Сүүлийн жилүүдэд улс орнууд устөрөгчийг эрчимтэй ашиглахыг зорьж буй. Үүний дулаан дамжуулалт агаартай харьцуулахад долоо, дулаан шингээлт нь 14 дахин их гэдэг. Эрчим хүчний зах зээлд гол бодис хэмээн нэрлэгдэж байгаа, дэлхий дээрх хамгийн их энерги агуулдаг устөрөгчийн гол онцлог нь шатаахад зөвхөн ус үүсдэг экологийн цэвэр түлш юм. Эрэлт нь нэмэгдэж буй эл бодисыг Монгол Улсад үйлдвэрлэх, экспортлох боломжтойг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа билээ. Энэ талаар “Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо” ТББ, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.
-Монгол Улсад устөрөгч үйлдвэрлэх хэр боломжтой вэ. Та Австралийн “Elixir energy”-д зөвлөхөөр ажилладаг. Тус компанийн төслийн явц ямар байгаа бол. Өвөр Монголд устөрөгч нийлүүлэх боломжтой гэсэн байх аа?
-Манайд ногоон устөрөгч үйлдвэрлэх нь хамгийн ирээдүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Нөгөөтээгүүр, манай эрчим хүчний систем чадлын дутагдалтай байгаа. Иймээс нар, салхины эх үүсвэр ашиглаж устөрөгч үйлдвэрлэх нь НХАУ-д нийлүүлэхээс гадна дотоодын эрчим хүчний хүчин чадлыг дэмжихэд ч тустай.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir energy” нь ногоон устөрөгч үйлдвэрлэх ТЭЗҮ-ийг зөвлөх үйлчилгээний, нэр хүндтэй AECOM компаниар хийлгэсэн бөгөөд Японы “Softbank energy”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. “Softbank energy” корпорацыг “Toyota Tsusho corporation” (TTC) худалдан авсан тул саяхан “Terras energy” гэсэн нэртэй болсон. TTC нь “Terras energy”-тэй хамтраад 4.5 ГВт-ын хүчин чадалтай эх үүсвэр эзэмшдэг, Японы сэргээгдэх эрчим хүчний том тоглогч болж байгаа юм. “Elixir energy” энэ онд багтааж “Terras energy”-тэй хамтарсан компани байгуулахыг зорин ажиллаж байна л даа. Төслөө “Gobi H2” гэж нэрлэсэн. Хятадад устөрөгч нийлүүлэх судалгааг дэлхийд томд тооцогддог, эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Rystad energy” компаниар хийлгэж буй. Тодорхой дүгнэлтүүд ч гарч байгаа. Нэмж хэлэхэд, БНХАУ-ын “Sinopec” групп Өвөр Монголд 400 км-ийн урттай устөрөгчийн хоолой байгуулахаа зарласан шүү.
-Та өмнө нь устөрөгчийн эрчим хүч гэдэг нь устөрөгч үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх гэсэн хэсгээс бүрддэг, тус бүртээ шийдвэрлэвэл зохих олон асуудалтай гэж тэмдэглэж байсан. Мөн манайд устөрөгч үйлдвэрлэх, хадгалах, ашиглах туршлага бийг дурдаж байсан шүүдээ. Энэ талаар дэлгэрүүлнэ үү. Манайд эл чиглэлээр ажиллах хүч хэр бий вэ?
-“ДЦС-4”-ийн туршлагыг л үндэслэн хэлсэн хэрэг. Тус станцад устөрөгчийг ашиглах нэгж байгуулаад 40 жил болчихлоо. Тэнд шүлтийн гэж нэрлэгддэг технологи хэрэглэдэг. Гэтэл өдгөө электролизерүүд шал ондоо болсон. “ДЦС-4”-т устөрөгчийг даралтат хийн байдлаар хадгалдаг. Тэгвэл дэлхий даяар хатуу байдлаар хадгалдаг болох талаар дэвшил гарч байна. “Хатуу” устөрөгчийн аккумляторыг ч удахгүй бий болгох нь. Автомашиндаа тавиад хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг л хэрэглэх шаардлагатай болно. Ажиллах хүчний хувьд монгол инженерүүд бүгдийг чадна. On the job training буюу хийх явцдаа сураад явах боломжтой.
-Цаашид бусад оронд устөрөгч экспортлох боломж бий гэж мэргэжилтнүүд ярьж байгаа.
-Хятад гэх том зах зээлийн ядаж 1-2 хувийг хангадаг болох нь гол зорилт шүү дээ. Бид эхний ээлжид жилд 500 000 тонн устөрөгч нийлүүлнэ гэсэн зорилттой. Гэтэл энэ маань Хятадын хэрэгцээний хоёр хувьд ч хүрэхгүй.
-Улс орнуудад устөрөгч түлштэй машин, автобус, галттэрэг зэргийг ашиглаж буй. Ахуйн хэрэглээ, үйлдвэрүүдэд ч хэрэглэж, устөрөгчийн хоолой барих төслүүд хэрэгжүүлж байгаа юм билээ. Ер нь устөрөгчийн хэрэглээ дэлхийн зах зээлд хэр нэмэгдэж буй бол?
-Дэлхийн хэмжээнд ч цоо шинэ салбар тул яг хөлөө оллоо гэж хэлэхэд хэцүү. Одоохондоо газрын тос, байгалийн хийтэй адил тогтсон үнийн систем ч үүсээгүй, судалгааны ажлууд эцэслэгдээгүй нь гол саад. Үнэнийг хэлэхэд, хүрэн устөрөгч (хүрэн нүүрснээс гаргаж авсан) хамгийн хямд буюу кг нь хоёр ам.доллар байгаа. Гэтэл эл технологи нь нэгт, байгаль орчинд тийм ч ээлтэй биш, хоёрт, бас төгс болоогүй л байна.
-Хэрэглээ өсөж буйтай холбоотойгоор устөрөгчийг ашиглах технологи хэрхэн хөгжиж байна вэ. Ногоон устөрөгчийн өртөг гэхэд буурч байгаа гэж сонссон.
-Үйлдвэрлэхээс гадна тээвэрлэх, хадгалах, ашиглах гээд бүхий л судалгааг хийж байна. Зарим нь бүр технологийн хувьсгал гэж хэлэхээр найдвар төрүүлж байгааг дурдах хэрэгтэй. Гэхдээ яг төдийд, тийм болно гэж хэлэх боломж хараахан бүрдээгүй л дээ. Дэлхийгээр дүүрэн л таамаг, төсөөлөл байна.
-Австрали улсын зүгээс метан хий, устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гэж Монгол Улсад суугаа Элчин сайд нь хэлж байсан. Түүнчлэн 2021 оны долдугаар сард Ерөнхий сайд Японд айлчлах үеэр нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм билээ. Нөгөөтээгүүр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д цөмийн, устөрөгчийн эрчим хүчийг дэмжинэ гэж тусгасан. Гадаадын улс орнууд устөрөгч үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, манайх ч бодлогоор дэмжинэ гэж буй энэ үед төслүүдийн явц хэр ахицтай байгаа талаар та юу гэх вэ?
-Австралийн компаниуд ажиллаад л байна. Тэдгээрийн дийлэнх нь нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр ажиллаж байна л даа. Бамбар асаагаад л байгаа талаарх мэдээ цацагдаж буй нь үр дүнд хүрэхэд дөхөж байна л гэсэн үг. Ерөнхий сайдын хувьд бол судалгааны үр дүнгээ хуваалцах хүсэлт л тавьсан юм билээ. Би бүр өөрөөс нь асуугаад авсан хариулт шүү. Бодит ажил гэдэг чинь эхлээд устөрөгч гэх дэлхийд шинэ, цөмийн энерги гэх Монголдоо шинэ салбарт юу юугүй л суурь цутгаад эхлэхийг хэлэхгүй л дээ. Шинэ салбарыг Монголд хөгжүүлэхийн тулд асар их яриа, хэлэлцээ, бэлтгэл ажил хийх шаардлагатай. Манай “Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо” ТББ гэхэд саяхан Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Бидний хүч хүрэхгүй саад бэрхшээл тулгарвал тэд тусална, бид ч олж мэдсэнээ хуваалцаж, зөвлөлдөж байх юм.
-Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Германы Засгийн газар, “Ирээдүйн эрчим хүч-Монголын устөрөгчийн холбоо”-ны (FEMHC) төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг Улаанбаатарт болсон. Тухайн үед гадаадын мэргэжилтнүүд Монголд устөрөгч ашиглах талаар ямар байр суурьтай байсан бэ?
-Энэхүү арга хэмжээг Монголд зохион байгуулсан гэдэг нь л тэдний байр суурийн илэрхийлэл гэхэд болно. Гадаадын экспертүүдийн хувьд маш үнэтэй санал, зөвлөмж өгсөн. Цаашид хийх ажлаа төлөвлөөд, гүйцэтгээд явж байгаа. Энд онцлоход, устөрөгч бол 21 дүгээр зууны энергийн гол эх үүсвэр гэж олон улсын байгууллагууд дүгнэж буй. Монгол Улс гол экспортлогч орон болох зорилготой.
Манайд устөрөгч үйлдвэрлэх боломжтой талаарх зарим дүгнэлт хэлбэл уншигчдад ойлгомжтой байх болов уу. Монголын сэргээгдэх эрчим хүчний дээд зэргийн нөөц нь ногоон устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх үндсэн нөхцөл юм. Мөн Хятадын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийн үнэ буурч, тэдгээрийг худалдан авах боломжтой нь хоёр дахь таатай нөхцөл. Түүнчлэн “Terras energy”-гийн хэрэгжүүлж буй төслийн үр дүн нь дэлхийн болон урд хөршийн стандартын шаардлагыг бүрэн хангана. Импортлогчтой ойр байршилтай учраас Хятадын хувьд нэн таатай байх нь мэдээж. “Terras energy” компанийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд бий болгосон туршлага, “Elixir energy”-гийн сонирхол хамтын ажиллагааг амжилттай болгох талтай. Хөрөнгө оруулалт татах ч илүүтэй боломжтой. Цаашид хүлээн авах зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн хүчин чадлыг өргөтгөх хязгааргүй боломжтой зэрэг нь бидний ажлын гол үр дүн юм.