Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг хурдасгах, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Уул уурхайн 7 хоног” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ.
Монгол Улсад геологийн судалгааны 10 чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд УУХҮЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол өндөр байгааг салбарын сайд хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.
Улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага жил бүр өсөж байна. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь салбар яамны анхаарах асуудлын нэг юм. Тиймээс “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний орд газруудыг нээх асуудал энд хөндөгдөж байгаа юм.
Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Цаашид геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын түвшинд анхаарч байна. Тодруулбал, газрын тосны чиглэлээр 34 талбай ялгаж, тус талбайд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгийг салбарын сайд онцолж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг тогтворжуулах чиглэлд тухайлсан журмыг гаргахаар төлөвлөжээ. 2010 оноос хайгуулын зөвшөөрөл буурч, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийг тогтмол олгохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 171 удаа тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Дэлхийн аль ч улсаас цахимаар оролцох бүрэн боломжтойн дээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон өргөдөл буюу дуудлага худалдаагаар олгохоор тусгасан.