Улаанбаатарт зохион байгуулсан, модон бөмбөгийн “Залуу од” клубийн нэрэмжит намрын нээлттэй сорилго тэмцээнд ХААИС, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэг, дээрх клубийн нийт таван багийн 36 шилдэг тамирчин өрсөлдсөн. Тэднээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж 90 оноогоор түрүүлсэн юм. Тэрбээр БНХАУ-ын Шаошин хотод энэ сарын 13-19-ндүргэлжлэх Азийн АШТ-д өрсөлдөх эрх авснаар шигшээ багийнхантай оролцож буй. Түүний хувьд БНСУ-д 2019 онд болсон тивийн АШТ-дур чадвараа сорьж хүрэл, олон улсын нээлттэй тэмцээнээс мөнгөн медальтай ирж байв. Тус тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн төрөлд тэрбээр VIII байрт шалгарч, Азийн шилдэг найман тамирчны нэгээр тодорсон юм.
-Та их содон нэртэй юм. Миний хувьд спортынхноос ийм нэртэй тамирчинтай анх удаа ярилцаж байна.
-Хүмүүс яриа өрнүүлснийхээ дараа яг тан шиг ингэж хэлдэг. Надтай нэр нэгтэй хүн Монголд хэр олон хүн байгааг сонирхож судлахад ховор юм билээ.
-Модон бөмбөгтэй нөхөрлөсөн тамирчдын олонх нь “Залуу од” клубээс амжилтынхаа гарааг эхлүүлсэн байдаг. Та ч бас тэдний нэг байх.
-Тийм ээ. Би 2015 оны намар ХААИС-ийн инженер технологийн ангийн оюутан болсноор энэ спорттой анх нөхөрлөсөн. Спорт сонирхоход оюутан цагийн ангийн хамт олон их нөлөөлсөн шүү. Тэднээс О.Мижиддорж намайг модон бөмбөгт татан оруулж байв. Сургуулийнхаа тамирчдыг зааланд бэлтгэл хийхийг нэг өдөр сонирхож харахад хичээллэж болмоор санагдав. Тэдэнтэй дараа жилийнх нь хавраасбэлтгэл хийж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл энэ спортоос холдоогүй. Клубийнхээ тамирчидтай хоёр жил бэлтгэл хийж, шаргуу хичээллэсний үр дүнд гадаадын тэмцээнд оролцдог болсон юм. БНСУ-ыг зорьж, Азийн АШТ-д анх өрсөлдөхдөө тивийнхээ шилдгүүдийг харж, ур чадвараа хэрхэн ахиулах талаар олон зүйл сурч байлаа. Монголд модон бөмбөг хөгжиж буй, залуу спортын төрөлд багтдаг ч Ази, Европын орнуудад өндөр хөгжсөн.
-Монголын тамирчид тив, дэлхийн тэмцээнээс олон медальтай ирсэн санагдана. Хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн сэтгэлд тань тод үлдсэн биз?
-Би тивийн АШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна. Хонконгод 2017 онд зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд анх оролцсоныхоо дараа жил багийнхантайгаа Тайландыг зорьж, ДАШТ-д өрсөлдөн, V байрт шалгарсан юм. Тамирчдад анхны тэмцээн, медаль дурсамж болж үлддэг. Эхний тэмцээний зам уул өөд өгссөн, бөмбөг цохиход тогтохгүй, өөр зүг рүү өнхрөөд амаргүй байсныг одоо ч мартдаггүй. Бид гадаадын тамирчид шиг олон улсын стандартад нийцсэн тоглолтын талбайд байнга бэлтгэл хийдэг сэн бол тэднээс дутахгүй амжилт гаргана. Бидний хувьд зуны гурван сар хамгийн чухал. Манайхан амьдарч буй орчин нөхцөл, цаг улирлын байдалдаа тохируулан голдуу урин дулаанд бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө хэмжээнд бэлтгэл базааж тэмцээнд оролцдог ч зарим зүйлд өрсөлдөгчдөөсөө дутуу байгаа нь анзаарагддаг.
-Улс бүрийн тамирчид өөрийн гэсэн тоглох онцлогтой. Манайхан тэмцээнд сэтгэл зүй хэр өндөртэй оролцдог бол?
-Хасагдах журмаар тоглодог халз тэмцээнд бөмбөгөө оруулчихаад нөхдөдөө урам өгч хашхирахад эсрэг багийн Хятад, Хонконгийн тамирчид сандраад эмээж байгаа нь мэдрэгдэнэ. Тамирчид тэмцээнд оролцохдоо өрсөлдөгчдөө биеийн хөдөлгөөн, үйлдлээрээ өөрийгөө илэрхийлдэг. Гадаадын тамирчдыг орилохоор манайхан айхаас илүү хор шар нь улам хөдөлнө шүү дээ.
-Хүүгээ тамирчин болохоор тэмүүлэхэд аав, ээж тань хэр дуртай хүлээж авав?
-Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд төрсөн. Хөдөөгийн уудам талд өссөн болохоор байгальтай ойр байх дуртай. Намайг спортоор хичээллэсэн цагаас аав, ээж минь сайн дэмжсэн. Тэднийхээ ачаар дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцлоо. ХААИС-ийн удирдлага, багш нар модон бөмбөгийг спортын бусад төрлийн адил маш сайн дэмждэг. Оюутны универсиад наадмын шагналт байрт манай сургуулийн тамирчдаас шалгарсан байдаг юм. Миний хувьд БНСУ-д 2019 онд болсон Азийн АШТ-д багийнхантайгаа оролцож хүрэл, “Korea open” олон улсын тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн. Тивийн тэмцээний шилдэг наймд шалгарч, Азийн шилдэг найман тамирчны нэг болсонминь саяхан мэт санагдаж байна. Бидний өмнөх шигшээ багийнхан ДАШТ-ээс хүрэл медаль гардсанаар Монголд энэ спорт хөгжиж, тив, дэлхийн тэмцээнд ана мана өрсөлддөг болсныг харуулсан. Тэднээс Б.Баянбулаг, Б.Мягмарсүрэн нар хосын төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн.
-Модон бөмбөгийг анх хөгжүүлсэн орон бол Тайвань. Тамирчид нь ямар ч тэмцээнд хүчтэй өрсөлддөг гэж сонссон.
-Тамирчин болчихоод ДАШТ-д өрсөлдөж үзэх сэн гэж их боддог байв. Тэр хүсэл мөрөөдлөө Тайланд улсад биелүүлсэн. Шилдгүүдтэй өрсөлдөхдөө эхэндээ сүрдэж сандардаг байлаа. Модон бөмбөгийн тэмцээнд амжилт гаргах амаргүй. Тэмцээний үед халширмаар зүйлтэй бишгүй тулгардаг. Бүгчим халуунд тоглоно. Мөн бороо хувингаар цутгаж буй мэт орсон ч тэмцээн үргэлжилнэ. Байгалийн ямар ч үзэгдэл болж байсан тэмцээнийг зогсоохгүй үргэлжлүүлэх нь хэцүү санагдаж билээ. ДАШТ-ий тоглолтын талбайг гольфынх шиг зассан байв. Зам нь элс, шавар ихтэй. Бөмбөг цохиод ч өнхрөхгүй. Дэлхийн шилдгүүд ч тэр тэмцээнд тааруухан оролцож, нутаг буцахыг нь хараад улс маань биднийг дорвитой дэмжээд өгдөг сөн бол нөөц, боломж байна гэх бодол төрсөн. Модон бөмбөгийн тамирчдад 2019 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэл хийх талбай гаргаж өгсөн ч засаж янзлаагүй тул болохгүй юм билээ.
-Гадаадын тэмцээнд оролцохдоо манайхны гаргадаг алдаа юу вэ?
-Манайхан боломжийн хэрээр бэлтгэл базааж оролцдог ч ойрын зай болох 3-4 метрт бөмбөг цохихдоо алддаг. Энэ нь ийм зайд бэлтгэл хийх газар байхгүйтэй холбоотой. Бид олон улсын стандартад нийцсэн талбайгүй ч гэсэн гадаадын тамирчдаас аль болох хоцрохгүйг хичээнэ. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож ирснийхээ дараа шигшээ багийн дүү нартаа харсан, сурсан зүйлээ харамгүй хуваалцдаг. Энэ спортод насны хязгаар байдаггүй. БНСУ-ын модон бөмбөгийн тамирчид хижээл насныхан байдаг. Шигшээ багийнханд Улаанбаатарт талбай олддоггүй тул хотоос зайдуу гарч бэлтгэл хийх нь нэг талаар хэцүү санагддаг ч зорилгоо бодоод үргэлжлүүлдэг юм.
-Дасгалжуулагч Ж.Загас багш шигшээ багийг нэг үеийн төгсөлтийнхнөөс бүрдүүлдэг шиг санагдсан.
-Ингэх нь тамирчдыг нэгдмэл зорилготой болгодог. Бэлтгэл хийх явцдаа нэгийнхээ зан чанарыг мэдэж, ойр дотно нөхөрлөнө. Багш бидний төлөө хамгийн их санаа тавьдаг. Шавь нарынхаа ар гэрийнхэнтэй байнга холбогдож, тэмцээний зардлыг нь олохоос өгсүүлээд сургуулийн удирдлагатай уулзан, хичээлээс нь чөлөөлүүлэх, ангийнх нь хамт олонд хичээлийг нь нөхүүлж бичүүлэх гээд олон ажил зэрэг амжуулна. Бид багшийнхаа хүчинд гадаадын олон тэмцээнд оролцож, газар үзэж, нүд тайллаа. Энэ ташрамд, зэмлэж, магтаж, бас зааж зөвлөж ирсэн багшдаа маш их баярлалаа.
-Спортоор хичээллэсэн хүн эргэж буцахгүй, тууштай болдог. Одоо хэр баргийн зүйлд шантрахгүй болсон биз дээ?
-Анх хөл тавьж байх үеэ одоогийнхтой харьцуулахад зан чанарын хувьд их өөрчлөгдсөн. Модон бөмбөгийг анхаарлаа төвлөрүүлж, талбайн зайг сайтар тооцоолон тайван тоглодог. Спорт хүнийг хүмүүжүүлж, зөв төлөвшүүлдэг гэдэгтэй санал нэг байна. Шигшээ багийнхнаас гадна аав, ээж минь“Чи өмнөхөөсөө илүү тайван болсон” гэдэг юм.
-Тамирчид гадаадын тэмцээнд оролцсоор байгаад нэгнээ мэддэг болдог. Аваргуудаас хэнтэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Шилдгүүдээс Индонезийн тамирчин Ахрис Сумриянто амжилтынхаа чансаагаар дэлхийд II байрт жагсдаг. Бид танилцсан цагаасаа цахимаар харилцаж, мэдээлэл солилцож эхэлсэн. Тэрбээр цохиур, бөмбөг хийдэг. Би 2019 онд БНСУ-д болсон тэмцээний өмнөхөн түүнд цохиур захиалж, анх танилцсан юм. Түүний давуу тал, ур чадвар, туршлагаас суралцах зүйл их бий. Нөхөрлөлийнхөө хүрээнд надад тэр жил тоглодог техникээ нэг бүрчлэн заасан. Тэндээс бичлэг хийж ирснээ дүү нартаа зааж байлаа. Монголын тамирчдаас Г.Болдбаатар түүний техникээр маш сайн тоглодог. Сүүлийн үед гольфын тамирчид энэ спортоор хичээллэж, УАШТ-д оролцдог болсон. Модон бөмбөгөөс гольфын дүрэм, техник өөр ч цэвэр агаарт, байгалийн зүлэгтэй талбайд тоглодгоороо адил.
-Хүүхэд байхдаа софт теннис, сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан гэл үү?
-Модон бөмбөг миний хожуу сонирхсон спорт. Багадаа софт теннис, сагсан бөмбөг, шагайн харваагаар хичээллэсэн. Улсын наадмын шагайн харвааны тэмцээнд Төв аймгийн багийнхантай оролцдог. Үндэсний спортоос шагайн харвааны төрөлд Дундговь, Дорноговь аймгийнхан алдартай мэргэчүүдтэй. Өнгөрсөн наадмаар Дундговь аймгийн ахмадын багийнхан аваргаар шалгарч, залуус нь мөнгөн медаль хүртсэн. Модон бөмбөгийн тамирчдаас Багануур дүүргийн тамирчин, ОУХМ Б.Мөнхбат шагай харвадаг, аймгийн гоц мэргэн цолтой.
-Азийн АШТ зохион байгуулсан орнуудаас ямар улс таатай бодол төрүүлэв?
-Шаошин Ханжоутой ойрхон. Өмнөд хөршийн томоохон, цэвэрхэн, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ихтэй хотуудын нэг. Ханжоугаас тус хотод очиход нэг цаг явдаг юм билээ. Шаошин хотод эхэлсэн Азийн АШТ цар тахал дэгдэхийн өмнө болох байв. Биднийг оролцохоор явах гэж байтал хойшилж, гурван жилийн дараа хийж байгаа нь энэ. Шигшээ багийнхны төлөвлөж буй дараагийн тэмцээн Малайзад болох ДАШТ. Миний хувьд зорьж буй тэмцээн бол элсний дэлхийн наадам. Спортын буянаар Азийн олон оронд хөл тавьсандаа баярладаг. Тэднээс Тайланд улс их өвөрмөц. Монголчууд шиг буддын шашинтай. Тэнд хэд алхаад л бурхан багшийн хөшөө таарах нь өөрийн эрхгүй сонирхол төрүүлдэг. Миний хувьд багийнхантайгаа Азийн АШТ-д амжилттай оролцохыг зорьж байгаа. УАШТ-ээс хойш бэлтгэл тасралтгүй хийсэн. Ямар ч спорт тухайн тамирчнаас тууштай, зорилготой байхыг шаардана. Шантарсан нь больж, даван туулсан нь спортод үлддэг. Би модон бөмбөгийн долоо дахь шигшээ багийн тамирчин. Надтай хамт хичээллэсэн эрэгтэй дөрвөн тамирчнаас хоёр нь үлдэж, бусад нь амьдралын шаардлагаар зам, мөрөө хөөсөн байна.
-Та сонирхдог спортынхоо төрлүүдэд ямар амжилт гаргасан бэ?
-УАШТ-ий ганцаарчилсан төрөлд тус бүр хошой мөнгө, гурван хүрэл медальтай. Сагсан бөмбөг, софт теннис, шагайн харвааны тэмцээнээс хүртсэн медаль олон бий. Модон бөмбөгийн тэмцээнээс хүртсэнээ тусад нь туузанд өлгөдөг юм. Шагналын ихэнхийг хүрэл медаль эзэлдэг. Ялж хүртдэг медаль болохоор их бэлгэшээдэг шүү. Монголд цохиур үйлдвэрлэдэггүй болохоор гадаадаас чамгүй өртгөөр захиалж хийлгэнэ. Хичээллэснээсээ хойш дөрвөн цохиур сольжээ. Одоо Тайваньд үйлдвэрлэсэн цохиураар тоглож байна. Техникээ эхнээс нь зөв сурвал бэлтгэл хийхдээ бөмбөг, цохиураа ч гамнана. Азийн орнуудаас Тайвань, Тайланд Хонконгийн тамирчдын тоглолт өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Индонезийн шигшээ багийнхан маш хүчирхэг. Тэд ямар ч тэмцээнд амархан бууж өгөхийг хүсдэггүй.
-Энэ жилийн УАШТ-ийг сонирхогчид, мастер ангилалд анх удаа зохион байгуулсан гэв үү?
-Сонирхогчдын ангиллынхан хоорондоо тоглох нь тэмцээний уур амьсгалыг улам сонирхолтой болгосон. Модон бөмбөгийн тэмцээнд нэг л оноо алдахад хожлын тухай ярих амаргүй. Тиймээс тамирчид алдаа гаргахгүйг хичээж, ана мана өрсөлдөнө. Би энэ жил спортын мастер цол хүртлээ. Дотоодын тэмцээнд “Залуу од” клуб, гадаадынхад Монголын шигшээ багийн тамирчин гээд зарлуулж зогсохдоо сэтгэл их догдолдог.
-Азийн наадмын тэмцээн өндөрлөөд хэдхэн хонож байна. Сонирхож үзэв үү?
-Ханжоу хотод болсон Азийн наадмын тэмцээнийг зурагтаар үзэж суухдаа Монголынхоо тамирчдын амжилтаар их бахархлаа. Монголд спортын төрлүүд хөгжиж, тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болсныг харах сайхан санагдсан. Тамирчдаа дэмжихээр очсон хөгжөөн дэмжигчдийн олонх нь залуус. Тэр дундаа өмнөд хөршид суралцдаг, Ханжоу хотын ойролцоох мужуудад амьдардаг оюутнууд харагдсан. Энэ нь манай улсын хүн амын ихэнх нь залуус тул спортоор хичээллэж, амжилт гаргах нөөц боломжтойг илэрхийлж байна. Монголын сагсан бөмбөгийн 3х3, жүдо, чөлөөт бөх, байт харваа, боксын тэмцээн сонирхолтой болж, үзэгчдээр дүүрэн байгааг харах таатай байлаа. Тэдний гал гарсан тоглолт, барилдаан, тулаанаас эрч хүч авсан шүү.