СЭМҮТ-ийн амиа хорлолтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нацагсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр мөн “Бидний мэдрэмж сэтгэл зүйн төв” НҮТББ-ын судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Согтууруулах ундааны хэрэглээ ба сэтгэцийн тулгамдсан асуудлуудын хамаарлыг илрүүлэх судалгаа” өгүүллээрээ оролцсон юм.
-Согтууруулах ундаа болон сэтгэцийн асуудлыг хамаарлыг сонгон судалсан тань анхаарал татлаа. Судалгааны асуумжуудаа хэрхэн боловсруулсан бэ?
-Энэхүү судалгааг “Бидний мэдрэмж сэтгэл зүйн төв” НҮТББ-ын эмч нар хамтран хийж байна. Баг маань 11 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс 10 нь сэтгэцийн эмч, сэтгэл засалч мэргэжилтэй. Асуумжаа цөөхөн асуулттай, мэдрэг болон оношилгооны чанар өндөртэй, статистик ач холбогдолтой байхаар тооцон боловсруулсан. Зарим асуултыг боловсруулахдаа багш нарынхаа судалгаануудаас эш татлаа. Тэдгээр нь монгол хүний онцлогт тохируулан нутагшуулсан оношилгооны асуулт байсан. Судалгааны үндэслэлээ боловсруулаад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сургалт, судалгаа, инновацын албанаас зөвшөөрөл авсан юм. Хүн оролцуулах судалгаа заавал ёс зүйн зөвшөөрөлтэй байдаг. Урьдчилсан байдлаар Монгол Улсын хүн амын хэдэн хувийг хамруулбал судалгааны дүгнэлт манай орны нөхцөл байдлыг төлөөлж чадахыг тооцоолдог. Үүний үндсэн дээр 8000 хүн оролцуулчихвал хүн амыг төлөөлөх судалгаа болно гэж үзэж байна. Судалгаанд нийслэл, аймаг бүрээс хүмүүс хамрагдаж байгаа.
-Монголд энэ төрлийн судалгаа хийж байгаагүй нь танай ажлын үндэслэл болсон гэсэн. Тэгэхээр гадаадын улс орнуудад хийсэн энэ төрлийн судалгааны аргыг ашигласан уу?
-Нийгмийг хамарсан томоохон үйл явдал болох бүрд хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал өөрчлөгддөг. Хүн амыг хамарсан судалгааг 2013 оноос хойш манай улсад хийгээгүй байсан. Тиймээс энэхүү судалгаагаа эхлүүлсэн юм. Өмнө нь бид “Ковид-19”-ийн хөл хорионы үеэр олон нийтийн сэтгэл зүйн байдлыг судалж байлаа. Тус судалгааны дүгнэлтээ өөрсдийн “Colorful mind” сэтгүүлдээ нийтэлж байв. “Ковид”-оос хойших иргэдийн сэтгэл зүйн байдлыг тандахаар энэ удаагийн судалгаагаа хийсэн юм. Ажлаа эхлүүлэхийн өмнө Монголд болон гадаадын улс орнуудад хийсэн бусад судалгааны үр дүнтэй танилцсан. Эдгээрт тулгуурлан өөрийн үнэлэмж гэдэг үзүүлэлтийг судалгаандаа нэмж тусгалаа. Бидний судалгааны дүгнэлтээр өөрийн үнэлэмж буюу өөртөө итгэлтэй байх нь архинд донтох эмгэгээс хамгаалдгийг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, архаг стресс зэрэг сэтгэцийн асуудалд тухайн хүний өөрийн үнэлэмж нөлөөлж байна.
-21 аймагт оршин сууж буй иргэдийг судалгаандаа хэрхэн хамруулсан бэ?
-Байгууллагынхаа цахим хуудсанд судалгааны асуумжийн холбоосоо байршуулсан. Санхүүжилтгүй судалгаанд хүмүүс оролцох дургүй байдаг. Тиймээс хүмүүсийг судалгаандаа оролцуулахын тулд салбараа гэсэн сэтгэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэйгээ л хамтран ажиллажбайгаа. Үндсэндээ тэдний хүч хөдөлмөр, сэтгэлээр бүтсэн ажил гэхэд болно. Зарим аймаг, дүүргийн эмч нар орон нутгийн хүмүүсээрээ судалгааг бөглүүлж, биднийг дэмжин ажилласан. Архи, согтууруулах ундаатай холбоотой судалгаа тул 18 наснаас дээш насныхныг оролцуулах нь зүйтэй юм шиг санагдаж байгаа биз. Харин бидний хувьд 15-аас дээш насныхныгхамруулж үзье гэж шийдсэн. Хуульд 21-ээс дээш насныхан архи, согтууруулах ундаа хэрэглэж болно гэдэг. Гэсэн ч 2003, 2008 онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар тэдний 10 гаруй хувь нь архи уугаад үзчихсэн, зарим нь тодорхой хэмжээнд хэрэглэдэг гэж хариулсан байдаг.
-Судалгаанд оролцогчдын 72.3 хувь нь гэр бүлтэй хүмүүс байсан. Тэдний сэтгэл зүйн байдал ганц бие хүмүүсийнхээс ялгаатай байв уу?
-Ганцаараа амьдардаг, гэр бүл зохиогоогүй, салсан хүмүүсийн архины хэрэглээний түвшин гэр бүлтэй иргэдийнхтэй харьцуулахад өндөр гарсан. Ганц бие байх нь архинд донтох эмгэгт өртөхөд 1.7 дахин нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон ганц бие хүмүүсийн 14.5 хувь нь архинд донтох эмгэгтэй. Гэр бүлтэй хүмүүсийн 8.8 хувь нь архи, согтууруулах ундааны хамааралтай. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн 29.4, эмэгтэйчүүдийн 4.7 хувь нь архинд донтох эмгэгтэй.
-Улаанбаатарт амьдарч буй болон орон нутгаас судалгаанд оролцогчдын хооронд ялгаа ажиглагдсан уу?
-Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн архаг стресс, нойргүйдэл орон нутгийнхнаас өндөр гарсан. Харин архинд донтох эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь нь орон нутагт өндөр байлаа. Хөдөө амьдардаг хүмүүсийн 9.6, Улаанбаатарын оршин суугчдын 4.9 хувь архинд донтох эмгэгтэй байв. Сэтгэл зүйн асуудал ихсэхээр архины хэрэглээний түвшин нэмэгддэг гэсэн ерөнхий хамаарал гарлаа. Үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай.
-Архи, согтууруулах ундаа хэрэглэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь юу байв?
-Манай судалгааны дүнгээр ганц бие байх нь архины хэрэглээ ихсэх шалтгаан болдог. Мөн ажилтай иргэдийн архины хэрэглээний түвшин нь хөдөлмөр эрхэлдэггүй иргэдээсээ илүү өндөр байсан. Архаг стресс, сэтгэл гутралтай, амиа хорлох бодолтой байх нь архины хэрэглээний түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг. Нийгмийн дэмжлэг муу буюу сэтгэлээ хуваалцах хүнгүй байх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал, архины хамаарлын түвшин нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн сэтгэл түгшилт нь архинд донтох эмгэгт өртөхөд нөлөөлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны тайланд сэтгэл түгшилттэй байх нь архинд донтох эмгэгт 2.5 дахин нөлөөлж байгааг дурдсан. Тэгвэл манай судалгаагаар сэтгэл түгшилт нь архинд донтох эмгэгт өртөхөд гурав дахин нөлөөлж байна гэсэн дүн гарсан.
-Судалгаанд оролцогчдын хэдэн хувьд нь сэтгэл зүйн асуудал илэрсэн бэ. Тэдгээрээс ямар эмгэг давамгай байв?
-Арван хүн тутмын найм нь архаг стресстэй. Арван хүн тутмын долоо нь нойргүйдэлтэй, зургаад нь сэтгэл түгшилт илэрсэн. Сэтгэл гутралтай хүмүүс амиа хорлох бодолтой байдаг юм уу гэхээр үгүй. Манай улсад жилд дунджаар 450 хүн амиа хорлодог. Дэлхий дахинд 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог. Амиа хорлож нас барсан хүмүүсийн 95 гаруй хувь нь эрүүл буюу ямар нэгэн өвчин эмгэггүй байдаг. “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд БНСУ-аас ирсэн багш илтгэл тавихдаа тус улсад хүүхдүүдийн дундах амиа хорлолт ихэссэнийг дурдсан. Тиймээс бага ангийн сурагчдын заавал судлах хөтөлбөрт нь амьдралын мөн чанар, амьд явах утга учрын талаар нэг цагийн хичээл оруулдаг болсноор амиа хорлолтын түвшин буурч байгааг онцолж байлаа. Иймээс сэтгэл зүйн боловсролыг сайн олгох хэрэгтэй.
Сэтгэл зүйн хэрэгцээг нь хүүхдүүдэд эцэг, эхчүүд хангалттай бүрдүүлснээр өөртөө итгэлтэй болох суурь нь тавигддаг. Өөрийн үнэлэмж өндөртэй байх нь аливаа асуудлыг даван туулах чадвартай болгодог. 2021 онд СЭМҮТ-ийнхөн “Ковид-19”-ийн дархлаажуулалтад ажиллаж байсан эмнэлгийн ажилтнууд болон хүн амын сэтгэл зүйн байдлыг 6000 гаруй иргэнийг хамруулан судалсан. Тус судалгааны үр дүнтэй харьцуулахад хүмүүсийн сэтгэл түгшилтийн түвшин нэмэгдсэн байна. Тухайлбал, 2021 онд 50 гаруй хувьтай байсан бол манай судалгаагаар 70 хувь болтлоо буюу 14 хувиар өссөн үр дүн гарлаа. Харин сэтгэл гутрал найман хувиар, архины хэрэглээний түвшин таван хувиар тус тус буурчээ. Тиймээс тархалтын судалгааг жил бүр хийж байвал дараагийн ажлуудын суурь болно гэж боддог. Судалгааны ажлын тоон мэдээлэл ихсэх тусам бодлого боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлыг нотолгоонд суурилан үр дүнтэй зохион байгуулахад тусалдаг.
-Тухайн хүний өөрийн үнэлэмж өндөр байх нь хамгаалах хүчин зүйл болдог гэсэн. Тэгэхээр үнэлэмж бага байх тусам эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг үү. Мөн өөрийн үнэлэмжээ хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
-Хайрлагдаж өссөн хүүхэд өөрийгөө өндрөөр үнэлдэг. Хүн алддаг, харин алдаагаа давтахгүй байх нь чухал гэдгийг заагаад өгчихсөн хүүхэд алдаа гаргахаас айдаггүй. Өөртөө алдах боломж олгодоггүй, төгс төгөлдөр лүү тэмүүлдэг хүмүүсийн өөртөө итгэх итгэл бага. Төгс төгөлдөр лүү тэмүүлж болох ч хүрэх боломжгүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авах чухал. Стресс багатай хүн тайван бодож, зөв шийдвэр гаргана. Хүмүүс цахим ертөнц дэх алдартнуудын амьдралтай өөрийнхийгөө харьцуулж, өөрийн үнэлэмжээ бууруулаад байдаг. Бие махбодын хувьд эрүүл, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байгаа нь хангалттай гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Үүнийг хүн бүр ойлгочихвол өөрийн үнэлэмж нэмэгдэнэ. Сайн, муу талаа бүгдийг нь хайрлаж, хүлээн зөвшөөрснөөр өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
-Судалгааны ажлын санхүүжилтээ хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Санхүүжилтгүй болохоор өөрсдийн боломжоороо л зохицуулдаг. Цаг, мөнгө байхгүй гээд хойш суухын оронд бүх боломжийг ашиглахыг хичээдэг. Бидний судалгааны ажил ямар нэгэн санхүүжүүлэгч байгууллагагүй. Харин манай багийн эмч нар ажлын байр болон оршин суугаа газраасаа өөрсдийн боломжоор судалгаагаа авдаг. Мөн бидний ажлыг дэмждэг MEDIC цахим хуудасны дагагчид, судалгаанд сайн дураараа оролцохыг зөвшөөрсөн иргэд зэрэг маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зарцуулсны үндсэн дээр л бүтдэг.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн