Манай улсад хүүхдүүдийн дунд чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ ямар хэмжээнд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргалтай ярилцлаа. Тус сангийнхан энэ чиглэлээр судалгаа хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулаад буй юм.
-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ манайд ямар түвшинд байна вэ. Үүнийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд дорвитой ажил хийж байгаа болов уу?
-2021 онд хийсэн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний дүн шинжилгээний тайлангаас харахад монгол хүүхдүүдийн дунд чихэр, давс, эрүүл бус тосны агууламж ихтэй хэт боловсруулсан хүнсний хэрэглээ өндөр байна. Тухайлбал, өсвөр насны хүүхдийн 34 хувь нь өдөрт нэгээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг. Хэрэглээний жилийн өсөлт дөрвөн хувь байгаа нь маш өндөрт тооцогдох үзүүлэлт юм.
Сүүлийн үед хүүхдийн таргалалт огцом нэмэгдэж байгаа тул олон байгууллага энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд хийж байна. ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НЭМҮТ-өөс хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг таван жил тутамд Монгол орон даяар хийдэг. 2023 онд зургаа дахь удаагийн судалгааг хийж байгаа. Уг судалгаанд энэ жилээс бид хүүхдийн эрүүл бус хүнсний хэрэглээг оруулсан. Мөн сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол зэрэг ч багтсан.
Бид зөвхөн чихэр гэдгээр хязгаарлалгүй эрүүл бус хүнсний хэрэглээ, хор нөлөөг бууруулах чиглэлээр ажилладаг. Тухайлбал, нотолгоо, баримт бий болгох чиглэлээр хоол тэжээлийн үндэсний судалгаа, хүүхдийн таргалалтын өргөн хүрээний дүн шинжилгээг ЭМЯ, НЭМҮТ-тэй хамтарч хийдэг. Энэ ажил өдгөө үргэлжилж байна. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газартай хамтран эрүүл бус хүнс, ундааны зар сурталчилгааг бууруулах чиглэлээр ажиллаж байна. БШУЯ-тай хамтран сургууль, цэцэрлэгийн хоолны чанарыг сайжруулах, тэдгээрт эрүүл хүнсний орчин бүрдүүлэх чиглэлээр бас ажилладаг. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлтэй хамтран өсвөр үеийнхний эрүүл хүнс сонгох ойлголт, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл хоол хүнсний мэдлэг олгох үйл ажиллагаа хангалтгүй байх шиг санагддаг.
-Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг 2018 оноос нэвтрүүлсэн. Уг хичээлийн агуулгын зургаан бүлэг сэдвийн нэг нь хооллолт, хөдөлгөөнтэй холбоотой. Мөн өнгөрсөн оноос цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл хооллолтын хичээл заах туршилтын ажил эхлүүлсэн. Гэхдээ сургалтын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн багш бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор ихэвчлэн биологи, биеийн тамирын багш нар эрүүл мэндийн хичээл заадаг. Мөн бид сургуулийн үдийн хоолны бодит өртгийн судалгаа хийлээ. Үүний төсвийг хоёр дахин нэмж, сайжруулах хэрэгтэй гэсэн дүн гарсан. ХХААХҮЯ-наас “Хүүхдүүдэд зориулав” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг нэг л удаа зохион байгуулж байв. Үүнийг тогтмол хэрэгжүүлбэл нэлээд үр дүнтэй ажил санагддаг.
-Чихрийн өндөр агууламжтай ямар бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүд түлхүү хэрэглээд байна вэ?
-Судалгаагаар хүүхдийн чихрийн хэт их хэрэглээний гол эх үүсвэр нь ундаа гэж гарсан. Үүнд хийжүүлсэн болон хийжүүлээгүй ундаа, жимс, ногооны шүүс, энергийн болон спортын ундаа, шууд уух зориулалттай цай, кофе, амт оруулсан сүүн ундаа багтана. Нэг лааз чихэрлэг ундаа дунджаар 10 цайны халбага чихэр агуулдаг. Түүнчлэн шоколад, чихэр, бялуу, нарийн боов, жигнэмэг, зайрмаг зэрэг бүтээгдэхүүн чихрийн агууламж өндөртэйд тооцогддог.
-Эдгээр бүтээгдэхүүний зар сурталчилгааг хянах тогтолцоо манай улсад бий юү?
-Монгол Улсад эрүүл бус хүнс, ундааны зар сурталчилгааг зохицуулсан хууль, эрх зүйн орчин одоогоор бүрдүүлээгүй. Сүүлийн жилүүдэд дээрх хүнсний зар сурталчилгаа огт буураагүй. Маш олон төрлийн хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад, түргэн хоолыг телевизийн ихэнх сувгаар чөлөөтэй сурталчилж байгааг бид бүгд хардаг. Ийм маркетинг хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буйг мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрдөг. Хүүхэд бол харьцангуй гэнэн хэрэглэгч юм. Олонх нь багаасаа л сурталчилгаагаар эрүүл бус хоол хүнсийг харж, түүнийг авч өгөхийг эцэг, эхээсээ хүсдэг. Энэ нь тэдний хооллох дадал зуршилд сөргөөр нөлөөлж байна. Цаашид ч энэ хандлага нэмэгдэх магадлалтай. Бид ШӨХТГ-тай 2019 оноос эхэлж хоёр төрлийн ажил хийж байгаа. Тухайлбал, зар сурталчилгааг бууруулах талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга болон олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор хүүхдэд зориулсан шторк, гарын авлага хамтран гаргасан. НҮБ-ын Хүүхдийн сан мөн эрүүл хүнстэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хичээж байна. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох дэлгүүрт эрүүл хүнстэй орчин бүрдүүлэх нь чухал. Ялангуяа ундааны зар сурталчилгааг хязгаарлах, чихэрлэг ундаанд татвар ногдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Хүүхэд чихэрлэг хүнсийг хэтрүүлж хэрэглэснээр бие организмд нь ямар хор хөнөөл учрах вэ?
-Чихрийн хэт их хэрэглээ нь илүүдэл жин, таргалалт, шүд цоорох, чихрийн шижин, элэг өөхлөх, зүрх, судасны эмгэг, зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Чихэр, тосны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжил, үйл ажиллагаанд нөлөөлж, тэвчээргүй болох, танин мэдэхүйн чадвар буурах, тэнэгрэлд хүргэдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Мөн чихрийн агууламж өндөртэй ундаанууд донтуулах нөлөөтэй. Хүүхдийн таргалалтаар Монгол Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудтай харьцуулахад гуравт буюу Тонга, Индонез улсын дараа орж байна. Дэлхийн хэмжээнд таргалалтын түвшин өндөр эхний 20 орны тоонд багтдаг.
-Дэлгүүрийн лангуун дээрх хүнсний 80 хувь нь чихрийн агууламж өндөртэйг НЭМҮТ-өөс мэдээлсэн байдаг. Гэтэл үүнд ямар ч хяналт тавьдаггүй. Үүнийг шийдвэрлэхэд хүндрэлтэй зүйлүүд юу байдаг юм бол?
-Сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтыг ЭМЯ-наас баталсан байдаг. Гэсэн ч үүний хяналт сул. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж боддог. Мөн хөндлөнгийн хяналт тавих систем байхгүй.
-Бусад улс оронд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэж хэвшсэн сайн туршлага хэр их байна вэ?
-Чихрийн хэрэглээг бууруулсан олон орны туршлага бий. Тухайлбал, Англид чихэрлэг ундаанд татвар ногдуулсан. Ингэснээр үйлдвэрлэгчид ойролцоогоор 45 сая килограмм чихрийг үйлдвэрлэлээс хасаж, ийм орцтой бүтээгдэхүүнийг худалдан авах нь ч 50 хувь буурчээ. Мексик улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд чихэрлэг ундааны борлуулалтыг 40 хувиар багасгаж, усны хэрэглээг нэмэгдүүлсэн байдаг.
-Хүүхдэд аль болох чихэр багатай бүтээгдэхүүн хэрэглүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид юуг анхаарах ёстой юм бол?
-Бага насанд суусан амтлах мэдрэмж насан туршид үлддэг гэж үздэг. Иймд эцэг, эхчүүд хүүхдийг аль болох багаас нь чихэрлэг амттанаас хол байлгаж, сүү, цагаан идээ, жимс, ногооны амтанд дасгах хэрэгтэй. Идэж буй хоол хүнсэнд нь нэмэлтээр чихэр аль болох бага хийх, эсвэл огт хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.