Тэргэнцэртэй сэлмийн олон улсын томоохон дөрвөн тэмцээнд оролцохоор Монголын багийн тамирчид тогтмол бэлтгэл сургуулилалт хийж байсан. Тухайлбал, ирэх сарын эхээр БНСУ-д зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох хуваарьтай байв. Гэтэл уг тэмцээнд өрсөлдөх найман тамирчнаас зургаагийнх нь виз гараагүй гэнэ.
“Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо” НҮТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга О.Анударь “Тус тэмцээнд эх орноо төлөөлж явах гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын визийг гаргаагүй шалтгааныг ойлгосонгүй. Бэлтгэл сургуулилалт, хүч хөдөлмөр минь хайран болж байна” гэж бухимдлаа илэрхийлсэн. Түүнтэй утсаар холбогдож учрыг лавлахад “Бид паралимпийн эрхийн оноо олгох дөрвөн чухал тэмцээнд оролцохоор эрчимжүүлсэн бэлтгэл хийж буй. Гэвч БНСУ-ын Элчин сайдын яамнаас бидний визэд түдгэлзсэн хариу өгсөн. Тамирчид маань тус улсын Элчин сайдын яамны гадна очиж, яагаад виз гараагүй талаар тодруулж, албан бичиг өгөх гээд бараг дөрвөн цаг хүлээлээ. Бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Утсаар холбогдоход “Виз хүссэн зорилго тодорхойгүй байна” гэдгээс өөр шалтгаан хэлсэнгүй. Дахиад визээ мэдүүлэх гэнэ. Тиймээс бид Гадаад харилцааны яаманд хандахаар боллоо” гэв. Ташрамд дурдахад, тус холбооны хоёр тамирчин өмнө нь Тайланд улсад зохион байгуулсан “Дэлхийн цом” тэмцээнд оролцож байсан юм.