Монголын дартсын спортын өсвөр үеийн тамирчдаас сүүлийн үед Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа гэх нэр дуулдах болов. Тэд Дани улсын Эсбьерг хотод өнгөрсөн сард зохион байгуулсан “Дэлхийн цом” тэмцээний хосын төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Эл спортод хөл тавьсан цагаасаа богино хугацаанд амжилт гарган, цахиур хагалах болсон тэдэнтэй ярилцлаа.
-Дани улсын Эсбьерг хотыг ямар бодолтой зорьсноос тань ярилцлагаа эхэлье?
Б.Н: -Хожиж, хожигдох нь хамаагүй очоод л ямар ч байсан өөрийгөө бүрэн дайчилж, эх орондоо хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг харуулъя гэж бодсон.
Ц.Э: -Хамгийн сайнаараа хичээж, амжилт гаргана гэсэн бодолтой тус хотод анх хөл тавьж байлаа.
-Аль сургуульд сурдаг вэ. Дартсаар хэзээнээс хичээллэж, тэмцээнд хамт оролцох болов?
Б.Н: -Би МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей ахлах сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. 2022 оны УАШТ-д оролцож, тамирчны гараагаа эхлүүлсэн. Бид энэ жилийн УАШТ-ий дан хосын төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Дартсаар хичээллэдэг хүүхдүүдээс сонгогдож, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан “Дэлхийн цом”-д оролцохоор Эсбьерг хотыг зорьсон.
Ц.Э: -Миний хувьд Налайх дүүргийн “Хос-Уянга” бүрэн дунд сургуульд сурдаг. Дартсаар жилийн өмнөөс хичээллэж, УАШТ-д эмэгтэйчүүдийн хосын төрөлд оролцон, хүрэл медаль авч байв.
-Хилийн дээс алхаж, тус хотод хөл тавихад ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Б.Н: -Байгаль нь үзэсгэлэнтэй, орчин нөхцөл нь цэвэр, хүмүүс нь найрсаг, боловсон харилцаатай байсан нь таатай сэтгэгдэл төрүүлсэн шүү.
Ц.Э: -Эсбьерг хотод хөл тавьсан анхны өдрөөс эхлээд л гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Тэнд надад таалагдаагүй зүйл үнэхээр байгаагүй. Ялангуяа хот төлөвлөлт нь хамгийн их сонирхол татсан.
-Дартсын тамирчдын олонх нь гэр бүлээрээ хичээллэдэг юм билээ. Та хоёрын сонирхож хичээллэсэн түүх аав, ээжээс тань улбаатай юу?
Б.Н: -Ээж гэртээ дартсын самбар авчирснаар манайхан энэ спортоор хичээллэж эхэлсэн. Аавыг анх хичээллэхэд би сонирхох болсон юм. Эгч, дүү хоёр маань бас сурч байгаа.
Ц.Э: -Дартсаар хичээллэсэн нь эмээ, өвөө хоёроос минь улбаатай. Тэд минь намайг чин сэтгэлээсээ дэмжиж, амжилт руу тэмүүлэхэд их нөлөөлсөн.
-Хосын төрөлд аль орны багуудыг хожиж, медалийн төлөө тоглохоор шалгарав. Яг тийм үед юу их бодогдсон бол?
Б.Н: -ХэсэгтээУнгар, Австрали, Өмнөд Африкийн багийнхантай тоглон, нэгээр шалгарсан. Шөвгийн наймд Францын багийг хожиж, шигшээ дөрөвт үлдсэн юм. Шотландын тамирчдыг хожвол аваргын төлөө өрсөлдөх байсан тул өөртөө “Одоо л заавал хожих ёстой шүү” гэж хэлсэн. Тэр үед шигшээ багийн ах, эгч нараас гадна аав, ээжийн хэлсэн үг намайг хурцалж байлаа.
Ц.Э: -Олон улсын тамирчидтай өрсөлдөхдөө тэдний сэтгэл зүйгээр их бахархаж байлаа. Хэдийгээр өрсөлдөгчдөө 3:0-ээр хожигдсон ч амархан бууж өгөхийг хүсээгүй. Бид хосын төрөлд Францын багийнхныг хожиж, медалийн болзол хангасан. Амжилт гаргахад гэр бүл, мөн клубийн хамт олон, шигшээ багийн ах, эгч нарын минь урмын үг ихээхэн тусаллаа.
-Энэ удаа өсвөрийн тамирчид ямар дасгалжуулагчийн удирдлагад оролцсон бэ. Багшийн тань зөвлөгөө тоглолтод хэр нөлөөлөв?
Б.Н: -Шигшээ багийн ах, эгч нарынхаа зааж, тусалсны ачаар хүрэл медаль хүртчихээд эхэндээ итгээгүй. Тэр дундаа ОУХМ Х.Одхүү багш бүх тоглолтын ард байж, биднийг дэмжин, мэдэх, чадах зүйлээсээ харамгүй зөвлөж байлаа. Ямар ч тэмцээнд тамирчид хожигдох гэж оролцдоггүй шүү дээ. Хүчтэй өрсөлдөгчдөө хожиж, хүрэл медалиас атгах үед сэтгэл их догдолж баярласан.
Ц.Э: -Биднийг хэрхэн тоглохыг “Шинэ од” клубийн тамирчин С.Энхболд багш чиглүүлж өгсөн. Харин сэтгэл зүйн тал дээр “Нэтком” клубийн үүсгэн байгуулагч Х.Одхүү багш багагүй зөвлөсний үр дүнд сандрахаа больж, тайван тоглосон шүү.
-Хүрэл медальтай ирэхэд сургуулийн удирдлага, багш нар нь хэрхэн хүлээж авав?
Б.Н: -Сургуулийн удирдлага, багш нар, ангийн хамт олон амжилтаар минь бахархан баяр хүргэж, халуун дотно угтаж авсан.
Ц.Э: -Хүрэл медальтай ирэхийг хараад сургуулийн хамт олон, багш нар минь баяр хүргэж угтсан нь сайхан санагдсан.
-Хүн болгоны шидэх техник өөр. Бусдаас ялгардаг тоглолтынхоо онцлогоос сонирхуулаач.
Б.Н: -Миний хувьд тайван, сандралгүй тоглодог.
Ц.Э: -Бид тэмцээний үеэр нэгнийгээ нөхөж чаддаг.
-Дуртай спортоосоо холдмоор санагдахуйц сорилтой тулгарч байв уу?
Б.Н: -Би дартсаар хичээллээд удаагүй болохоор хүндхэн шалгуур, сорилтой тулгараагүй л байна. Гэхдээ хааяа хичээгээд байхад болдоггүй үе бий. Тийм үед хэсэг завсарлаад, эргээд шиддэг.
Ц.Э: -Нэг хэсэг үнэхээр уналтад орсон. Ямар ч шидэх хүсэлгүй болсон. Тэр үед эмээ минь намайг их зоригжуулж байлаа.
-“Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцсон тамирчдаас аль орны багийнхны тоглох техник сонирхолтой санагдсан бэ?
Б.Н: -Орон бүрийн тамирчны тоглох онцлог өөр юм билээ. Тэд нэгнээсээ ялгарах шидэлт, техниктэй байсан. Япон, Англи улсын тоглогчдын техник бусад багийнхнаас илүү сонирхолтой санагдлаа.
Ц.Э: -Тэмцээнд оролцсон тамирчдаас Английн багийнхан их таалагдсан.
-Шилдгүүдийн ширүүхэн өрсөлдөөнөөс медаль хүртэх амаргүй. Тэмцээний эхний өдрийн уур амьсгалаас олон зүйл мэдрэгддэг шүү дээ.
Б.Н: -Гадаадын тамирчидтай анх удаа нүүр тулж тоглосон болохоор эхний өдөр их сандарсан л даа.
Ц.Э: -Тэмцээн болох өдрөөс эхлээд сэтгэл их догдолсон. Тэр үед “Тоглолтдоо гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй шүү дээ” гэж бодсон.
-Манайхан юуг илүү хөгжүүлбэл Европын тамирчдаас дутахгүй амжилт гаргахаар санагдав?
Б.Н: -Сэтгэл зүй сайн байх ёстой. Мэргэжлийн дасгалжуулагчийн туршлага, тамирчдаа бэлтгэл хийлгэх ур чадвар, зөвлөгөө чухал гэж боддог.
Ц.Э: -Би ч гэсэн санал нэг байна. Манайхан сэтгэл зүйтэйгээ түлхүү ажиллавал тэднээс дутахгүй амжилт гаргана. Гэхдээ хэцүү л дээ.
-Спортод хөл тавиад тамирчны амьдралыг хэр мэдэрч байна вэ?
Б.Н: -Миний хувьд волейболоор хичээллэдэг. Дартсаар давхар хичээллэснээс хойш маш завгүй болсон. Чөлөөт цагаа спортод зориулснаар олон зүйл сурч, мэдэж авдаг.
Ц.Э: -Тамирчны амьдрал үнэхээр завгүй санагдаж байна. Хичээл давхацдаг учраас бэлтгэлээхийх, тэмцээнд оролцох амаргүй. Тиймээс аль алийг нь орхигдуулахгүйг хичээдэг.
-Спортод хүнийг татах онцлог бий. Дартст хөл тавьсан бол эргэж буцдаггүй гэж сонссон. Сэтгэл татагдахад юу их нөлөөлсөн юм бэ?
Б.Н: -Спортод татагдах болсон нь аавтай минь холбоотой. Спортод дуртай зан чанар нь намайг тамирчин болоход нөлөөлж, урам өгсөн. Дартс тоглоход өндөр оноо авах, гараанаас гарах нь хүртэл баяр, бахдал мэдрүүлдэг. Аавын өөдрөг, эрч хүчтэй зан надад үргэлж дартс тоглох хүсэл төрүүлдэг юм.
Ц.Э: -Миний сэтгэлийг маш их татсан зүйл бол сум байгаа онох үеийн мэдрэмж, тэмцээний үзэгчдийн дуу чимээ. Шидсэн сум байгаа онох чимээ юутай ч зүйрлэшгүй гоё санагддаг.
-Дартсын тамирчдын хамгийн их нандигнадаг зүйл юу вэ?
Б.Н: -Бидний хувьд хамгийн чухалэ рхтэн бол гар. Олонх тамирчин тэмцээнд оролцохынхоо өмнө шидэхэд нөлөөлнө гээд хүнд зүйл өргөдөггүй.
Ц.Э:-Миний хувьд бол сум, мэдрэмжээилүү нандигнадаг. Тэмцээний үед баяр, хөөр догдлол, сандрал гээд тэр сайхан мөчийг мэдрэхгүй болох вий гэхээс хааяа эмээдэг.
-Хүмүүс дартс тоглохыг хараад амархан сурна гэж боддог. Гэтэл тийм биш санагдсан. Бэлтгэл хийх хааяа хэцүү санагддаг байв уу?
Б.Н: -Тухайн хүний авьяас, чадвар, хичээл зүтгэлээс их хамаардаг. Эхнээс нь шидэх техникээ зөв заалгаад сурвал тийм ч хэцүү зүйл биш л дээ.
Ц.Э: -Би ч мөн анх суралцаж байхдаа амархан гэж боддог байв. Гэтэл тийм биш. Дартс тухайн тамирчнаас сэтгэл зүй шаарддаг спорт. Ур чадвартай ч сэтгэл зүй муутай бол хэзээ ч амжилт гаргахгүй. Би бэлтгэл хийхдээ жаргалтай байдаг.
-Монголчуудын хувьд дартс амжилт гаргах спортын нэг төрөл болжээ гэдэгт эргэлзэхгүй итгэх цаг ирсэн байна. Үүнийг та хоёр ч бас амжилтаараа харууллаа шүү дээ.
Б.Н: -Өмнөхөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөөд амжилтаа ахиулна гэж боддог.
Ц.Э: -Тийм ээ. Хүнийг хүсэл, тэмүүлэл нь зорилгод хөтөлж, амжилтаас атгуулдаг болохыг ойлгосон.