, байнга эрэлхийдэг байх ёстой. Судалгаанд тулгуурлаж, шинэ дүрэмд тохируулан тамирчдаа бэлтгэл хийлгэж байж амжилтад хүргэнэ шүү дээ.
-Японд хамтарсан бэлтгэл хийхдээ та шавь нарынхаа давуу тал, алдаа, дутагдлыг олж харсан байлгүй.
-Япон хүүхдүүд энгэр, ханцуй дээрээс барьж барилддаг юм билээ. Монгол хүүхдүүдийн барьц дутмаг байгаа нь ажиглагдсан. Харин барилдах явцдаа өрсөлдөгчийнхөө арга барилыг олоод, барьц авч харагдсан. Миний хувьд тамирчдынхаа биеийн онцлогт тохируулж, мэхний хувилбаруудаас санал болгодог. Өндөр биерхүүд нь хутгах, хөмрөх, тохох, намханд нь хөл тавих, өмсөх мэх заана. Шавь нараа харахаар хүүхэд насны минь дурсамж хааяа бодогддог. Тэдний дуу шуугианд нийгмийн стресс, бухимдлыг мартаж, ажиллах эрч хүчтэй болдог. Анх багшилж байх үеэ бодвол одоо тамирчдынхаа зан чанар, хандлага, идэвхийг сайн мэддэг болсон.
-Спорттой нөхөрлөсөн хүүхдүүд багаасаа бие дааж сурсан нь анзаарагддаг юм. Шавь нарыг тань гэр бүл нь хэр дэмждэг бол?
-Тамирчдыг спортоор хичээллэж, амжилт гаргахад гэр бүлийнх нь хүлээж авах хандлага, дэмжлэг маш чухал байдаг. Багш, шавь хоёр хэчнээн хичээсэн ч эцэг, эх нь ойлгодоггүй бол зорьсондоо хүрэхэд амаргүй. Тиймээс аав, ээж, шавь, дасгалжуулагч багш байнга холбоотой байж, амжилтын тухай ярина. Манай академийн тамирчдын аав, ээж нь хүүхдүүдээ сайн дэмждэг. Хүүхдүүд жүдогоор хэдэн сар хичээллээд бие дааж, хэрсүүжиж эхэлдэг юм. Би ч гэсэн багаасаа тэдний адил хатуужил, тэвчээрт суралцсан. Аав, ээж минь Төв аймгийн Батсүмбэр сумд амьдардаг. VIII ангийн сурагч байхдаа Улаанбаатарт ганцаараа амьдардаг байлаа. Хаа байсан “Ханын материал”-аас Спортын төв ордонд бэлтгэл хийхээр ирнэ.
Өвөл гэртээ ирээд гал түлэхээс халшраад ороо засаад шууд унтдаг байв. Тэр үед аав, ээжийгээ хайхарч, халамжилсангүй гэж гомддог байсан ч хожим бие даалгаж, хатуужилд сургасныг ойлгосон. Батсүмбэр сум хотоос холгүй. Амралтын өдрөөр гэр лүүгээ байнга харина. Ээждээ “Би унаанд суулаа. Та хоолоо зэхэж байгаарай” гэнэ. Очиход хоол яг болж байдаг сан. Би айлын ууган хүү, нэг эмэгтэй дүүтэй. Дүү намайг дуурайж жүдогоор нэг хэсэг хичээллэхдээ аймгийн АШТ-д оролцож, медаль хүртэж билээ. Тэрбээр одоо ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний багшаар ажилладаг. Миний хувьд ид барилддаг байхдаа Х.Цагаанбаатар ахын барилдааныг харж, түүн шиг тамирчин болох сон гэж мөрөөддөг байв. Түүнийг дасгалжуулагч болоод гарынхаа шавь нарыг бэлтгэн, тэмцээнд оролцуулахыг хараад бахархдаг юм.