Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсов. УИХ-ын тогтоолоор жилийн өмнө тус компанид онцгой дэглэм тогтоосон юм. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ биржээр дамжуулан хилийн үнээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсөв хэмнэх, өр төлбөрийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллажээ. Тиймээс нийт 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонныг борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Монгол Улс нийт 48.9 сая тонн нүүрс экспортолсны 42 хувийг нь тус компани дангаараа гаргасан аж. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан нийт 606 сая ам.долларын өр, төлбөр байсныг бүрэн төлж, барагдуулсан байна. Ачаа тээврийн хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж, шаардлага хангасан компаниудад ижил зарчмаар, нээлттэй олгож буй гэнэ. Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийг тэд хэмнэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Б.Ганбат “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наядаар бууруулсан. Мөн төмөр замын холболт, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой төслөө яаралтай дуусгахад санх үүжилт хэрэгтэй байна. Эдгээр төслөө амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ” гээд иргэн бүрт олгох 1072 хувьцааны ногдол ашиг олгох ажлыг түр хойшлуулсныг мэдээлэв.