1989 оны энэ өдөр Берлиний ханыг нурааж эхэлсэн түүхтэй. Хүйтэн дайны бэлгэ тэмдэг болж, хүн төрөлхтнийг социалист, капиталист ертөнцөд хувааж байсан энэ хана нурснаар олон улсад ардчилал түгэн дэлгэрэхэд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тухайлбал, үүнээс ердөө нэг сарын дараа Монгол оронд ардчилсан хувьсгалын анхны цуглаан болж байв. Энэ өдрийг тохиолдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцтай ярилцлаа.
-Манай орны талаарх анхны сэтгэгдлээр ярилцлагаа эхлүүлье. Таныг Монголын юу нь хамгийн их татав?
-Монголд анх удаа ирж байгаа хүмүүсийн адил би танай орны үзэсгэлэнт байгалийг хараад сэтгэл хөдөлсөн. Монголын нэг захаас нөгөө зах хүртэл аялахыг тэсэн ядан хүлээж байна. Үүнээс гадна танай улсын орчин үеийн дүр төрх өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Нийслэл, томоохон аймгууд төдийгүй ер нь хөдөө, орон нутаг нь ямар хурдацтай хөгжиж буйг харлаа. Нэг талдаа түүх, уламжлалаа хадгалж үлдсэн ч нөгөө талаас хөгжлийг дагалдаж ирдэг бүхий л ээдрээтэй асуудлыг дайрч яваа орон гэх сэтгэгдэл хамгийн түрүүнд төрсөн. Магадгүй орчин үеийн Монголыг бусад улсын иргэд сайн мэдэхгүй байх талтай.
-Германы ард түмэнд манай орон, бидний талаарх ямар ойлголт байдаг бол?
-Манайхны дийлэнхэд нь Монголын талаарх ерөнхий мэдлэг, мэдээлэл бий байх. Магадгүй зарим нэг хэвшмэл ойлголт байхыг үгүйсгэхгүй. Чингис хаан, Монголын эзэнт гүрний тухай хүн бүр сонссон байдаг ч нарийн ширийнийг нь мэдэхгүй, ерөнхий ойлголттой. Германчуудын олонх Монголыг уудам тал нутаг, нүүдэлчин ахуй, зарим нь бөө мөргөл, хөөмийтэй нь холбон тайлбарлах байх. Гэсэн ч танай орны талаар илүү гүнзгий мэдлэгтэй хүн тийм олон биш болов уу. Орчин үеийн Монгол Улс, ард иргэдийнх нь хөгжил, дэвшилд зорьсон тэмүүлэл, дэлхийн бусад оронтой холбоотой байх гэсэн хүсэл эрмэлзэл, орчин цагийг дагасан хотжилт, байгаль орчинд үүсээд буй аюул, нийгмийн тэгш бус байдал гэх мэт ээдрээ, сорилтыг нь Монголд ирж байсан хүмүүс л мэддэг байх. Орчин үеийн урлаг, соёл, дижитал өөрчлөлт өнөөдөр Монголд ямар гүн гүнзгий нэвтэрч байгааг мэдвэл германчуудын олонх ньгайхах биз. Ирэх онд Монгол, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойн үеэр хоёр улсад олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ бол элэг нэгтнүүддээ өнөөгийн Монголын хоёр тал болох уламжлалт, орчин үеийн хөгжлийг хэрхэн хослуулж чадсаныг харуулах сайхан боломж, маш нандин бөгөөд орчин үеийн соёлын өвөрмөц байдлыг хадгалж үлдэх баталгаа юм.
-Та Монгол Улсад томилогдохоосоо өмнө Афганистаны Кабул хотод ХБНГУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Мөн Нигери, Габон, Эквадорын Гвиней, Чад, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет зэрэг Африк болон Ойрхи Дорнодын оронд ажиллаж байсан арвин туршлагатай. Ази, тэр дундаа Монгол Улсад хийх ажлын тань талаар асууж болох уу?
-Би Азид ажиллахыг үргэлж хүсдэг байсан. Зүүн өмнөд Ази судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байх үе маань энэ тивийн гайхалтай өсөлт, хөгжлийн эхний шаттай давхцсан. Тэр үеийн Ази тивийг өнөөгийнхтэй харьцуулшгүй. Мэдээж өдгөө дэлхий ертөнц олон туйлтай, өөр хоорондоо илүү холбоотой болсон. Дэлхий дахинд энх тайван, эрх тэгш нийгмийг бий болгох, бүх нийтийн хөгжил, цэцэглэлтийг авчрах, хойч үедээ хадгалан үлдээхийн тулд Европ, Ази тивийнхэн нягт хамтран ажиллах нь маш чухал. Уур амьсгалын өөрчлөлт, түүний гамшигт үр дагавартай тэмцэх нь бидний хамгийн том нийтлэг сорилт байж магадгүй. Үүнийг хэн ч дангаараа зогсоож чадахгүй. Гагцхүү хүчин чармайлтаа нэгтгэж, төвлөрүүлж байж энэ бэрхшээлийг гэтэлнэ. Үүний зэрэгцээ бид Азийн түншүүдтэйгээ эдийн засгийн шударга, тэнцвэртэй харилцаатай байхыг хүсэж байна. Манай хоёр орны харилцаа хамтын үнэт зүйл, зорилтод үндэслэдэг. Тухайлбал, олон улсын энхийг сахиулах үйлсэд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Удахгүй Дубайд болох COP28 бага хуралд Монгол Улс чухал байр суурь эзлэх боломжтой. Энэ бол Герман, Монгол хоёр нэгдэж, нэг зорилгын төлөө хамтдаа тэмүүлж болох наад захын жишээ юм. Бидний түншлэлийн туршлагаас харахад харилцан ашигтай хамтран ажиллах өөр олон салбар бий.
-ХБНГУ нь манай улсын хувьд Европын гол түнш, гуравдагч хөршийн нэг учраас харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэх саналтай байгаа. Манай хоёр улсын 50 жилийн хамтын ажиллагааны талаар Элчин сайдын хувьд та юу хэлэх вэ?
-Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улстай иж бүрэн түншлэлийн харилцаагаараа бид бахархдаг. Удахгүй тохиох ой нь эл түншлэлийг дараагийн шатанд хэрхэн хүргэх талаар эргэцүүлэх сайхан боломж байх болно. Бид олон арван жилийн турш харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан нягт хамтран ажиллаж ирсэн. Харилцааны тулгуураа сайтар бэлдсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч амьдралын бусад бүх зүйлийн нэгэн адил өчигдрийн ололт, амжилтдаа сэтгэл ханах нь хангалтгүй. Бид ч Монголтой нэгэн адил харилцааны түвшнээ улам урагшлуулах хүсэлтэй. Эдийн засгийн хувьд бидний ашиглаагүй нөөц, боломж их бий.
-Есдүгээр сарын сүүлчээр хоёр улсын Засгийн газар хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, протоколд гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Тийм ээ, бид саяхан хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг дахин баталлаа. ХБНГУ нь Монгол Улсад боловсрол, тэр дундаа мэргэжлийн сургалтыг сайжруулах, худалдаа, хувийн хэвшлийн хөгжил, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлсээр байх болно. Мөн эрчим хүч, тэр дундаа тус салбарын сургалт, чанарын стандарт, аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаанд анхаарал хандуулан, байгаль орчинд ээлтэй хэлбэрт шилжихэд хамтран ажиллана. Үүнээс гадна манай хоёр улсын Засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр эрүүл мэндийн салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар удахгүй ярилцана. Зарим салбарт Герман, Монголын хамтын ажиллагаа олон жил үргэлжилж, хүрсэн ололт, амжилтаар нь бахархаж байна. Тухайлбал, Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн 10 жилийн ойг энэ онд тэмдэглэсэн. Тэнд бэлтгэж буй залуу инженерүүдийн ур чадвар онцгой, эрэлт, хэрэгцээ өндөр хэвээр байна.
-Ерөнхий сайд өнгөрсөн онд ХБНГУ-д айлчилсан. Энэ үеэр газрын ховор элементийг ашиглахтай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулсан. 2011 онд Канцлер Ангела Меркель Монголд айлчлах үеэр ярьж байсан асуудал ямар шатандаа яваа, хэр зэрэг ахиц гарсан бол?
-Сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, ашигт малтмалын хүрээлэн болон АМГТГ, Үндэсний геологийн алба (ҮГЕГ)-ны хамтын ажиллагаа нэлээд ахицтай байж үр дүнд хүрсэн. Дээрх хүрээлэнгээс АМГТГ-т ашигт малтмалын газрын зураглал хийх, үйл явцыг цахимжуулах (тусгай зөвшөөрлийн менежмент гэх мэт), цахим тайлан, үйлчилгээ үзүүлэх зэрэгт нь дэмжлэг үзүүлсэн. Монголд цахим засаглал хурдацтай хөгжиж буйг харахад үнэхээр сайхан байна. Гео шинжлэх ухаан, ашигт малтмалын хүрээлэнгээс ашигт малтмалын салбарын чадавхыг бэхжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ ирэх жилүүдэд ч үргэлжлүүлнэ. Бид энэ салбарт хувийн хэвшлийнхэнтэй илүү ойр ажиллах хүсэлтэй байна. Гэсэн ч газрын ховор элементийн үйлдвэрлэл эхлэх хүртэл тодорхой хугацаа, нэмэлт судалгаа шаардлагатай. Энэ үйл явц маш нарийн бөгөөд олон сорилт давахыг шаардах ч Монгол Улс яг одоо шинэ, хурдтай өөрчлөгдөж буй эл салбар хөгжих боломжтой зохицуулалт, бизнесийн орчныг бий болгосноор ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж чадна.
-Эрчим хүчний асуудал манай хоёр улсын хувьд тулгамддаг. Энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар юу хэлэх вэ?
-Манай хоёр улс эрчим хүчний салбарт сорилт, шилжилтийг туулж байна. Айл өрх, аж үйлдвэрийн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээтэй хөл нийлүүлэн алхах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг давахын тулд эрчим хүчний системийг шинэчлэх нь бүх улс оронд нэн чухал. Тиймээс дотооддоо тогтвортой, найдвартай эрчим хүч бий болгох шаардлагатай. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, нүүрс төрөгчгүйжүүлсэн эдийн засагт шилжих замыг нээхэд дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна. Хувийн хэвшлийн үйл ажиллагааны хувьд Германы Монголд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт нь эрчим хүчний салбарт буюу 55 МВт-ын хүчин чадалтай салхин парк. Үүгээр300 мянга орчим хүнийг цахилгаанаар хангадаг. Бид Монгол Улсад шаардлагатай зохицуулалт хийж, сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай хөрөнгө оруулах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж чадна.
-Герман улс боловсрол, тэр дундаа мэргэжлийн сургалтын системээрээ алдартай. Энэ салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
-Манай хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагаа эртний уламжлалтай. Анхны монгол оюутнуудыг Герман руу 1926 онд илгээж байсан бол өнөөдөр 30 мянга орчим монгол хүн герман хэлээр ярьж байна. Танай улсад ирсний дараа би германаар төгс ярьдаг хүмүүстэй олонтоо таарсан. Одоогоор Монголд Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр герман хэл заадаг 15 сургуульд 4000 орчим сурагч суралцаж байна. Оюутан солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдах, Германы компанид ажилд орох гэх мэт боломжийг нээж өгдөг учраас герман хэл сурах сонирхол маш их байгаа нь бахархалтай. Үүнээс гадна одоогийн байдлаар Герман, Монголын их, дээд сургуулиудын хооронд 30 гаруй төрлийн хамтын ажиллагаа бий. 2013 онд байгуулсан Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нь Монгол Улсын хүний нөөцийн чиглэлээр инженерүүдийн боловсрол, сургалтыг дэмжих зорилготой томоохон төсөл юм. Мөн Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэг нь төгсөлтийн дараах сургалтаас эхлээд бүх түвшний эрдэм шинжилгээний ажилтны солилцоог дэмждэг. Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт бүх аймгаас 39 оюутан Германд суралцаж байна. Энэ залуу үе бол бидний ирээдүй. Залуу үе маань Герман, Монголын ойрын 50 жилийн харилцааг тодорхойлох тул тэдний солилцооны хөтөлбөрийг бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.
-Бид 30 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Герман улс тал бүрээс дэмжиж ирсэн. Танай улсын татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлсэн, ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийн үр дүнд та хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Танай улсын өнгөрсөн 30 жилийн хувьд ардчилал, олон ургалч үзэл бодол бүхий нийгмийг байгуулахад гаргасан ололт, амжилт үнэхээр гайхалтай. Монгол бол энэ бүс нутагт ардчиллын ховор, гэрэлт цамхгуудын нэг. Герман улс тусламж үзүүлсэн ч Монголын ард түмэн өөрсдөө бүгдийг хийсэн. Үүнээс өөр арга зам ч байгаагүй. Тиймээс бид монгол найз, нөхдөө чадах чинээгээрээ дэмжихдээ баяртай байх болно. Ардчилал хараахан бүрэн бэхжээгүй, илүү их зүйл хийх ёстой гэж хүмүүс ярьдаг. Ардчилал биднээс тасралтгүй хүчин чармайлт шаарддаг. Бүрэн ардчилал гэж байдаггүй. Магадгүй хэзээ ч төгс ардчилал бий болохгүй. Тийм ч учраас ардчилал нь засаж, залруулах механизмтай, сайжруулах боломж бүрдүүлсэн, дарангуйлагч дэглэмийн хатуу ширүүн, аливаа шүүмжлэлийг үл тоомсорлодог, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, нэгтгэх чадвартай байдаг. Иймд хүрсэн ололт, амжилтаа сайшааж, цаашид бүх зүйл зөв чиглэлд хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Харин ярилцлагынхаа төгсгөлд Улаанбаатарын авто замын хөдөлгөөний ачаалал, өвлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах гарцыг хайж олсноор нийслэл хот нь иргэддээ, айлчилж буй зочдод улам таатай газар байх болно гэдгийг хэлмээр байна.