Монгол Улс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож, дэлхийд өрсөлдөх чадварыг дэмжих бодлогоо тодорхойлох зорилго бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" өчигдөр зохион байгууллаа.
Форумын хүрээнд “Соёлын засаглал эрх зүйн шинэчлэл” сэдэвт салбар, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга, доктор (Ph.D), профессор Ж.Эрхэмтөгс нар илтгэл танилцуулав. “Авьяас, инноваци, бизнесийг холбосон бүтээлч экосистемийг хөгжүүлэх боломж шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн панелистаар Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Тус хэлэлцүүлэг нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин, бүтээлч экосистемийг хөгжүүлэх, бизнес эрхлэлтэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэн, цаашид салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, инновацийн түншлэлээр дамжуулан олон улсад өрсөлдөх гарц шийдлийг тодорхойлох зорилготой юм.