ДБЭТ-ынхан байгууллагынхаа 60 жилийн ойн хүрээн дэх тоглолтуудаа үргэлжлүүлэн, маргааш орой үзэгчдээ нийслэлийн төв талбайд “Сонгодог жаран” хэмээх, хөгжимчид, дуучид, балетчдын нэгдсэн концертоор хүлээж авах нь. Уран бүтээлчид ийм тоглолтыг өмнө нь 2016, 2017 онд зохион байгуулсан нь амжилттай болсон юм. Энэ удаагийн “Сонгодог жаран” тоглолтын хөтөлбөрийг эцэслэн батлахад амаргүй байсан тухай Уран сайхны зөвлөлийнхөн нь ярьж байв. Учир нь 60 жилийн турш бүтээсэн дуурь, балет, найрал хөгжмийн бүтээл тус бүр сонгомол тул аль нэгийг нь онцлоход хүндрэлтэй байсан гэнэ. Юутай ч өчигдөр өглөөний бэлтгэл сургуулилалтын үеэр Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь олон бүтээлийн дундаас онцгойрох мэт эгшиглэсээр байлаа. Уран сайхны зөвлөлийн гишүүн, гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр “Манай театрынхан байгууллагынхаа 60 жилийн ойг тэмдэглэх хүрээний тоглолтуудыг өнгөрсөн хавраас эхэлснийг үзэгчид мэдэж байгаа. П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг анхлан 32 хунтайгаар тоглосон. Ж.Вердийн “Макбет” дуурийг шинээр тавьсан. Гоцлол дуучдын, симфони найрал хөгжимчдийн тоглолтуудыг хийсэн. Одоо уламжлалт задгай талбайн тоглолтоо үзэгчдэд хүргэх гэж байна. Уран бүтээлийн 61 дэх улирлаа нээж байна гэсэн үг. Энэ намрын дуурийн анхны тоглолт Ж.Бизегийн “Кармен” байх юм. Харин балетын бүтээл нь Л.Минкусын “Дон Кихот”. Энэ улиралд үзэгчид хүсэн хүлээх нэгэн тоглолтын талаар мэдээлье. Ирэх оны гуравдугаар сард тоглох Ж.Вердийн “Трубадур” дуурийн гол дүрд Ардын жүжигчин Э.Амартүвшин гадаадаас ирж дуулах юм. Уг дуурийн гол дүрийн сопрано хоолойтны хэсгийг дуулах өрсөлдөөн ширүүн болох байх. Сүүлийн үед дуучдыг шалгаруулалтаар сонгож дүрд тоглуулдаг болсон нь үр дүнтэй байгаа” гэв.