Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн баг Улаанбаатар хотод тархины харвалтын шалтгааныг тогтоох судалгааг хоёр дахь удаагаа хийсэн байна. Үүний үр дүнгийн талаар тус хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Чимэглхамтай ярилцлаа.
-Тархины харвалтын хэлбэр болон нас барахад хүргэдэг шалтгаан юу вэ ?
-Тархины харвалт гэдэг нь артерийн судас бөглөрсөн, эсвэл хагарснаас цусан хангамж гэнэт тасалдахыг хэлнэ. Тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз, хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюултай. Цус харвалт бол өвчний нэг хэлбэр. Тиймээс зөв нэршил нь тархины харвалт юм. Энэ бол дэлхий дахинд анхаарлын төвд байдаг өвчин. Жилд 12.2 сая хүн үүгээр өвдөж, 6.5 сая нь нас барж байна. Монгол Улс тархины харвалтын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт ордог. Тархины харвалтыг зүрх, судасны өвчний нэг хүндрэл гэж үздэг. Үндсэн шалтгаанаас хамаараад тархины цусан хангамж дутагддаг хэлбэр, тархин доторх цус харвалт, тархины аалзавч судаслаг бүрхэвч болон эд хоорондын цус алдалт гэсэн гурван хэлбэр байдаг.
-Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Уг өвчний шалтгааны ихэнх хувь нь сэргийлэх боломжтой байдаг. Эрсдэлтэй гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, өөх тосны хэрэглээ, чихрийн шижин, биеийн жингийн илүүдэл юм. Эдгээрийг тогтмол хянаж чадвал энэ өвчинд өртөхөөс сэргийлнэ. Ямар нэгэн эрсдэлт зан үйл байгаа бол цаг алдалгүй эмчид хандан зөвлөгөө авч, зөв дадалтай болох нь чухал. Тухайлбал, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ зэргээс таталзах хэрэгтэй.
-Танай баг тархины харвалтыг нэлээд өргөн хүрээнд судалсан гэсэн. Үүний зорилго болон үр дүнгийн талаар сонирхуулна уу?
-Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тоонд тархины харвалт орж байгаа. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигддэг. Хамгийн эхэнд зүрхний титэм судасны өвчин ордог. Бид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 16 болон түүнээс дээш насны иргэдийг судалгаандаа бүрэн хамруулах зорилготой. Үүний хүрээнд программ хөгжүүлж, судалгаа хийх хүмүүсээ чадавхжуулан сургасан. Дараа нь дүүрэг бүрийн эмнэлгүүдээс мэдрэлийн нэг эмчтэй гэрээ байгуулж, программыг яаж ашиглах талаар сургалт явуулсан. Тархины харвалттай нь батлагдсан хүмүүсийн мэдээллийг программ руу оруулж буй юм. Энэ бол эмнэлэгт суурилсан судалгаа.
Тархины харвалтын улмаас гэртээ, гудамжинд нас барсан тохиолдлуудыг ч бас оруулах ёстой. Үүний хүрээнд улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажилласан. Өвчилсөн хүн бүрийг бүртгэж, нэг жилийн хугацаанд 28, 90, 365 хоногт гэсэн давтамжаар асуумж авсан. Харвалтуудын хоорондын харьцааг бас судалгаагаар тогтоодог. 1998-1999 оны судалгаагаар тархины цус дутагдах харвалт болон тархин доторх цус алдах хэлбэрийн харьцаа ойролцоо буюу 1:1 байсан. Гэтэл манай судалгаагаар өөр дүн гарсан. Цус дутагддаг нь цус алддаг хэлбэрээсээ арай илүү болж байна. Олон улсад цус дутагддаг хэлбэр нь нийт өвчлөлийн 80 хувийг эзэлдэг. Манайд ийм хандлага ажиглагдах шинжтэй юм уу гэж үзэж байна. Үүний зэрэгцээ цус тасалддаг хэлбэрийн өвчлөл ч их байна. Судалгааны үр дүнг гадаадын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн.
Өвчтөн өөрөө асуултад хариулах боломжгүй бол ар гэрийнх нь хүнээс зөвшөөрөл авч хамруулсан. Зарим эмнэлгийнхэн мэдээллээ өгөхгүй татгалзаж байсан нь судалгаа хийхэд хүндрэл учруулж байлаа. Уг өвчний тархалтыг Д.Баасанжав доктор анх 1998-1999 онд судалсан юм. Тухайн үед Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн судалгааны дүнгээр 100 000 хүн тутамд 296 тохиолдол илэрч буйг тогтоож байв. Энэ нь тухайн үедээ дэлхийд хамгийн өндөр өвчлөлтэйд тооцогдож байсан. Хамгийн сүүлийн буюу хоёр дахь судалгааг Д.Баасанжав багшийн зааварчилгааны дагуу Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын сектороос 2019-2020 онд хийлээ. Үүгээр насанд хүрсэн 100 000 хүн ам тутамд тархины харвалтын тохиолдол 200 байгааг тогтоосон.
Өмнөхөөсөө буурсан үр дүн гарсан гэсэн үг. Энэ нь манай улсад 10-аад жилийн өмнө Тархины харвалтын төв байгуулсантай холбоотой гэж үзэж байна. Мянганы сорилтын сангийн санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт амжилттай нэвтрүүлсэн. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн гэх таамаглал бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуус өвчлөх нь нэмэгдсэн гэх харамсмаар дүн гарсан. Бидний судалгаагаар 16-92 насныхан үүгээр өвчилж байгааг тогтоосон. Бас нэг харамсмаар үр дүн бол эрэгтэйчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр гарсан. Иймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна.
-Судалгаанд хамрагдсан иргэдийн энэ өвчний талаарх мэдлэг хэр байв?
-Судалгаанд нийт 3803 хүнийг хамруулсан. Тэднээс артерийн даралтаа огт хэмжүүлж, үзүүлж байгаагүй хүн цөөнгүй байлаа. Мөн тамхи татдаг, архи уух гэсэн хорт зуршилтай нь ч байсан. Цус алддаг хэлбэрийн 80 хувь нь артерийн даралтаа хэмжиж чадахгүй, оношлуулахгүй удсанаас үүддэг. Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй эрт илрүүлэг сайн үр дүнтэй байгаа. Эндээс зүрх, судасны өвчнийг илрүүлж буй. Үүний дагуу иргэдэд зөвлөгөө өгснөөр энэ өвчлөл буурах боломжтой. Судалгааны үр дүнд тулгуурлан бид гурван сарын хугацаатай “Монгол эрэгтэйчүүдэд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох” төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд өнгөрсөн зун 5-8 дугаар сард нэг дор олон эрэгтэй ажилладаг байгууллагуудаас 1000 хүнд тархины харвалтын талаарх 10 сэдвээр сургалт явуулсан. Тархины харвалтын талаар тэдэнд зөвлөмж өгөхөөс гадна биеийн үзүүлэлтийг төхөөрөмжөөр оношлох, үүнд тулгуурлан зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг ч зохион байгууллаа. Төсөл хэрэгжүүлэх явцад бидний хийсэн судалгааны үр дүнгийн мэдээллийн дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан сургалтад хамрагдах хүсэлт тавьсан.
-Тархины харвалтын шинж тэмдгийг бид урьдчилан анзаарч, мэдэж болох уу?
-Тэнцвэр алдах, нүдний хараа өөрчлөгдөх, нүүр мурийх, гар, хөл сулрах, ярьж чадахгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ийм үед яаралтай тусламж дуудах эсвэл өөрт ойр байрладаг эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Эмнэлэгт хэр хурдан очих вэ гэдгээс өвчлөл эдгэрэх, эсэх нь хамаарна. Тархины цус дутагддаг хэлбэр буюу бөглөрлийн хувьд гурван цагийн дотор эмнэлэгт амжиж ирэх ёстой байдаг. Яаралтай компьютер томографаар оношлуулах шаардлагатай. Бөглөрлийг арилгах үүднээс судсаар бүлэн хайлуулах тариа хийдэг. Тодорхой хугацааны дараа уг хүндрэл арилдаг. Үүнийг мэдрэлийн эмч оношилж, тодорхойлсны дараа хийх ёстой.
Цус алддаг хэлбэрийн 80 хувь нь артерийн даралтаа хэмжиж чадахгүй, оношлуулахгүй удсанаас үүддэг. Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй эрт илрүүлэг сайн үр дүнтэй байгаа.