Нийгмийн сүлжээнд “Хариад Уянга” нэрээр байр сууриа идэвхтэй илэрхийлдэг, судлаач Г.Уянгаатай ярилцлаа.
-Нийгмийн сэтгэл зүй гэж юуг хэлээд байна вэ?
-Нийгмийн сэтгэл зүй нь ерөнхий утгаараа бүлгүүдийн сэтгэлгээ, үнэт зүйл, хэм хэмжээ болон зан үйлийн талаар судалдаг. Жишээ нь, хүний нийгэм дотроо улс, үндэстэн, хүйс, ажил, мэргэжил, оршин суугаа газар гэх зэргээр олон бүлэгт хуваагддаг. Эдгээр нь тусдаа нийгэм юм. Гэр бүл, нэг ангийнхан хүртэл жижигхэн нийгэм гэсэн үг. Тухайн байгууллага ямар соёлтой, тэр бүлэг, үндэстэн ямар онцлогтой юм гэдэг талаас нь нийгмийн сэтгэл зүйн шинжлэх ухаан судалдаг.
Биднийг багад томчууд энэ ийм байх ёстой, тэр тийм байх ёстой гэж ярьсан зүйлсийг амьдралд хэрэгжүүлэх гэхээр бас болдоггүй. Тэдний заасан зүйлс хоорондоо зөрчилдөх нь бий. Тухайлбал, юу болох, болохгүйг би багадаа сайн ойлгохгүй, төөрөлддөг байсан. Ээж, аав нэг зүйл ярихад өвөө, эмээгийн хэлсэн нь бас өөр байх жишээтэй. Ямар сайндаа л бүгдийг нь бичээд, заачихсан ном байдаг бол уншаад, биелүүлэх юм сан гэж бодож байх билээ. Бүлгүүдийн хооронд маш их зөрчил байдаг гэсэн үг л дээ. Үүнээс гадна аль цаг үед төрсөн хүн бэ гэдгээс шалтгаалан бас тусдаа бүлэг болчих гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хэмжүүрээр харвал хүмүүсийн үзэл санаа, үнэт зүйл, хэм хэмжээ нь ялгаатай. Хууль, эрх зүйн үндэс нь хэм хэмжээ, зарчим гэж тайлбарладаг. Тэгвэл тэр хэм хэмжээ, зарчмыг нь хэн тогтоодог вэ. Та юу гэж бодож байна?
-Өнгөрсөнд болон одоо хэн тогтоож байна вэ гэж үү?
-Өнгөрсөн болон эдүгээг холбогч нь уламжлал шүү дээ. Энэ бол суурь хөтлөгч, үнэт зүйл нь. Археологийн судалгаагаар 2000 жилийн турш нэг голын дагуу амьдарч байсан хүмүүсийн генетикийг шинжлэхэд бүгд тэр бүс нутгийнхаа иргэд байсныг тогтоосон байгаа юм. Тэр хүмүүс тухайн орчныхоо түүх, соёлыг өөртөө нэвт шингээж, үр хүүхэд, хойчистоо өвлүүлсэн шүү дээ. Орчин, нийгэм, ахуйтайгаа хэрхэн харилцах вэ гэдэг дундын ойлголтыг хэдэн мянган жилийн турш бойжуулчихсан байгаа юм. Тэр чинь л бидний онцлог, нийгмийн сэтгэл зүй гэсэн үг. Соёлд суурилсан манай нийгмийн сэтгэл зүй гэж хэлж болно.
БИДНЭЭС ШАЛ ОНДОО УЛСУУДЫН НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ МАНАЙД ЕРӨНХИЙЛӨН НЯЛЗААЖ БОЛОХГҮЙ
-Монголын нийгмийн сэтгэл зүй нь соёлд суурилснаараа онцлогтой гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Одоо цагт түгээмэл яригдаж байгаа нэг сэдэв бол колоничлол. Ер нь шинжлэх ухааны бараг бүх салбар колоничлогдчихсон. Сүүлийн хэдэн зуунд барууных л бол мундаг, бусад нь хоцрогдсон гэх сэтгэхүй маш хүчтэй байж. Барууны аль нэгэн оронд “сэтгэл зүй” гэдэг нь тийм, ийм байдаг гэж тайлбарласны дагуу бид төсөөлж, хүлээн авдаг. Гэтэл барууны суурин соёлд өсөж, хүмүүжсэн оюутнуудад түшиглэн хийсэн судалгааг манайх шиг хөдөөд төрж, торнисон хүмүүсийнхтэй харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаа гарна. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд WEIRD (Western, educated, industrialized, rich, and democratic гэсэн үгсийн товчлол) гэх ойлголт байдаг. Сэтгэл зүйн салбарын судалгаануудын 96 хувь нь WEIRD буюу барууны, боловсролтой, аж үйлдвэржсэн, баян, ардчилсан улс оронд хийгдсэн байдаг. Эдгээрийнх нь бараг 70 хувь нь Америкийнх байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, биднээс шал ондоо улсуудын нийгмийн сэтгэл зүйг манайд ерөнхийлөн нялзаан хэрэглэж болохгүй. Үүнээс үүдэн нийгмийн сэтгэл зүйд шинэ салбар шинжлэх ухаан үүсэж байгаа нь “соёлын сэтгэл зүй” юм. Би энэ мэргэжлээр суралцсан. Соёлдоо суурилан яаж сэтгээд байгааг нь судалдаг гэсэн үг. Сүүлийн таван жилд соёлын сэтгэл зүйн талаар идэвхтэй ярьж байгаа ч их сургуулийн түвшинд хөтөлбөр болгон зааж буй гуравхан их сургууль бий.
-Тэгвэл манайх шиг сэтгэл зүйтэй нийгмийн онцлог нь юу юм бэ. Соёлд суурилсан онцлог нь бидний хөгжлийг тэтгэж байна уу, арагш татаж байна уу?
-Жишээ нь, “хөгжил” гэж юу вэ. Барууны орнууд шиг болчихвол “хөгжилтэй улс” хэмээн тодорхойлох нь бидний суурь соёлыг үгүйсгэж буй хэрэг. Америкаас, эсвэл Европоос ч юм уу хэдэн хүн авчраад хөдөө нүүдэлчин ахуйгаар амьдрахыг тулгавал тэд нэг өвлийг амьд давах чадвар нь ямар байх бол. Хөгөө чирэх биз. Бидэнд байгаа соёлын мэдлэг бүхий капитал тэр хүмүүст байхгүй шүү дээ. Яг энэ хөрсөн дээрээс бид тэднийг хэрхэн аж төрөх гэж байгааг нь харвал хөгжилгүй, дорой хүмүүс болчихож байгаа юм. Харин бидэнд уламжлагдан ирсэн нүүдэлчдийн соёлын капитал нь бий учраас ажрахгүй өвөлжинө. Тиймээс биднийг өөрийн ахуйд соёлоо хэрэглэж байхад нь хөгжилгүй гэж тодорхойлох ямар ч боломжгүй. Харин магадгүй хөгжлийг мөнгөөр хэмжих гээд байгаа бол арай өөрөөр ярьж мэднэ. Гэхдээ хүний нийгэм бүхнийг мөнгөөр хэмждэггүй нь юутай сайхан.
Нөгөө талаас хүний хөгжлийг тооцдог аргууд бий. Жишээ нь, хүүхэд хэдэн насандаа хэр олон чадвартай байна вэ. Хүний нийгэмшлийн хөгжил нь төрөнгүүтээ л эхэлдэг. Энэ хөгжил нь олон үе шат туулна. Улаанбаатарт тоглоомын талбайд өнжиж байгаа хүүхэд тийм ч олон чадвартай байдаггүй. Тоглох арга хэлбэр нь ч цөөн. Гэтэл хөдөөгийн хүүхдүүдийн сэтгэл зүйн хөгжил нь асар нарийн, дээд түвшинд хүрчихсэн байдаг. Найз нөхөд, аав, ээж, ахмад настнуудтай харилцах чадвартай төдийгүй мал, амьтнаа хүртэл ойлгодог.
-Соёлын сэтгэл зүй талаас нь манайхыг тухайлан судалсан нь хэр олон бол?
-Соёлын сэтгэл зүй талаас нь хийсэн судалгаа хомс. Гэхдээ үүнийг ойлгоход хэрэг болдог антропологийн судалгаа нь гайгүй шүү. Одоогоор хийж үзсэн судалгаануудаас манай сүүлийн үеийн өөрчлөлт, траума тодорхой харагддаг.
-Өөрчлөлт гэдэг нь юу вэ?
-Өөр өөр цаг үед амьдарч байсан хүмүүсээс нэг л зүйлийг асуугаад байдаг. Тухайн зүйлээ тодорхойлж буй хэлбэр, хүрээллээ ярьж байгаа нь маш ялгаатай. Жишээ нь, 85-аас дээш настай, хэлмэгдүүлэлтээс өмнө мэндэлсэн хүмүүс бидний суурь соёл буюу уламжлалт, нүүдэлчин ахуйдаа төрсөн байдаг. Төрөхөд нь л ээж, аав нь төрөлх соёлоо чөлөөтэй өвлүүлж байсан. Тэд багадаа ямар ч айдас туулж, харгислал үзээгүй. Тэртээ XIII зууны үеийн сударт гардагтай ижил зүйлсийг ахмадууд маань ярих жишээтэй. Харин их харгислалын үед хүн амынхаа 10 хувийг хэлмэгдүүлж, амьд үлдэгсдэд нь хойч үедээ соёлоо өвлүүлэхийг нь хориглочихсон. Үүнээс үүдэн 1950-1970 оныхныг антропологийн ухааны нэршлээр “коммунист инкубатор”-ын үеийнхэн гэж нэрлэдэг. Үүнээс өмнөх үеийнхнийг мэндлэхэд нь л нүүдэлчин соёлдоо умбуулж, өвлүүлдэг байсан бол “коммунист инкубатор” үеийнхэнд том зааг гарч ирсэн. Энэ үеийнхний үнэт зүйл нь монгол нүүдэлчин бус, коммунизмын үзэл суртал болж хувирсан гэсэн үг. Ингээд үнэт зүйл нь өөр учраас бусад бүлэгтэйгээ зөрчилдөх үндэс тавигдчихаж байгаа юм. Нэг нь өөрсдийгөө Оросын соёлтой, сэхээтэн хүмүүс гэдэг бол нөгөө нь уламжлалаа хадгалсан, өв соёлоо тээж буй хөдөөнийхөн гэгддэг. Ингэснээр нэг нь нөгөөгөөсөө дээр, илүү гэсэн хийсвэр эрэмбэ үүсгэчихсэн гэх үү дээ. Улмаар өөр үнэт зүйлтэй бүлэг болох “коммунист инкубатор”-ынхан дараагийн үеэ өөрсдийнхөө сурснаар хүмүүжүүлэх гээд байдаг. Миний эмээ, өвөөгийн надад хэлдэг байсан зүйлс сургууль дээрх “орос школ”-оор зааж байснаас тэс өөр байсан. Тиймээс ч тэнгэр, газар шиг төсөөллийн дунд би алийг нь дагах вэ гэж зөрчилдсөөр 30 нас гарч байж сонголтоо хийсэн. Эмээ, өвөөгийнхөө хэлснийг зөв гэж үзсэн юм.
ӨНГӨРСӨН, ДАРАНГУЙЛАГЧ ҮЕЭ ХАЯАД, ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ
-Үнэхээр ч үе хоорондын зөрчил ил тод ажиглагдаж, бүр бүтэн үеэр нь ад үзэж, алга болоосой гэх зэргээр ярих болж.
-Харин тийм. Үнэт зүйл нь таарахгүйн улмаас зөрчилдөөд байна шүү дээ. Ер нь үнэт зүйл, соёл нь бидний нийгмийн дундын зарчим, хэм хэмжээг тогтоодог. Төр, засгийн сүүлийн 100 жилийн бодлого үндсэндээ барууных байлаа. Эрх зүйн тогтолцоо нь Ром-Германых руу шилжчихсэн ч байх шиг. Энэ бол суурин соёл иргэншилд тулгуурласан тогтолцоо. Бидэнд эрх зүйн өөрийн гэсэн тогтолцоо байхгүй юм шиг итгүүлчихсэн. Гэтэл “Их засаг” хэмээх хэдэн мянган жилийн мэдлэг, түүхээс гаралтай, эрх зүйн маш том сурвалж бидэнд бий. Ром, Визант, Хятадын эртний судруудад өвөг дээдсийн маань талаар дурдахдаа шийдвэр гаргахын тулд “хурилдай” хийж хуралддагийг нь онцолсон байдаг. Хэдэн мянган жилийн турш нийтээрээ хэлэлцэж, дундаасаа шийдвэр гаргадаг прото-ардчилсан манай соёл ганц удирдлагатай гадаадын соёлыг хүлээж авахгүй байна.
-Эхэнд дурдсан хоёроос хойших үеүдэд ийм ноцтой зөрчил, ялгаа ажиглагдаж байна уу?
-Өнөөгийн 30, 40 настай хүмүүсийн яриа тэр үеийнхнээс тэс өөр. Хүүхдүүдийг ажиглахаар ярианы хэв маяг нь бүр youtube хэл болж эхэлж байна лээ. Уг нь хүний ярианы соёлын темп нь бусдын яриаг таслахгүй хүлээх, эсхүл хүлээхгүй байх гээд олон нарийн нандин зүйлс агуулж байдаг. Гэтэл хүүхдүүдийн ярианы хурд хүртэл дэлгэцээ харж ганцаараа ярьдаг влоггерынх шиг хэмнэлтэй болж буй нь ажиглагдаж байна. Яг ийм нөхцөлд бидний харилцаж байгаа хүнээ дуустал нь ярихыг хүлээдэг соёл хэр удаан хугацаанд амьд байх бол. Гэхдээ ингэж хэллээ гээд эцэг, эх нь хүүхдээ youtube үзэхийг нь хоригло гэж байгаа юм биш. Харин ч утсаа ширтээд сууж байгаа томчууд хүүхэдтэйгээ нүд нүдээ харж ярилцаач, хүүхдэдээ соёлоо өвлүүлээч гэж хэлмээр байна.
-Та яагаад соёлын сэтгэл зүйгээр суралцсан юм бэ?
-Ийм мэргэжил байдгийг ч мэддэггүй байлаа. Эхлээд эрх зүйчээр бакалаврын зэрэг хамгаалахдаа хэм хэмжээ, зарчим гэдэг зүйлийг хэн тогтоогоод байгааг огт ойлгоогүй. Тэгвэл үүнийг хэн тогтоодог юм бэ. Үүнд хариулахын тулд Австралид нийгмийн судалгааны чиглэлээр сурахад нэг асуудал үүссэн л дээ. Тэнд яриад байгаа нийгэм миний мэддэгээс өөр байсан. Манай нүүдэлчин нийгмийн талаар хийсэн судалгаа Австралид огт байхгүй. Тиймээс барууныхны судалгаагаар нийгэм бол тийм, ийм гэж ерөнхийлөн ярихаар нь ангидаа ганцаархнаа монгол би шал өөр ертөнцөөс ирсэн мэт жишээ авч ярьдаг байлаа. Энэ зөрчилтэй ойлголтоос би нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээг судалдаг арга зүйг сурахаар эндээс хайж эхэлсэн гэх үү дээ. Тэгээд ч магистрт сурч байхдаа соёлын онолын талаар түлхүү судалсан. Мөн энэ үедээ соёлын сэтгэл зүй болон түүний судалгааны арга зүйг судалж байж би өөрийн нүүдэлчдийн ялгаагаа шинжлэх ухааны талаас батлан тайлбарлах чадвартай болох юм байна гэж бодсон.
Нэг зүйлийг онцлоход, хүүхэд, залуучууд юу сурахаа мэдэхгүй байх нь нийтлэг. Үүнээсээ битгий ичиж, санаа зовоорой. Ойлгомжгүй зүйл байна гэдэг нь судлах орон зай хаана байгааг харах боломж бүрдүүлж буй хэрэг. Коммунизм бол тоталитар дэглэм, дарангуйлал. Тэр дундаа Оросын коммунизм бол айдаст суурилж удирддаг. Хүнийг ичээж, өмнөх туулсан бодит түүхийг нь үгүйсгэх зам руу түлхдэг. Ингэж айдаст автсан хүн өөрөөсөө ичиж, цааш сурах хаалгаа өөртөө хааж байдаг. Бидний дунд амьд байгаа энэ бурангуй соёлын нөлөөнд нь битгий автаарай. Өнөөдөр 30-40 насныхан хамгийн идэвхтэй, тэр хэрээр нөлөөтэй байх үе нь ирчихээд байна. Бид чанга дуугарч байх хэрэгтэй юм билээ. Тэгвэл хэдэн арван жилийн турш дуугарахаасаа айж, “мэдэхгүй” гэж хариулдаг болсон өмнөх үе маань ч ярьж эхэлнэ.
-Одоо олон нийтийн дуу хоолой чангарч байгаа гэвэл Та санал нийлэх үү?
-Өөрчлөгдөж байгаа. Дахин хэлэхэд, соёл бол капитал. Соёл бол биет бус хөрөнгө юм. Бид ямар хөрөнгөтэй вэ гэдгээ мэдэхгүй байна. Түүх, соёлоо таниулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Капиталаа олж харахгүй байгаа залуучууд гадаад улс руу л явах мөрөөдөлтэй, Ким Кардашян шиг эмэгтэйг л гоё гэдэг хүн олон болчихсон ч байх шиг. Тэгвэл дэлхийд энх тайвныг авчрах алхмуудыг манай өвөг дээдэс л хийж байсан. Өнгөрсөн, дарангуйлагч балай үеэ бид хаяад, өдгөө өөрчлөгдөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ одоо боломжоо ашиглаад соёлын капиталаа барьж авч, үр хүүхдүүддээ атгуулаад үлдээх нь чухал.
-Нэг үеэ бодвол Соёлын яамтай болчихсон шүү дээ. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа соёлын бодлогыг та хэр үнэлдэг вэ?
-Бодлогын олон төрөл бий л дээ. Түүхийг улс төрийн зорилгоор ашиглах нь элбэг байдаг. Хэрхэн, яаж ашиглаж популизм хийж байгааг судлахын тулд барууныхан бүр шинжлэх ухааны салбар болгоод хөгжүүлчихсэн байна. Ер нь түүхийг улс төрийн нөлөөний зорилгоор гадаадууд өөртөө ашигтайгаар ашигладаг. Жишээ нь, Чингис хаанаас гадна олон хаан, хатан манай түүхийг бүтээлцсэн, өөр өөрийн өвтэй. Гэтэл, зөвхөн нэгийг нь тодруулж гаргаж ирэх нь ямар ашигтай вэ гэдгийг бодох ёстой. Цаад санаа нь нэг л удирдагчтай, түүнээс хойш тийм хүн төрөхгүй, одоо ч ганц л удирдлагатай байя гэдэгт чиглээд байгаа юм биш үү. Үнэндээ Чингис хаан ганцаараа удирдаагүй шүү дээ. Маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, хуралдаж байж шийдвэр гаргадаг менежер байсан. Мөн бид нэгэн чухал зүйлийг харахгүй өнгөрөөгөөд байдаг нь “Тэмүүжин өөрөө ямар соёлд төрсөн хүү вэ” гэдэг асуулт юм. Чингис хаан өөрийн соёлоо маш сайн өвлөж авсан байдаг. Түүх, соёлоо маш сайн мэддэг хүн байж. Тиймээс ч Чингис хаан олуулаа хэлэлцэх Хүннүгийн үед байсан хуралдайгаа хуралдуулж ирсэн байх жишээтэй. Үүгээрээ би соёлын контентуудаар дамжуулан тархи угаах гээд байна уу гэдгийг сайн анзаарч, хэрсүү байж, шүүлтүүртэй хандаарай гэж хэлэх гээд байгаа юм.
СОЁЛЫН КОНТЕНТООР ДАМЖУУЛАН ТАРХИ УГААХ ГЭЭД БАЙНА УУ ГЭДГИЙГ САЙН АНЗААРААРАЙ
-Сүүлийн үед “Нийтээрээ сэтгэцээ үзүүлье” гэх мэтээр нийгмийн сүлжээнд ярьж, бичих боллоо. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Нийгмийн сүлжээ хэмээх тусдаа орчин байна. Бодит нийгэмтэй зэрэгцэн оршиж байдаг зэргэлдээ бөгөөд хүний зөөврийн нийгэм гэсэн үг. Тэнд хэрэглэдэг үг, хэллэг бол маш хүнд. Удаан байвал ямар ч хүний сэтгэл зүй хэцүүднэ. Тиймээс аль болох бодит байдал руугаа өнгийх хэрэгтэй. Мөн нэг газарт олноороо төвлөрч амьдрах нь бидний суурь соёл биш. Ер нь биднийг сүүлийн 70 жилд суурин амьдрал руу чирч, ингэж л амьдарвал гоё гэж итгүүлээд байгаа юм. Хүн өөрийн хэлээрээ ярихгүй хэдэн сар болоход депресст ордог, тэгвэл нийтийн орон зай нь цэлийсэн тал байдаг газрын хүн нийтийн орон зайгүй газар луу орж амьдарвал яах бол?
-Хөдөө, ороннутагт байдаг залууст төрийн үйлчилгээ очихгүй байгаа талаар та судалгаа хийснээ хуваалцсан байсан. Судалгааныхаа талаар тодруулахгүй юу?
-Төрийн үйлчилгээ хөдөө, орон нутагт ямар хэлбэрээр очиж байгаа, иргэдийн айдас ямар байгаа талаар судалгаанууддаа оруулаад явдаг юм. Улс төрийн байдлаас хамаарч урт хугацааны өөрчлөлт ямар байх вэ гэж хувьдаа сонирхдог. Эхний байдлаар төрийн үйлчилгээ хөдөө, орон нутагт хотыг бодвол хоёр дахин бага байдаг бол айдас болон цагдаатай тулсан учрал нь зүүн аймгийн эрчүүдэд их өндөр гарч байна. Би үүнийг зүүн аймгийн эрчүүдэд төрийн үйлчилгээ хүрэхгүй мөртлөө дарангуйллын дэглэлт их өндөр байдаг юм болов уу гэж таамаглаж байгаа.
-Та ойрын өдрүүдэд ямар зүйлд төвлөрөн ажиллав?
-“Соёлын өртөө” ТББ маань Монголын биет бус өв болох “соёлын дардас” хэрхэн энд тэнд амьд байдаг, Монголын легаси дэлхийд хэрхэн үлдсэн, нүүдэлчдийн философи нь барууныхныхаас өөр байдаг талаар харуулах зорилготой нэгэн уран бүтээл бэлдэж байгаа.