УИХ-ын гишүүн асан А.Ундраатай ярилцлаа.
-Та одоо хаана, юу хийж байна вэ?
-Чөлөөт уран бүтээлч гэдэг шиг, судалгааны чиглэлээр өөр орны их сургуулиудын Удирдах зөвлөлийн хүрээнд тухайн сургуулийн стратеги, хөтөлбөрийг батлах, олон улсын эрчим хүчний салбарын зарим хурал, зөвлөгөөнд лекц унших зэргээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, ногоон эдийн засагт чухал үүрэгтэй барилгажилт, түүний зэрэглэлийг (үндэсний) боловсруулах судалгааны ажлыг бид хийж байна. Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн дагуу ногоон барилгын зэрэглэл боловсруулах ажлыг Ногоон барилгын хүрээлэнд даалгасан юм.
Манай хүрээлэн шинэ байгууллага биш л дээ, анх 2014 онд Ногоон барилгын зөвлөл нэртэйгээр байгуулсан. Хүрээлэн болохоосоо өмнө хоёр жилийн хугацаанд салбарын яамандаа ажлын хэсэг хэлбэрээр ажилласан байдаг. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, голчлон хувийн секторынхон хийх нь зүйтэй гэсэн зөвлөгөөг Германы хөгжлийн агентлагаас өгсний дагуу ажиллаж байгаа нь энэ. Ингээд Ногоон барилгын зөвлөл нь 2022 онд дахин зохион байгуулалтад орж, Удирдах зөвлөлөө шинэчлэхдээ багтаа орж ажиллах хүсэлтийг надад тавьсан юм. УИХ-ын гишүүн байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороог ахалж байсны хувьд саналыг нь хүлээн авсан.
Үндсэн мэргэжил маань физикч учраас байгалийн шинжлэх ухаан, технологид суурилсан ажлыг хариуцаж явах бололцоотой гэж үзсэнийх үү, Удирдах зөвлөлийн хурлаасаа ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ сэдвийг судлах тусам таалагдаж, олон зүйлд суралцаж байна. Удирдлага, зохион байгуулалтаар хангах нь миний үүрэг учраас өөрийн туршлагад тулгуурлан мэддэг хүмүүсээр нь чаддаг ажлыг нь хийлгэж байгаа гэж ойлгож болно. Манай хүрээлэнгийн гишүүнээр холбогдох мэргэжилтнүүд ажиллахаас гадна Барилгын зураг, төслийн холбоо, Эрчим хүчний хэмнэлттэй барилгын аж ахуйн нэгжүүдийн холбоо, Барилгын хөгжлийн төв зэрэг байгууллага, томоохон банкуудын ногоон зээл хариуцсан албаны удирдлага, салбарын яамны ажил хариуцсан хүмүүс, ШУТИС болон бусад их, дээд сургуулийн багш, судлаач нар харьяалагддаг.
НОГООН БАРИЛГА ХЭДИЙЧИНЭЭ ОЛОН ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛСНООР АГААРЫН БОХИРДОЛ БАГАСНА
-Ногоон барилгын үндэсний зэрэглэл гэж юуг хэлээд байна вэ?
-Манай улс ногоон барилга гэх тодорхойлолтгүй өдий хүрсэн. Уг нь Монголд л шинэ болохоос ийм зэрэглэлээ хэдийн баталчихсан улс олон. Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэж буй нь Британийн BREEAM зэрэглэл. 1990-ээд оны эхэн үеэс Англид нэвтрүүлснээс хойш олон оронд барилга, байгууламж ногоон, эсэхийг үүгээр дүгнэж байна. Мөн Америкийн ногоон барилгын хүрээлэнгээс олгодог LEED гэх зэрэглэл бий. Түүнчлэн Олон улсын валютын сангийн EDGE хэмээх зэрэглэл байдаг. Дэлхийн 100 гаруй улсад хэрэглэдэг эл зэрэглэлийн нэлээд хэдэн эксперт нь манайд ажиллаж байгаа. Эдгээрийг шууд аваад хэрэглэж болохгүй байгаа хамгийн том шалтгаан нь өртөг. Тухайн барилгын талбайн хэмжээгээр, эсвэл хэдэн жил тутам өндөр төлбөр төлөх шаардлагатай. Жишээ нь, гэр хороололд 50 ам метр талбайтай байшин барихын тулд олон мянган ам.доллар төлж гэрчилгээ авах нь эдийн засгийн хувьд бэрхшээлтэй. Банкууд зээл өгье ч гэсэн ногоон барилга гэдгийг нь батлах гэрчилгээ нь асар өндөр өртөгтэй байгаагаас энэ ажил гацдаг.
-Зэрэглэл боловсруулах ажил нь хэр ахицтай байна вэ. Бэлэн болгоод, нэвтрүүлчихвэл манайхан хавьгүй бага өртгөөр ногоон барилгаа баталгаажуулах нь гэж ойлголоо.
-Бусад улс орныхоос дутахааргүй, ногоон барилга гэж юу вэ гэдгийг бүрэн илэрхийлж чадах, ямар нэгэн байдлаар эргэлзээ үүсгэхээргүй, хэрэглэгчид санхүүгийн дарамт учруулахааргүй зэрэглэл боловсруулах нь бидний зорилго. Энэ бүхнийг нэгэн зэрэг хангах нь ярвигтай ч манайхан хичээн ажиллаж байна. Зөвхөн хүрээлэнгийнхнээрээ хязгаарлагдахгүй, бусад олон талыг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүлэн, саналыг нь авч, тусгах зорилготой. Манайд хэдэн жилийн өмнөөс эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээ олгож эхэлсэн нь бидний ажлын нэгэн тулах цэг болж байна. Гэхдээ ногоон барилга гэдэг нь зөвхөн эрчим хүч, цахилгаан, дулаантай холбоотой ойлголт биш, илүү өргөн хүрээтэй. Усны хэмнэлт, саарал усны ашиглалт, хүрээлэн буй орчны нөлөөг багасгах болон дотоод агаарын чанарыг сайжруулах, газар хөдлөлтөд тэсвэртэй, бат бэх байх гэх мэт олон асуудал бий. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээ олгох ажлыг хийсэн хүмүүсийн зарим нь манай хүрээлэнгийн гишүүн учраас тэд ногоон барилгын шинэ зэрэглэлтэй түүнийгээ хэрхэн уялдуулж, шалгуур үзүүлэлтүүдээ яаж баталгаажуулах вэ гэдгээ судлан боловсруулж байна.
ДУНД, ЖИЖИГ РЕАКТОР БҮТЭЭХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА
-Олон талын оролцоотой энэ ажлыг базаж, нэгдсэн удирдлагаар хангах явцад хамгийн хүндрэлтэй нь юу байна вэ?
-Салбар хоорондын уялдаа чухал гэдэг нь харагдаж байна. Жишээ нь, агаарын бохирдлыг бууруулах ажил хэр үр дүнтэй байсан бэ гэдэгт чанарын үзүүлэлтүүд нь шууд хариулт өгөх байх. Маш их хөрөнгө зарцуулсан хэрнээ үр дүнд хүрсэн үү гэдэгтэй ижил асуудал бидэнд тулгамдах гээд байгаа юм. Гэхдээ ногоон барилга хэдийчинээ олон хэрэглэгчтэй болсноор эрчим хүчний хэрэглээ буурч, агаарын бохирдол багасан, амьдрах орчин цэвэрхэн болно. Үүнээс гадна бодлого тулгахаас илүүтэй хүн бүр тал талаас нь оролцож, шийдвэрлэх нь ардчилсан арга шүү дээ. Жишээ нь, иргэн та гэр, байшингаа сайтар дулаалж, шинэчилж, засварлаж, доторх агаарын чанараа хянаж, сайжруулж болно. Ногоон болгох алхмыг бага гэлтгүй тал талаасаа хамжиж, дэмжиж хийх ёстой.
-Та энэ ажлаа дурлаж хийж буй нь надад ч анзаарагдаж байна. Юу нь таныг тэгтлээ татаад байна вэ?
-Америкт сурч байхдаа LEED зэрэглэлтэй барилгууд эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэг болон агаар сайтай гэх ойлголт авсан л даа. Тэгээд үүнийг хийх санал тавихад ногоон барилгын давуу талыг аль болох олон хүнд хүргэх ажлыг зохион байгуулах нь гэж бодсоноос бус, шинжлэх ухаан талаасаа ийм сонирхолтой гэж төсөөлөөгүй. Жишээ нь, барилгын эрчим хүчний хэрэглээ, агаарын урсгал, гэрэлтүүлэг гээд бүгдийг нь загварчилж болно. Барилгын дулааны алдагдлыг физик, дотоод агаарын чанарыг химийн талаас нь томьёолох, материал судлал гэх зэрэг олон шинжлэх ухааны ойлголтыг нэгэн дор уулзуулж, нэгтгэж байгаа хэрэг. Мөн Монголд байгаа ногоон барилгуудыг үзэхийн хэрээр тэдгээрийг бүтээсэн хүмүүсийн чин сэтгэл, шургуу хөдөлмөрийг мэдэрч, анзаарч байна.
-Нэг хэсэг уран, цөмийн асуудалтай холбоотойгоор зарим хүн таныг “Цөмийн хатагтай” гэж цоллож байсан. Харин та одоо “ногоон хатагтай” болчихсон гэлтэй.
-Юу бодох нь хувь хүний хэрэг байх. Харин би юунд итгэж, юуны төлөө явах нь миний сонголт. Зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө л явна. Энэ ташрамд дурдахад, том, нүсэр цахилгаан станц барьж цөмийн эрчим хүч гаргаж байсныг бодвол дунд, жижиг реактор бүтээх хандлага нэмэгдэж байна. Цөмийн эрчим хүч ашиглах нь уян хатан болж байна гэсэн үг. Мөн үүнийг цэвэр эрчим хүчний ангилалд оруулж, бага хүүтэй зээлд хамруулах зохицуулалттай хуулийг Европын Холбоо баталсан. Олон орон ногоон эдийн засгийн зорилтдоо нийцүүлэн цөмийн эрчим хүчийг түлхүү сонгож эхэллээ. Тэр дундаа жижиг модуляр станцын эрэлт нэмэгдэж байна. Ийм чиглэлээр тэргүүлж байгаа үйлдвэрийн жишээ гэвэл Английн “Rolls-Royce”-ийг нэрлэж болно. Энэ ч утгаараа би гэхэд мэргэжлийнхээ чиглэлээр ажлын болон лекц унших урилгууд хүлээн авч байгаа. Саяхан Стэнфордын их сургуульд лекц уншиж, ажиллаж байгаад ирлээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч өдрүүдэд Франц улсад айлчилж, ураны ордыг хамтран ашиглах чиглэлээр яриа хэлэлцээ хийснийг зөв гэж харж байгаа. 2010 онд Монгол, Францын Засгийн газар хоорондын Цөмийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Тухайн үед тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд байсны хувьд тус хэлэлцээг ахалж хийснээрээ бахархдаг. Тэр хэлэлцээрийн үр дүн 13 жилийн дараа гарч байна. Олон хүний хүч, хөдөлмөрийн үр дүнгээр үүнд хүрлээ. Энэ бол алхам, алхмаар ахидаг ажил. Францаас өмнө манайх ганцхан улстай ийм хэлэлцээртэй байсан нь ОХУ. Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Монголтой адилхан ардчилсан улс. Ямартай ч цөмийн салбарын хүний хувьд хийсэн ажлаараа үргэлж бахархана. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хэвлүүлсэн ажил, бүтээлтэй “цөмийн физикч” хэмээх мэргэжил маань хамгийн бахархдаг хэргэм юм даа.
СОНГОГЧДЫН ИТГЭЛИЙГ ДААЖ ЧАДАХУЙЦ БҮСГҮЙЧҮҮД АЛЬ БОЛОХ ОЛНООР ГАРЧ ИРЭЭСЭЙ
-Та одоо улс төрөөс, намаасаа бүр хөндийрчхөөд байна уу?
-2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Үүнээс хойш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр буюу нэрээ дэвшүүлэх сонирхолтой зарим эмэгтэйд ментор болж, рейтингийн судалгаанд нь зөвлөх, дүгнэлт гаргах зэргээр дэмжиж байгаа. УИХ-д аль болох олон эмэгтэй сонгогдоосой гэсэн бодол маань хэвээрээ. Гэхдээ эмэгтэй л бол дэмжинэ гэхээс илүүтэй боловсрол, мэдлэг, ур чадвар өндөртэй, сонгогчдын итгэлийг дааж чадахуйц, ажил хэрэгч бүсгүйчүүд аль болох олноор гарч ирээсэй гэж хүсэж байна. Уг нь эрэгтэйчүүдэд ч бас ийм л шаардлага тавих ёстой л доо. Нэр дэвшигчдэд тавих эмэгтэйчүүдийн квотыг өсгөлөө гэж яриад байгаа ч эрэгтэйчүүд 70 хувийг нь эзэлж буйг ярьдаггүй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэж байгаа үед намууд жагсаалтдаа хэнийг хэрхэн оруулах вэ гэдэг нь чухал. Зарим нам нэр дэвшигчдэдээ хүйсийн хувьд 50:50-ийн харьцаатай байх шаардлага тавихаа зарласан. Ямартай ч үүнтэй холбоотой хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөнө гэж найдаж байна.
-Нэгэнт жендерийн тэгш байдлын талаар ярьсных, таны “дурлачхаад” буй ногоон барилгын хүртээмж нэмэгдэх нь алсуураа манай эмэгтэйчүүдэд ямар нөлөөтэй юм бэ гэдэг талаас нь харж үзсэн үү?
-Ер нь ногоон буюу цэвэр, амьдрахад тав тухтай барилгын талаар судлахад эмэгтэй хүний хөдөлмөрийг ямар их хөнгөвчлөх нь ойлгогдоно. Энэ жилийн Нобелийн шагналыг эдийн засгийн чиглэлээр хүртсэн эрдэмтэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлгээ, эсрэг хүйсийн хүмүүсийн цалингийн зөрүү юунаас шалтгаалж байна вэ гэдэгт хариулт өгсөн шүү дээ. Тухайлбал, эмэгтэйчүүд төрөлтөө хянаж, гэр бүлээ төлөвлөх боломж бүрдсэн нь тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үзсэн. Хөлсгүй хөдөлмөр гэгддэг цэвэрлэх, асрах, хоол хийх, манайд гэхэд гэр хорооллын нөхцөлд түлш, түлээ бэлтгэх, үнс асгах, ус авах гээд бүхий л ажлыг хөгжиж байгаа орнуудад голчлон эмэгтэйчүүд хийдэг.
Улс орон нь хэдийчинээ өндөр хөгжилтэй байна, тэр хэрээр хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь бага, хувь хүн өөртөө зориулах хугацаа нь их байдаг. Ногоон барилга нь эдгээр хөлсгүй хөдөлмөрийн ачааллыг яах аргагүй багасгана. Жишээ нь, гал түлэх тоог цөөрүүлснээр тухайн эмэгтэйн өөртөө гаргах цаг нь нэмэгдэнэ гэсэн үг. Үнс гаргахгүй, цэвэрхэн аж төрснөөр дотоод агаарын чанар сайжирч, гэр бүлээрээ илүү эрүүл, ялангуяа хүүхэд нь өвдөхгүй бол бас л ачаалал буурна. Уг нь жендерийн тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмнэ гэсэн үг биш. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил эрхлэлтийн тааруу байдал, хөвгүүдийн боловсрол хоцрогдож байгаа гэх мэт олон асуудал тулгарч байгааг ярих ёстой.
-Та УИХ-ын гишүүн байхдаа намынхнаа ч шүүмжилж, болохгүй зүйлийг нь хэлчихдэг байсан. Өнөөдөр иргэний хувиар төр, засгийн бодлого үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Нэрлэвэл асуудал олон л байна. Нэгэнт та ерөнхий асуусан учраас ерөнхий хариулахад би өөдрөгөөр харж байна. Гэхдээ анхааралтай ажиглаж л байя.