БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан түүхт 50 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Есдүгээр сарын 15-ны өдөр үеийн үеийн удирдлага, офицер, ахлагч, ахмад дайчдаа хүндэтгэн хүлээн авч, 50 жилийнхээ ойг угтаж хийсэн бүтээлч ажлуудаа танилцуулж, цэргийн ёслолын жагсаал зохион байгуулсан бол есдүгээр сарын өдөр 17-ны өдөр өдгөө алба хааж байгаа хугацаат албаны түрүүч, байлдагч нартаа хүндэтгэл үзүүлэв.
Хугацаат цэргийн алба хаагчдадаа урлагийн тоглолт өргөн барьж, ангийн тогооч нарын урласан амтат зоогоор баярын ширээг нь чимж, ангийн захирагч дэд хурандаа Х.Лхагвадорж албаа нэр төртэй хааж буйг нь онцолж, талархал дэвшүүлэв. Тэрээр түүхт 50 жилийн ойн ёслолын арга хэмжээнд жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг гайхамшигтай толилуулсан дайчдаараа бахархсанаа илэрхийлж, ангийн ололт амжилт бүхэнтэй салшгүй холбоотой гэдгийг нь онцоллоо. Түрүүч, байлдагч нар ч гэсэн түүхт 50 жилийн ойн баярын жил алба хаасан нь ховор хувь завшаан гээд цэргийн эрдэмд шамдан суралцаж байгаа нэг жил амьдралынх нь бахархал, омогшил нь байх болно гэцгээлээ.
Ийнхүү орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчдын хүч хөдөлмөрөөр сүндэрлэж, ашиглалтад ороод удаагүй байгаа цэргийн гал тогооны байрандаа хугацаат албаны дайчдадаа зориулсан нэгэн өдрийг өнгөрүүллээ. Дайчдын сэтгэл ч машид хангалуун байв.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА