Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой, БНМАУ тунхагласны 99 жилийн ой, Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан ард түмний дунд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэгдсэн түүхэн үйл явдлын 110 жилийн ойд зориулж “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн нээгджээ. Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Монгол Улсын “Цагаагчин гахай жил”-ийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу Аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар болон Хаант Монгол Улсыг байгуулсан. Энэхүү хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийг эхлүүлж, Нэгдсэн монгол угсаатныг нэгэн төрийн дор нэгтгэх үйл хэргийн эхлэл байв.
Ийнхүү хаант Монгол Улсын Засгийн газраас “Нэгдсэн Монгол улс”-ыг байгуулахын тулд Нийслэл Хүрээнд Халх, Дөрвөд хоёр аймгаас гадна Тагнын Урианхай, Барга, Өвөр Монгол, Алшаа, Хөх нуур, Или Тарвагатайн Монголчуудыг хамруулан авч үзэж байлаа. Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхагласны дараа хаант Монгол Улсын Засгийн газар Өвөр Монгол, Баргын ноёдод хандан газар нутгаа Манж, Хятад цэргээс чөлөөлөн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн босохыг уриалсан нь Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг ихэд зоригжуулсан байна. Энэ үеэс Өвөр Монгол, Баргаас Монгол улсдаа “дагаар орох” хөдөлгөөн өрнөж, 1912-1913 онд Хөлөнбуйр бүхэлдээ, Өвөр Монголын 6 чуулганы 49 хошууны 36 нь хаант Монгол Улстай нэгдэж, нэгэн улс болох саналаа илэрхийлсэн. Гэвч дундад иргэн улсын Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Өвөр Монголд цэргээ оруулсан тул Монгол Улсын Засгийн газар 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайныг хийсэн. Үүнийг түүхэнд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэж иржээ.
Тус үйл явдлын 110 жилийн ойд зориулан үндэсний түүх, соёлын дархлааг тээгч түүхийн анхдагч эх сурвалж, урьд өмнө судалгаанд ашиглагдаж байгаагүй түүхэн баримтуудыг олны хүртээл болгох, таниулан сурталчлах зорилгоор “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 913-1915 он” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэнг Үндэсний төв архив, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөг дэх нэн ховор баримт, гэрэл зураг, түүхэн биет эд өлгийг цогц байдлаар дэглэн толилуулж байна.
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн нь:
- 1. Үндэсний зэвсэгт хүчнийг байгуулж бэхжүүлсэн нь
- 2. Баруун хязгаарыг чөлөөлж төвшитгөсөн нь
- 3. Дарьгангын газар орныг сэргийлэн хамгаалсан нь
- 4. Таван замын байлдаан
- 5. Монгол Улсын тусгаар тогтнол ба Хиагтын гурван улсын гэрээ гэсэн агуулгын хүрээнд дэглэн үзүүлж байгаагаараа онцлог.
Энэхүү үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгөөс “VIII Богд Жибзундамба хутагт Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөгдөөд буулгасан хишиг тархаах Зарлигаас /1911.12.29/”, “Цэргийн яамнаас тамгыг хүлээн авч хэрэг шийтгэсэн явдлыг айлтгасанд, буулгасан Зарлигийг сийрүүлж мэдэгдэн ирсэн хэрэг /1912.01.11/”, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас тогтоон зарласан монгол цэргийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийн тухай анхны дүрэм хэмжээ, Ховдыг чөлөөлсний дараа манж амбан Пү жүн, манжийн түшмэл, цэрэг, хятад худалдаачдыг нутаг буцаахаар тохиролцож, Монгол цэргийн захирагч Ж.Дамдинсүрэн, Хаант Орос Улсын Ховд, Шар сүм дэх консул М.Кузьминский нарын хооронд хийсэн албан тэмдэглэл бий /1912.01.23/. Мөн Баруун хязгаарыг тохинуулах цэргийг дайчлан захирах сайд Чин зүтгэлт гүн Б.Хайсанд сургах зарлиг буулгах явдлыг Богд хаанд айлтгасан айлтгал, буулгасан зарлиг /1912.09.02/, Цэргийн яамнаас явах цэргийн дүрэм хэмжээ тогтоож дагаж явах явдлыг Богд хаанд айлтгаад, буулгасан зарлигийг сийрүүлж мэдэгдэн ирсэн бичиг /1912.07.05/, Цэргийн яамнаас гүн Зүтгэлт, харьяат хорооны нутагт буцах цэргүүдийг биеэр захиран авч мордсугай хэмээсэн явдлыг Богд хаанд айлтгаад, буулгасан зарлигийг сийрүүлж мэдэгдэн ирсэн бичиг /1913.02.13/, Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ бичиг /1915.05.03/-ийг багтаажээ.
Харин Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс “Богд хаант Монгол улсын төрийн далбаа”, “Монгол улсын дэлхий дахины сүрийг бадруулагч их цэргийн тэргүүн хорооны тэргүүн ангийн түшмэлийн туг”, “Дөрвөдийн баруун гарын үнэн зоригт хан аймгийн цэргийг захирах туслагч жанжны туг”, Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс 1870, 1895, 1896 оны загварын бирдаан, винтов, маузер буу, “Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны туг”, “Монгол цэргийн аравны даргын хиур, далбаа”, Монгол цэргийн дун, сэлэм, Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн хаш чулуун тольтой бүс, Хатанбаатар С.Магсаржавын хөрөг зураг зэрэг нийт 70 гаруй биет үзмэрийг дэглэн олны хүртээл болгож байна.