Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайттай ярилцлаа.
-ИБУИНХУ барууны орнуудаас манай улстай анхлан дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?
-60 жилийн ой тохиож буй энэ онд Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна. Монголчууд нэгэн жарны хугацааг ихэд бэлгэшээдэг шүү дээ. Ойн арга хэмжээнүүдээ өнгөрөгч нэгдүгээр сараас эхлүүлсэн. Тухайлбал, Британийн хаан ширээнд III Чарльзыг залах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон бол өнгөрсөн есдүгээр сард манай Зэвсэгт хүчний сайд Монголд айлчиллаа. Арваннэгдүгээр сард “Тамгагүй төр” буюу “Монгол хан” жүжгийг Лондон хотод толилуулах гэж байна. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах төлөвлөгөө бий. Энэ нь соёл, эдийн засаг, эрдэс баялаг, энхийг сахиулах, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан, харилцааны өргөн хүрээтэй санамж бичиг байх юм.
-Энхийг сахиулах чиглэлээр ажиллаж байсны тань хувьд асууя. Манай улс энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог. Британийн Зэвсэгт хүчний сайдын айлчлалын үр дүн, тэр дундаа энхийг сахиулах чиглэлээр талууд юу ярьж, тохирсон бол?
-Юуны түрүүнд 60 жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь эл айлчлалын зорилго байсан. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн учраас энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хэдийгээр Монгол шиг үлгэр жишээ орон болж, энхийг сахиулагчдаа олноор илгээхгүй байгаа ч энэ үйл ажиллагаа манай улсын хувьд чухал юм. Монгол Улсын энхийг сахиулагчдыг олон төрлийн сургалтад хамруулах талаар ярилцсан. Тухайлбал, алба хаагчдын англи хэлийг сайжруулах, энхийг сахиулах үйл ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх болон Монголын сонсогч нарыг Британийн цэргийн академийн сургалтад хамруулахаар санал солилцлоо.
ТУСГААР ТОГТНОСОН УЛС БҮР СОНГОЛТОО ХИЙХ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Та Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газарт Орос, Украины асуудлаарх багийн дэд даргын албыг хашиж байгаад Элчин сайдаар томилогджээ. ОХУ бол манай мөнхийн хоёр хөршийн нэг. Орос, Украины асуудлаар манай улсын баримталж буй байр суурийн талаар та юу хэлэх вэ?
-Монгол Улс амаргүй нөхцөл байдалд буй. Гэхдээ хөршүүдтэйгээ олон зууны турш харилцаагаа тэнцвэртэй, маш зөв авч явж ирсэн гэж хардаг. Тиймээс ч энэ асуудлаар тийм, ийм бодлого баримтлах нь зүйтэй гэж байр суурь илэрхийлмээргүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр хөрштэйгээ олон зууны турш харилцаагаа тэнцвэртэй байлгаж бэхжүүлж ирсэн. Украин бол тусгаар улс. Тиймээс ч бие даасан сонголт хийдэг байгаасай гэж Британийн зүгээс хүсдэг. Жишээ нь, Монгол Улс зарим нэгэн асуудлаар барууны орнуудтай санал нэгдэж, бас нэгдэхгүй байж болно. Гэхдээ ямар ч нөхцөлд Монгол Улс өөрийн гэсэн сонголт хийх эрх чөлөө, боломжтой байна. Яг ийм эрх чөлөө Украинд байгаасай гэж хүсээд байгаа юм. Зөвхөн Украин гэлтгүй тусгаар тогтносон улс бүр сонголтоо хийх эрхтэй байх ёстой. Хамгийн гол нь дэлхий даяараа энх тайван байгаасай. Энэ дайныг зогсоох ганц арга байгаа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Украины газар нутгаас бүх цэргээ гаргах явдал. Эл дайныг Оросын ард түмэнтэй хийгээгүй, тэдний соёл, уламжлалыг бид бүхий л талаар хүндэлдэг. Монгол, Оросын ард түмэн ч олон зууны түүхтэй найрсаг харилцаатай.
-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд манай улс зохион байгуулна. ИБУИНХУ 2021 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлыг хийсэн. 17 дугаар бага хурлыг зохион байгуулах болон байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж манай хоёр улсад хэр байна вэ?
-Цаг уурын өөрчлөлт, байгаль, экологийн доройтол бол дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт. Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах нь эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өсгөх том боломж юм. Үүнийг зохион байгуулах бүрэн боломж ч бий. Монголын тухай ярихаар хамгийн түрүүнд өргөн уудам тал нутаг, онгон дагшин байгаль төсөөлөгддөг болов уу. Манай улсын хувьд дэлхийн хэмжээний олон хурал, чуулган зохион байгуулсан туршлагаасаа хуваалцан Монгол Улсыг дэмжин ажиллахдаа таатай байх болно. Ер нь ийм томоохон хурал, чуулганы үеэр талууд, албаны хүмүүс зөвхөн уулзаж ярилцаад салдаггүй. Тус бага хурлын үеэр бий болох олон боломж, дараа нь авах арга хэмжээг Монголын чадварлаг дипломатчид ашиглаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Элчин сайд, суурин төлөөлөгч гээд гадаадын хүмүүстэй ярилцахдаа монгол хүний талаарх ойлголт, сэтгэгдэл, төсөөллийг нь олонтоо асууж байж. Энэ удаа та британи хүнийг өөрийнхөөрөө тодорхойлж хэлж өгч болох уу?
-Бид их сониуч, дэлхий ертөнц, улс орнуудыг эртнээс сонжиж ирсэн ард түмэн юм шиг санагддаг. Улаанбаатарын гудамжинд ч британи хүмүүс явж байхтай би тааралддаг. Манай улсад олон орон, ард түмний төлөөлөл цугларч, амьдардаг. Энэ байдал нь бидэнд олон давуу тал бий болгодог. Жишээ нь, Лондонд та англи хүмүүсээс илүүтэй өөр орны иргэдтэй таарах болов уу. Манай улсын иргэдээс хамгийн дуртай хоол нь юу вэ гэж асуухад энэтхэг карри гэж хариулсан байдаг юм шүү. Британи хүмүүс аливаа зүйлд аль болох эергээр хандахыг чухалчилдаг, хошин шогийн өндөр мэдрэмжтэй. Мэдээж бид маш их цай уудаг.
-Та Британийн армид офицер, терроризмын эсрэг албаны ажилтан, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн бодлогын шинжээчээр ажиллаж байсан юм билээ. Эдгээр ажлыг хийхдээ та ямар зарчим баримталж ирсэн бэ?
-Би хүн хоорондын харилцааг чухалчилж, ач холбогдол өгдөг. Жишээ нь, терроризмын эсрэг албанд ажиллаж, эсвэл үймээн самуунтай газар энхийг тогтоохоор үүрэг гүйцэтгэж байхад ч хүмүүс яагаад алан хядах үйл ажиллагаа явуулж, дайн өдөөх болов гэдэг нь миний сонирхлыг татдаг. Эдгээрийн шалтгааныг шашин шүтлэг, үзэл бодлын зөрүүтэй байдал гэж тайлбарлах нь олон ч ихэнх тохиолдолд тэр бүхэн хүмүүсийн хувийн шалтгаанаас үүдэлтэй байдаг шүү дээ. Тухайн хүн, хүмүүс нийгэмдээ гадуурхагдсан, эсвэл тэдэнтэй ёс бусаар харилцсан гэх мэт ямар нэгэн шалтгаантай учраас л тийм үйлдэл хийхэд хүрсэн байдаг.
-Хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухайд та юу хэлэх вэ?
-Боловсролын салбар нь Элчин сайдын болон хувь хүний зүгээс ач холбогдол өгөх тэргүүлэх чиглэл гэж хэлж болно. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай тогтоосон бидний харилцаа маш сайн байдаг. Тус салбарын сайдтай уулзаж ярилцахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, алсын хараа нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Залуучуудынхаа боловсролын төлөө Монгол Улсын Засгийн газраас шийдмэг арга хэмжээ авч байгаа юм билээ. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуульдаа сургалтын үндсэн гадаад хэл нь англи байхаар зааснаар иргэддээ олон улсад гарч ажиллах замыг нээж байгаа юм. Үүнд нь манай улс, Элчин сайдын яамны зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах болно. Жишээ нь, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, дижитал хувьсгал хийх, хөдөө, орон нутагт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн зорилтыг нь дэмжиж, хамтрахдаа таатай байна.
БҮГДИЙНХ НЬ БОДЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ Ч ХЭСЭГ, БҮЛЭГ ХҮНД НӨЛӨӨЛЖ ДӨНГӨВӨЛ УТГА УЧИРТАЙ САНАГДАНА
-Элчин сайдаар ажиллахдаа та хувь хүнийхээ үүднээс жижиг болов ч зүйл хийх юм сан гэсэн хүсэл тээж ирсэн болов уу. Олон улсын охидын өдрөөр та бичлэг хийж, тэдний эрхийг хамгаалахад уриалсан нь сонирхолтой санагдаж байлаа.
-Бяцхан бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Надад бодсон зүйл бий. Монголын парламентын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Илүү олон эмэгтэй улс төрийн салбарт ажиллаж, нэр дэвшин сонгогдоосой гэж хүсдэг. Ер нь Монголд ч биш, аль ч нийгэмд эмэгтэй хүн байр сууриа итгэл төгс эзэлдэг байх нь маш чухал. Учир нь тэдэнд хувцаслалтаас нь авхуулаад маш их шаардлага тавьдаг. Бүсгүйчүүдийг хийсэн ажил, ур чадварт нь үндэслэж харж, үнэлдэг байгаасай. Үүний төлөө би ганцаараа зүтгээд үр дүнд хүрэхгүй. Иймд Монголд байхдаа бусад эмэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах хүсэл надад бий. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн төлөө эмэгтэйчүүдтэй л хамтран ажиллах бус, бүх л хүнтэй нэгдэж, нэг зүгт харж байж үр дүнд хүрнэ. Мөн цахим орчинд эмэгтэйчүүд рүү хувь хүн талаас нь шууд халдаж, доромжлохгүйгээр эрүүл мэтгэлцэх орчин үүсгэх чиглэлд ажил хиймээр байна. Хүн бүр бүх зүйлд санал нийлэх албагүй ч эрүүл, шийдэл хайсан мэтгэлцээн үүсгэх боломжтой байгаасай гэж хүсээд байгаа юм.
-Намтраас тань харахад эрэгтэйчүүд давамгайлсан салбарт түлхүү ажиллаж иржээ. Та өнөөдрийг хүртэл ажил, мэргэжлийнхээ талбарт эмэгтэй хүн гэдгээрээ, хүйсээс шалтгаалсан ялгаварлалыг хэр мэдэрч байв?
-Бүх л эмэгтэй хүнд ийм асуудал тулгарч байсан болов уу. Миний хувьд эрэгтэйчүүд давамгайлсан салбарт ажиллаж ирсэн болоод ч тэр үү мэргэжилдээ сайн байх нь хангалтгүй, хамгийн шилдэг нь байж гэмээнэ ахиж, дэвших боломж бүрдэж байсан. Ажил, мэргэжлийн хувьд эрэгтэйчүүдийг дундаж ур чадвартай байхад нь өндөр албан тушаалд томилж болдог атал илүү их, бүр гайхалтай гэмээр зүйлийг эмэгтэйчүүдээс шаардах жишээтэй. Охидын өдөрт зориулан бичлэг хийж, нийгмийн сүлжээгээр дамжуулан хуваалцахдаа нэг ч гэсэн хүнд хүрч, өөрт нь боломж бий гэдгийг ойлгоосой хэмээн хүссэн. Энд ажиллах хугацаандаа бүгдийнх нь бодлыг өөрчилж чадахгүй ч хэсэг, бүлэг хүнд нөлөөлж дөнгөвөл утга учиртай санагдана.
-Таны хувьд чин сэтгэлээсээ талархдаг зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Юуны түрүүнд, эрүүл байгаадаа үргэлж талархдаг. Хоёрдугаарт, Элчин сайдын яамны хамт олон, багийнхнаа нэрлэмээр байна. Багийн ажиллагаа маш чухал болохыг би армид байхаасаа л ойлгосон. Нэг хүн хэчнээн ур чадвартай байлаа ч багаараа сайн ажиллаж чадахгүй бол томоохон ажлын ард гарч чадахгүй шүү дээ. Эцэст нь намайг үргэлж инээлгэж байдаг эмэгтэй дүүдээ үргэлж талархдаг даа.
-Элчин сайдаар томилогдож ирэнгүүтээ та мэндчилгээ дэвшүүлж, Монгол орноор аялах хүсэлтэйгээ хуваалцсан байсан. Энд ирснээсээ хойш аялав уу, хэр олон газарт очив?
-Богино боловч хугацаанд хэд хэдэн газраар аялсан юм байна шүү. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд оролцсон. Мөн Сэлэнгэ аймагт очиж, байгалийнх нь тансаг сайхныг бишрээд ирлээ. Түүнчлэн амралтын өдрөөр Тэрэлжид очдог. Говь-Алтай аймгаас Улаанбаатар луу машинаар ирэхдээ харсан байгаль маш үзэсгэлэнтэй байсан. Цаашид илүү олон газарт очиж, аялна гэхээр сэтгэл хөдөлж байна.