Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Колизей театрт “Монгол хаан” нэртэйгээр арваннэгдүгээр сарын 17-ноос англи хэл дээр тавигдаж байна. Энэхүү жүжгийн талаарх шүүмж Их Британийн томоохон хэвлэл болох The Telegraph, The Guardian-д гарчээ.
Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Монгол хаан” жүжгийн талаарх шүүмж The Telegraph-д нийтлэгдсэн. Энэхүү шүүмжийн гол агуулга нь хүйтэн хөндий байдлаар монгол туульсыг илэрхийлж, жүжигчдийн дүр, харилцаанд ялгаварлан гадуурхалт ихээр ажиглагдаж, ард иргэдээсээ илүү төр улсыг магтаж, шүтсэн байдлыг харуулсан нь Английн үзэгчдэд тавгүй сэтгэгдэл төрүүлнэ гэх гол агуулгыг шигтгэжээ.
Монголын түүхийн тухай харуулах жүжигт гарч буй хаан нь Чингис хаан биш Орос, Хятадын нөлөөнөөс гарахыг хүсэж буй үндэстний тухай л өгүүлнэ. Энэ бол 2000 жилийн өмнөх түүхийг харуулахыг хичээсэн жүжиг юм. Гэвч Их Британи, Монголын дипломат харилцаа 60 жилийн түүхтэй билээ.
Хэдийгээр 70 хүний бүрэлдэхүүнтэй баатарлаг жүжиг ч гэсэн үнэхээр уйтгартай байлаа. Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн уг зохиолд өв залгамжлалын төлөөх өрсөлдөөнийг дүрсэлжээ. Тухайлбал, Хааны хатан болон татвар эм ойрхон хүү төрүүлсэн. Хаан татвар эмийнхээ хүүг өв залгамжлагч болгоход тухайн хүүхдийг сольж, өв залгамлалын төлөөх өрсөлдөөн эхэлнэ. Зөвхөн дээрх агуулгыг илэрхийлэх гэж жүжгийн нийт хугацааны хагас нь өнгөрнө. Нэг үзэгдлээр хялбархан ойлгуулж болох мессежийг ийнхүү нуршсан.
Нүсэр бүрэлдэхүүнтэй, савангийн дуурийг Колизей театрт тавихдаа үзэгчдээ мэдрээгүй, хэт үндсэрхэг үзлийг харуулсан. Ийм агуулгатай жүжгээс урлагийн таашаал авахад бэрх. Мөн англи хэл дээр орчуулсан хэллэгүүд нь хэт их зүйрлэл, хүндэдсэн агуулгатай. Тухайлбал, өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд, “өвөг дээдэс” хэмээх үгийг ихээр хэрэглэж, илбэ шидийн юм шиг хачин жигтэй дүрслэл олон бий.
Жүжгийн хоёрдугаар хагаст эмгэнэлтэй түүхийг өгүүлж байгаа ч дүрээ илэрхийлэх байдал нь ойлгомжгүй. Херо Баатарын баг Колизей театрын тайзнаа хэт олон бүрэлдэхүүнтэй найрал дуу, бүжгийн дэглэлтийг тавьсан ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Гэхдээ жүжгийн гол агуулга, мессеж нь үзэгчдэд таалагдсангүй.
Тулалдаж байх үеийн хөгжим нь муухан киноны бичлэгтэй адил. Тайз засал, жүжигчдийн хувцаслалт нь уламжлалт өнгө аясыг илтгэж, алан хядлага, цус зэргийг дүрслэнэ. Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн жүжиглэлт маш уянгалаг, хааны дүрд тоглож байгаа гэдгээрээ хүчирхэг байсан. Гэвч үзэгчид түүнээс илүү мэдээлэлтэй учраас ухаалаг удирдагчийн дүрийг илэрхийлж чадсангүй гэж дүгнэх байна. Эсрэг дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэ, зовж тарчилсан хатны дүрийг У.Уранчимэг, хуарангийн дарангуйлагчийн дүрд Ш.Доржсүрэн нар тоглосон байна. Харамсалтай нь жүжигт хүнийг тахир дутуу байдлаар нь ялгаварлан гадуурхаж, Хаан нь хэт үндсэрхэг үзлийг илэрхийлж байгаа нь хүний эрхийг дээдлэх болсон энэ нийгэмд зохимжгүй агуулгатай байна. Дипломат харилцааны соёл, түүхтэй улсад ийм агуулгатай жүжгийг толилуулсан нь үзэгчдэд таалагдахгүй болов уу.
Эх сурвалж: Telegraph