Монгол Улсаас анх удаа 80 жилийн түүхтэй Венецийн олон улсын кино наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны кино сонгогдон өрсөлдсөн. Улмаар уг киноны гол дүрийн Монгол жүжигчин Болд-Эрдэнийн Тэргэл Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарч, “Арслан”-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо. "Сэр сэр салхи" киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцлага авах боломжоор хангалаа. Хэвлэлийн бага хуралд найруулагч П.Лхагвадулам, гол дүрийн залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ, Кино Урлагийн зөвлөлийн тэргүүн Ч.Ундрал, жүжигчин Ц.Ганзориг Монгол талын ерөнхий продюсер Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсер Х.Оюундарь болон Монгол Улсын Соёлын яамны Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн нар оролцлоо.
Өнөөгийн дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, шинэ авъяаслаг уран бүтээлчид болон тэдний уран бүтээлийг дэлхийд танилцуулдаг Канн, Берлиний А зэрэглэлийн наадмуудын нэг нь Италийн Венец хотноо жил бүр зохион байгуулагддаг 80 жилийн түүхтэй Венецийн олон улсын кино наадам юм. Тус наадам нь үндсэн Олон улсын уралдаант, Уралдаант бус, Классик, Оризонти зэрэг нийт 6 хэсэгтэйгээс зөвхөн Олон Улсын уралдаант болон Оризонти хэсэг нь шилдэг эрэгтэй эмэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг найруулагч болон шилдэг киног шалгаруулан алдаршуулдаг билээ.
Энэ жилийн Венецийн олон улсын кино наадам Оризонти буюу залуу авьяаслаг кино найруулагч, шинэ кино хэл, дуу хоолойг дэмжих зорилготой хэсэгтээ Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Белги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцарь, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээлийг сонгон, олон нийтийн хүртээл болгож, улмаар 2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр буюу наадмын хаалтын үеэр шилдэгийн шилдэгийг шалгаруулан зарласан.
Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүү ЗЭ-ийн тухай өгүүлдэг “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) уран сайхны кино нь залуу найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэснийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
“Сэр Сэр Салхи” кино нь 2023 оны наймдугаар сарын 31-ны өдөр Венецийн кино наадмын Дарсен их танхимд нээлтээ хийжээ. Наадмын үеэр нийт таван удаагийн үзвэрт 8000 гаруй олон улсын үзэгчид, сэтгүүлч, кино шүүмчлэгч, уран бүтээлчдийн хүртээл болсон. Кино нээлтээ хийсэн даруйд олон улсын кино шүүмжлэгчид, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох IndieWire, CineEurope, The Film Experience, Screen International, Variety сэтгүүлд шүүмж, нийтлэл гарсан байна. Венецийн кино наадмын үзэгчид Монгол уран бүтээлчдэд үзвэрийн дараа болон Венец хотын гудамжинд олонтоо баяр хүргэж байжээ.
Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтанд Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутанууд оролцон тоглосон. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар тоглож, МУ-ын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш, Ч.Булган нар туслах дүрийг чадамгай бүтээсэн бол Ерөнхий зураглаачаар Португалийн Вашко Виана, Ерөнхий зураачаар Монголын Н.Болор-Эрдэнэ, Хөгжмийн зохиолчоор Португалийн Вашко Мэндонса, Гэрэл, техникийн багийн ахлагчаар Б.Түвшинтөгс, Монгол талын Ерөнхий продюсерээр Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсераар мөн студийн продюсер Х.Оюундарь нар тус тус ажилласан. Мөн киноны олон улсын түгээлтийг Бельгийн BEST FRIEND FOREVER болон Францын ARIZONA DISTRIBUTION байгууллагууд хариуцаж байна.
Найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч юм. Тус киног Монголын Гуру Медиа, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компаниуд хамтран Монгол, Франц, Португал улсуудын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэгүүд болон Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сангууд болон Францын АРТЕ ТВ-ийн сувгийн дэмжлэгээр бүтээсэн.
П.Лхагвадулам Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа бөгөөд тэрээр Сэр Сэр Салхи бүтээлийнхээ талаар “Энэ кино нь өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Энэхүү бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн хэрхэн Монголын соёлын нэг хэсэг болох бөөгийн соёлыг тээнгээ өсч, сурч, амьдарч буйг харуулахыг зорьсон. Нөгөө талаараа орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг хичээсэн. Бас энэ киног миний эх орныхоо төлөө өргөж буй "ерөөл" гэж үзэж болно. Учир нь гол дүрүүд маань хэд хэдэн удаа хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч миний эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ерөөж буй илэрхийлэл юм"“ гэж өгүүлсэн.
Мөн П.Лхагвадулам Турк улсад Докуз Эйлүлийн Их Сургуулийг кино найруулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж улмаар Монголын Үндэсний Телевизэд найруулагч Г.Жигжидсүрэнгийн удирдлага дор дадлага хийн, түүний баялаг туршлагаас суралцаж байв. Улмаар тэрээр СУИС-ийн Радио Телевизийн сургууль болон Кино Урлагийн дээд сургуульд багшилж, ажлын туршлага хуримтлуулсан. Тэрээр 2012 онд Турк улсын Докуз Эйлүлийн Их Сургуулийг кино найруулагчаар бакалавр, 2015 онд Прагын FAMU их сургуулийн кино зохиолчийн академик гэрчилгээ бүхий сургалт, Kino Eyes European Filmmaking Masters мастерийн хөтөлбөрийг төгсөж, Лиссабоны их сургуулийг кино зохиолчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Одоо тэрээр Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуулийг кино зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалж буй бөгөөд францын философич Делёзын цаг хугацаа - дүрслэл (time-image) хэмээх киноны онолд гол анхаарлаа хандуулж байна. Түүний найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино нь Канн, Торонто, Сандэнс (2020) болон Локарногийн ОУКН-ын Нээлттэй Хаалга (2021) хөтөлбөрт шалгаран оролцож, Мөн 2020 оны Бусаны наадмаас The Sonje Award шагналыг хүртсэн. Түүний “Есдүгээр сарын Цас” богино хэмжээний кино 2022 оны Венецийн ОУКН-ын 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний киноны Алтан Арслан болон 2022 оны Торонтогийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний кино шагналыг тус тус хүртсэн. Тэрээр 2022 онд “Сэр Сэр Салхи” (ажлын нэр” ЗЭ) бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо зохиолыг бичиж дуусган, мөн оны намар, өвөл Улаанбаатар хотноо Монгол, Франц, Португалын кино уран бүтээлчдийн хамтраар зураг авалтаа амжилттай хийж, 2023 онд бүтээлээ бүрэн дуусган 80 дахь удаагийн Венецийн ОУКН-д Монгол улсаас анх удаа сонгогдон оролцсон ба тус кино нь Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн.
Б.Тэргэл нь 2004 онд төрсөн. Тэрбээр Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын Урлагийн Сургуульд тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр суралцахаар зорьж буй. 2021 болон 2022 онд “Тал нутгийн зомби” бүрэн хэмжээний УСК, “Хавтаст хэрэг” ОАУСК, “Молко 2” УСК-д туслах дүрүүдийг бүтээж байсан туршлагатай. Тэрбээр “Сэр Сэр Салхи” бүрэн хэмжээний уран сайхны кинонд “Зэ”-н дүрийг бүтээсэн.
Монголын талаас голлох продюсерээр ажиллаж буй Гуру Медиа компани нь 2006 оноос хойш Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, энэ салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж ирсэн ба өнгөрсөн хугацаанд “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” болон “Хэвтрийн Хүн” бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэн Ази, Европ, Америк, Австрали тивийн 40 гаруй ОУКН-уудад амжилттай оролцож, Бусаны ОУКН-ын “Шинэ Урсгал”, Тайваны ОУБКН-ын “Азийн Хараа” Гран-При шагналуудыг хүртэж байсан бөгөөд 2017 оны Каннын олон улсын кино наадмын Le Atelier хэсэгт сонгогдон оролцож байв.
Мөн Гуру Медиа компани нь 2006 онд найруулагч П.Бросенс, Ж.Вүүдвоорт нарын бүтээсэн “Хадаг”, 2007-2008 онд Францын найруулагч Томас Балмесын “Нялхас”, 2018 онд Францын найруулагч Фабиен Бертаугийн “Ер бусын ертөнц” зэрэг олон улсад өндрөөр үнэлэгдсэн томоохон хэмжээний бүтээлүүд дээр Монголын талын хамтрагчаар ажиллаж ирсэн.
Энэ студи Монголын залуу уран бүтээлчдийг байнга дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2020 онд залуу найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс”, 2021 онд “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киног Францын Аврора Филмз студитай хамтран бүтээж, улмаар “Есдүгээр сарын цас” бүтээл нь 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний киноны Алтан Арслан болон 2022 оны Торонтогийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний кино шагналыг тус тус хүртсэн болно.
Гуру Медиа 2020 оноос хойш Францын Аврора Филмзтэй хамтран, найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи”, Австралийн найруулагч Габриел Брадигийн “Чоно үүр шөнөөр ирдэг” болон найруулагч С.Бямбын Сайнхүү богино хэмжээний киног 2023-2024 онд бүтээхээр ажиллаж байна.
“Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээх бөгөөд залгуулаад аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Тэнгис, Prime cineplex зэрэг кино театруудаар гарах аж.