Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогттой ярилцлаа.
-Монголын бизнесийн зөвлөл сар бүр уулзалт зохион байгуулдаг. Одоогийн эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчны талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь 2007 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх, эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, шударга, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц бизнесийн орчин бүрдүүлэх, гишүүн байгууллагуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, дэмжих чиглэлээр 200 гаруй гишүүн, түнш байгууллагатайгаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манайд уул уурхай, банк санхүү, худалдаа, үйлчилгээний чиглэлийн компаниуд гишүүнчлэлтэй. Дотоод зохион байгуулалтын хувьд МБЗ нь гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ТУЗ, үйл ажиллагааны хувьд гишүүд нь уул уурхай, дэд бүтэц, татвар, хууль, эрх зүйн орчин, цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой санхүүжилт, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг зургаан ажлын хэсэгт хуваагдан өөрсдийн чиглэлээр идэвхтэй ажилладаг.
Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл амаргүй хэвээр байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ байнга буурч, “Оюутолгой” төслийг эс тооцвол зогсонги байдалд орлоо. Нэг талаасаа хөрөнгө оруулалт татах, хөхиүлэн дэмжих хууль, эрх зүйн орчин дутагдаж, нөгөө талаас 2016 оноос хойш энэ чиглэлээр дагнасан агентлаг, газаргүй явж ирсэн нь үүнд нөлөөлсөн. Засгийн газар үүнд анхаарч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж, Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг (FIFTA) байгуулахаар ажиллаж буй нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, эдийн засгийн чухал салбаруудыг анхаарч ажиллаж буй. Томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх реформын шинж чанартай өөрчлөлт хийх шаардлагатай гэж МБЗ үзэж байгаа. Одоогоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, улс орны хэмжээний томоохон, төмөр зам, эрчим хүчний төслүүдийг (Тавантолгой дулааны цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, нүүрс угаах үйлдвэр зэрэг) Засгийн газар өөрөө хэрэгжүүлж, санхүүжилт гаргахаар ажиллаж буй нь төрд ихээхэн төсвийн ачаалал ирж, өрийн дарамттай байгаа үед эдгээр ажил улам хойшилж, зардал нь нэмэгдэхэд хүргэх талтай. Үндэсний компаниуддаа итгэл өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн (PPP) зарчмаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийг энэ онд 5.4, Дэлхийн банк 5.2, Олон улсын валютын сан 4.5 хувиар өснө гэж таамагласнаа өнгөрсөн сард мэдээлсэн. Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй ихэнх орон сүүлийн жилүүдийн шокийн нөлөөнөөс гарч, эдийн засаг нь өсөж эхэлснийг Дэлхийн банкнаас танилцуулсан тоймд дурдсан. Тэр дундаа манай улсын эдийн засаг цар тахлын шокноос гарч эхэлсэн гэж зарим мэргэжилтэн хэлж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Цар тахлаас үүдэлтэй хаасан хилийн боомт, гарцууд нээгдэж, гол түүхий эд болох коксжих нүүрс, зэсийн ханш дэлхийн зах зээлд тогтмол өндөр байгаа учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг сайн байх төлөвтэй. Коксжих нүүрсний экспортыг 40 сая тоннд хүргэвэл зарим экспертийн тооцоолсноор эдийн засаг хоёр оронтой тоонд хүрч өсөж магадгүй гэсэн төсөөлөл ч бий. Нөгөөтээгүүр, дэлхийн бүх оронд тулгарч буй асуудал бол инфляцын өсөлт. Ойрын жилүүдэд инфляц өндөр байх төлөвтэйг эдийн засагчид анхааруулсаар байна. Импортоос ихээхэн хамааралтай манай орны хувьд эдийн засаг идэвхжиж, өрхийн хэрэглээтэй уялдаатай импортын эрэлтээс шалтгаалан төгрөгийн ханш суларч, энэ байдал нь аж ахуйн нэгжүүд болон эдийн засагт ачаалал болохыг ч мөн сануулж байгаа.
-Зарим мэргэжилтэн эдийн засгийн өсөлт ирэх гуравдугаар улирлаас иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж төсөөлж байгаа юм билээ. Хэрхэн нөлөөлөх бол?
-Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгаж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх нь чухал. Нүүрсний экспорт тогтвортой өсвөл гадаад валютын орлого нэмэгдэж, инфляцын нөлөө буурч, ард иргэдэд эергээр нөлөөлнө. Гэхдээ хамгийн гол нь ажлын байр, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого дээшилж, тэлэх үйл явц явагдвал ийм үр дүнд хүрнэ. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байгаа ч энэ салбар харьцангуй цөөн тооны ажлын байр бий болгодог. Иймээс хөдөө аж ахуй, үйлчилгээ, тээвэр, жижиг, дунд үйлдвэрлэл зэрэг ажлын байр олноор бий болгодог салбарын үйл ажиллагааг дэмжих шаардлагатай.
-Инфляц манай улсад энэ онд буурах төлөвтэй гэж АХБ-наас мэдээлсэн. Гэхдээ инфляцад “идэгдвэл” эдийн засгийн өсөлт нь хувийн хэвшлийнхэн, ард иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байх талтай. Инфляц бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа бол. Үнэхээр инфляц буурах болов уу?
-Дэлхий нийтийн чиг хандлага, ялангуяа цар тахлын дараа нийлүүлэлтийн сүлжээ жигдрээгүй байгаа, мөн Орос, Украины дайнтай холбоотойгоор үнийн хөөрөгдөл, инфляц буурах нөхцөл бүрдээгүйг экспертүүд хэлж байна. Энэ үнийн өсөлттэй, өндөр инфляцтай үе 2023-2024 онд үргэлжилнэ хэмээн төсөөлснөө эдийн засагчид илэрхийлж байгаа шүү дээ. Түүнчлэн АНУ-д санхүүгийн хямрал бий болох төсөөллүүд ч бий. Дэлхийн эдийн засгийн иймэрхүү томоохон хүчин зүйлс нь нийт эрэлтэд нөлөөлж, оны эхэнд тооцоолж байсан эдийн засгийн өсөлт, инфляцын түвшин, төгрөгийн ханшийн төсөөллийг эргэн харахад хүргэж болзошгүй. Инфляц өндөр байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж, ялангуяа импортоор бараа, материалаа авдаг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа байнга өөрчлөх шаардлага үүсгэж, борлуулалтын төлөвлөлт, гүйцэтгэлд нь ихээхэн нөлөөлж байна л даа.
ЗӨРЧИЛ ДАХИН ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРАХ ЁСТОЙ
-Энэ оны эхний гурван сард манай улсын гадаад худалдааны тэнцэл 1.82 тэрбум ам.долларын ашигтай гарсныг ГЕГ-аас мэдээлсэн. Эл хугацаанд нийт экспортын 60 хувийг чулуу нүүрс эзэлжээ. 2023 онд нийлүүлэхээр төлөвлөсөн нүүрсний 55 гаруй хувийг өдгөө экспортлоод байна. МХБ-ээр нүүрс арилжиж, дуудлагаар худалдах болсон нь эдийн засагт ямар өөрчлөлт үзүүлж байна вэ?
-Нүүрсийг цахимаар арилжиж, дуудлагаар худалдах болсон нь ихээхэн ач холбогдолтой. Юуны түрүүнд түүхий эдийн биржийн гол тоглогчид нь үйл ажиллагааны хувьд дагнан төрөлжиж, итгэмжлэгдсэн борлуулагч, худалдан авагч, тээвэрлэгч, хадгалагч зэрэг үйл ажиллагаагаар мэргэшиж, илүү ил тод, өрсөлдөөнтэй орчин бий болно. Нөгөөтээгүүр, урт хугацаанд тодорхой үнээр нүүрсээ нийлүүлэх гэрээ (forward, futures contract) байгуулснаар олборлогч, уул уурхайн компаниудад мөнгөн орлогын урсгал тодорхой болж, бизнес төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлуудаа шийдвэрлэхэд тустай.
-Манай улс ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг зорьж буй. Иймээс ч Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3, газар тариаланд 342.6, хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлынход 507.1 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгох юм билээ. Ер нь Засгийн газрын дэмжлэг бизнес эрхлэгчдэд ямар үр нөлөө үзүүлэх бол?
-Хүнсний хангамж ямар чухал гэдгийг цар тахлын үе бидэнд харууллаа. Юуны өмнө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын стандарт, шаардлага хангасан, органик, эрүүл хүнс хэрэглэхийг иргэд хүсэж байгаа. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөр болон бодлогын бусад дэмжлэг, хөнгөлөлттэй зээл өгөөжөө өгнө гэж найдаж байна. Үндэсний олон аж ахуйн нэгж энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Цаашид Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой.
-Засгийн газраас Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлүүлэхэд анхааран, “нүүрсний хулгай”-тай тэмцэж, “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. Эдгээр нь эдийн засагт ямар нөлөөтэй гэж үзэж байна вэ?
-Засгийн газраас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр багагүй арга хэмжээ авч байна. Хөгжлийн банкны, “нүүрсний хулгай” зэрэг дуулиантай асуудлыг цаашид гаргахгүй байх зарчмын шийдэл нь юу вэ гэдгийг бодох ёстой. Төрийн өмчийн, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө, төрөл бүрийн сангуудын ашиглалт, үр ашиггүй зарцуулалттай холбоотой зөрчил тодорхой давтамжтайгаар гарч байгаад дүгнэлт хийх учиртай. Бусад оронд төрийн өмчит компаниудаа нээлттэй болгон өөрчилж, засаглалыг нь сайжруулах арга хэмжээ авдаг. Харин манайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгон IPO хийх чиглэлийн хэд хэдэн шийдвэр гаргасан ч хэрэгжүүлээгүй. Ташрамд дурдахад, арилжааны банкууд IPO хийсэн нь санхүүгийн зах зээлийг идэвхжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүд үнэт цаасыг нь авснаар хувьцаа эзэмшигчдийн зах зээлийн мэдлэг, боловсрол дээшлэхэд ихээхэн нөлөөтэй. Одоохондоо арилжааны банкууд харьцангуй бага хэмжээний хувьцааны багц санал болгож байгаа ч ямартай ч энэ үйл явцын үр дүнд банкуудын үйл ажиллагааны цар хүрээ тэлж, үйлчилгээний чанар нь дээшлэхэд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой.
Засгийн газраас өргөн цар хүрээтэй явуулж байгаа “5Ш” ажиллагаа нь нийгэмд шударга ёс тогтоох, хариуцлага тооцох ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, жишээ нь, төрийн өмчийн, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой зөрчлүүдийн цаад шалтгааныг нь олж тогтоон, дахин гаргахгүй байх реформын шинж чанартай арга хэмжээ авахгүй бол хэсэг хугацааны дараа дахиад л “шүүрдэх” хэрэг гарч магадгүй. Дээр дурдсанчлан, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг их хэмжээний өмч хөрөнгийн менежмент хийдэг байгууллагыг нээлттэй компани болгож, засаглалыг нь олон улсын стандарт, дүрмээр сайжруулах учиртай. Түүнээс биш 100 хувь төрийн өмчдөө байгаад, нэг захирлыг нөгөөхөөр солиод байдал өөрчлөгдөхгүйг цаг хугацаа харуулсан.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
-МБЗ-д Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын компаниуд гишүүнчлэлтэй. Тэдний зүгээс Монголын одоогийн хөрөнгө оруулалтын орчны талаар ямар байр суурь илэрхийлж байгаа бол. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлттэй танилцсан уу. Бизнес эрхлэгчдийн зүгээс гаргадаг саналыг хэр тусгасан бол?
-Өмнө хэлсэнчлэн, МБЗ нь дотоод, гадаадын 200 гаруй идэвхтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөгийн Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хийх ажил их бий. Монгол Улс руу орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа шалтгааныг тогтоох, одоо манайд үйл ажиллагаа явуулж буй компаниудын санал гомдлыг барагдуулах чиглэлээр ажиллах, уул уурхайн салбарын татварын орчныг сайжруулах шаардлагатай. Дэлхий нийтээр хөрөнгө оруулалт татах хууль, эрх зүйн орчин, зохицуулалтаараа өрсөлдөж байхад Монгол Улс сүүлийн жилүүдэд үүнийг татах дагнасан байгууллагагүй явж ирснийг дээр дурдсан. УИХ-аар хэлэлцэхээр өргөн барьж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батална гэж найдаж байна. МБЗ хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцож, саналаа хүргүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өндөр хураамжийг байхгүй болгох, маргаан шийдвэрлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт, худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай болох зэрэг чухал асуудлыг шийднэ хэмээн хүлээж байгаа.
-Оюу толгойн гүний уурхайг ашиглалтад оруулснаар хөрөнгө оруулалт нь буурахаар буй. Иймээс хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэх өөр төсөл хэрэгжүүлэх, мөн экспорт, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд нөлөөтэй уул уурхайн бус салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ. ДНБ-ий өсөлтийг тогтвортой хадгалахад хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй шүүдээ.
-“Оюутолгой” нь Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш гадаадын хөрөнгө оруулагчтай хэрэгжүүлсэн хамгийн том төсөл. Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай 2009 онд байгуулснаар 2013 оноос анхны бүтээгдэхүүнээ гаргаж, энэ жил гүний уурхайн бүтээн байгуулалтынхаа эхний шатыг дуусгаж, далд уурхайгаас хүдэр олборлож эхэллээ. “Оюутолгой” компани нь 2004 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингээд харахад бараг 20 жил болж байж дэлхийн хэмжээний уул уурхайн төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллах хэмжээнд дөхөж байна. Иймээс дараагийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын эдийн засаг “Оюутолгой” төслийн үр нөлөөгөөр томорч, тодорхой хэмжээнд хүрч, одоогоор зогсонги байдалд орох шинжтэй байна. Тиймээс үндэсний компаниудын оролцоотойгоор бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг “явуулж” байж эдийн засгийн дараагийн өсөлтийг авчирна.
Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх гэж том ажил байна. Энэ нь тийм ч амар бус, цаг хугацаа, хүч хөрөнгө шаардсан ажил болдгийг улс орнуудын жишгээс харж болно. Чили улс 1970-аад онд зэсийн үнэ унах үед дарс, яргай загас зэрэг экспортын бусад бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд анхаарсан жишээ бий. Манай улсын хувьд хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал, үйлчилгээ, мэдээллийн технологийн чиглэлээр эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой.
-МБЗ-өөс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлсэн үү. Тийм бол энэ талаар тодруулна уу.
-МБЗ-өөс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлсэн. “Оюутолгой” төсөл хэрэгжүүлж эхэлсэн 2009 оноос хойш уул уурхайн томоохон төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт татаагүй байгаад дүн шинжилгээ хийх шаардлагатай. Үүнд нэгдүгээрт, лиценз олголтын асуудал нөлөөлсөн. Манай улс лиценз олгохыг хэсэг хугацаанд зогсоосны дараа өргөдлөөр, эсвэл сонгон шалгаруулалтаар өгөх зэрэг дүрэм, журам нь гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхойгүй, ойлгомжгүй байдал бий болгон, цаг алдаж, чирэгдэл учруулсан гэх мэт шалтгаан нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн юм. Хоёрдугаарт, татварын ачаалал өндөр байгаа. Энэ нь АМНАТ-ийг гэрээний, эсвэл жишиг үнээр тооцох тал дээр маргаан үүсгэж, бага хэмжээний нэмүү өртөг шингээх үйл ажиллагаа зогсох тийшээ хандаж байна л даа. Мөн уул уурхайн тусгай зөвшөөрөл, компанийн хувьцааг шилжүүлэхэд татварын хувь хэмжээ өндөр байгаа нь хөрөнгө оруулалт орж ирэхэд сөргөөр нөлөөлж буй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваад, ажлаа эхлүүлэх гэтэл орон нутгийнхан эсэргүүцэж, үйл ажиллагаанд нь саад учруулдаг зэрэг уялдаа холбоо, хамтын ажиллагааны дутагдалтай тал нь шинээр хөрөнгө оруулалт татахад саад болж байна. Дараагийн томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлэхийн тулд хайгуулын болон туслан гүйцэтгэгч компаниудыг дэмжих нь зүйтэй. Бас ажлын байр, татвар төлөлтийг дэмжих шаардлагатай.