Дэлхий дахинд уул уурхайн үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж иржээ. Тодруулбал, 1985 онд 9.6 тэрбум тонн уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байсан бол өнөөдөр 17.9 тэрбум тоннд хүрчээ. Дээрх хугацаанд Азийн орнуудад уул уурхайн салбарын хөгжил 140 гаруй хувийн өсөлтийг үзүүлж, Хятад, Энэтхэг, АСЕАН-ы улс орнуудын эдийн засгийн гол хөдөлгүүр болж байна. Дээрх үйлдвэрлэлийн 25 хувийг БНХАУ-д үйлдвэрлэж, 70 гаруй бүтээгдэхүүнийг олборлож, нэмүү өртөг шингэсэн байдлаар худалдаж байна.
Монгол Улсын хувьд найман төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. Улсын төсөвт жин дардаг нүүрс, зэсийн экспортын үзүүлэлтийг дэлхийн бусад улс орны үзүүлэлттэй харьцуулахад, уул уурхайн олборлолт, экспортоор 60-аас хойш дугаарт эрэмбэлэгдэж байна. Зэсийн экспортоор жишээ татахад, 2022 онд Чили улс 5.2, Перу улс 2.2, Конго улс 2.2, БНХАУ 1.9 сая тонныг экспортолжээ. Харин манай улсын зэсийн экспорт 0.3 сая тонноор илэрхийлэгдэж байна.
Дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийг АНУ, БНХАУ, ОХУ, Австрали улсууд тэргүүлж байна. Үүнээс БНХАУ дэлхийн нийт олборлолтын 50 хувийг нийлүүлж байна. Харин Энэтхэг 893 сая тонныг экспортолжээ. Энэ бол 2022 оны статистик. Монгол Улс өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс экспортлоод байна.