“Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын эцэст БНХАУ-ын Шанхайд болсон “Хятадын гангийн хөгжлийн стратеги”, дөрөвдүгээр сарын сүүлээр Тайландын Бангкокт зохион байгуулсан “Азийн нүүрсний зах зээлийн төлөв, худалдааны чуулга уулзалт”-д оролцоод ирсэн юм.
-Монгол Улс энэ он гарснаас хойш 20 орчим сая тонн нүүрс экспортолж, гүйцэтгэл нь 55 хувьд хүрээд байна. 2023 онд манай улс БНХАУ-д 35 орчим сая тонн коксжих нүүрс нийлүүлэх төлөвтэй талаар Та өнгөрсөн сард дурдсан. Нүүрсний зах зээлийн төлөв ямар байна вэ. Манай улсаас нийлүүлж буй коксжих нүүрсний чанар бусад орноос экспортолж байгаатай харьцуулахад ямар вэ?
-Монгол Улс энэ онд БНХАУ-д 35 орчим сая тонн коксжих нүүрс нийлүүлнэ гэж тооцсон нь урд хөршийн судалгааны хоёр ч байгууллагаас гаргасан дүгнэлт юм. Өмнөд хөрш коксжих нүүрсийг ОХУ, Австрали, АНУ, Канад гэсэн олон эх үүсвэрээс авдаг. Эдгээр нийлүүлэгч орны бүтээгдэхүүн өөр өөрийн онцлогтой, үнэ нь янз бүр. БНХАУ-д аль улсаас яг төдий хэмжээний нүүрс авна гэсэн тоо үгүй ч нэг баримжаа “яваад” байдаг. Тус улс нүүрсний зах зээлээ зохицуулалттай байлгадаг. Зохицуулалттай зах зээлийн эдийн засаг гэж хэлэхэд болмоор. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, байгаль орчны асуудлаас болоод нүүрсний хэрэглээг тодорхой түвшинд барьж буй. Хоёрдугаарт, жишээ нь, Монголоос коксжих нүүрс хямд үнээр хэт их нийлүүлбэл дотоодын уурхайчид нь дургүйцнэ. Тиймээс улс орнуудын нүүрсний нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд байлгадаг. БНХАУ нь Монголоос авсан нүүрсийг өөрийнхтэйгөө холиод коксын үйлдвэрүүддээ нийлүүлдэг. Коксын үйлдвэрт ганц төрлийн нүүрс хэрэглэдэггүй, хольдог учраас тэр.
АНУ-ын нүүрсний чанар сайн, хүхэр багатай. Холоос тээвэрлэдэг учраас зардал өндөртэй. БНХАУ-ын томоохон үйлдвэрүүдийн дийлэнх нь зүүн, зүүн өмнөд хэсэгтээ байрладаг бөгөөд далайгаар тээвэрлэн тэдгээрт нийлүүлдэг. Австралийн коксжих нүүрс мөн өндөр чанартай. Гэхдээ нийлүүлэх хэмжээний хувьд өмнөх түвшиндээ эргэн хүрээгүй байна. Урьд нь их хэмжээгээр нийлүүлдэг байсан ч хориг тавьснаас шалтгаалж багассан. Хэдийгээр өдгөө хориг нь тавигдсан ч тодорхой шалтгаануудын улмаас нийлүүлэлт нь бага байгаа гэсэн. Нэгдүгээрт, Австралийн уурхайнуудад ажиллах хүчин хомсдолтой, нүүрсний салбарт хөрөнгө оруулах нь “моод” биш болсон учраас экспортоо нэмэгдүүлье гэж зорих нь юу л бол гэж хятадууд үзэж буй юм билээ. Гуравдугаарт, үерийн улмаас хүндрэл үүссэн том уурхайнууд нь бүрэн сэргээгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Австралиас БНХАУ руу нийлүүлэх нүүрс төдийлөн нэмэгдэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Бодит байдал дээр Австралийн нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн хоёр жилд дэлхийн хэмжээнд маш өндөр байв. Хэдийгээр Хятад аваагүй ч Австрали дэлхийн коксжих нүүрсний худалдааны талаас илүүг нь эзэллээ. Гол худалдан авагч нь Хойд Америк, Европ, Азийн Япон, Өмнөд Солонгос зэрэг орон байсан. Миний бодлоор хятадуудын дээрх тайлбараас илүүтэйгээр улс төрийн нөхцөл байдал, Барууны болон Азийн улсуудын зөрчилдөөнтэй холбоотойгоор Австралийн нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаа болов уу. БНХАУ энэ жил Австралиас 10 саяас илүүгүй коксжих нүүрс авах байх гэж хятад мэргэжилтнүүд хэлж байна лээ.
Энд нэг зүйл хэлэхэд, Монгол ер нь Австрали, Оростой өрсөлдөх хэмжээний позицтой улс биш шүү дээ. ОХУ-ын хувьд сүүлийн хоёр жил дайнаас болоод Хятад, Энэтхэг рүү нийлүүлэх нүүрснийхээ үнийг 50 хувиар хямдруулсан. Өмнө нь нүүрсний зах зээлийн дийлэнх нь Ази бус, Европ байсан бол жил гаруйн хугацаанд маш хурдан өөрчлөгдөж, одоо экспортын ихэнх нь Азийн орнуудыг чиглэх болсон. Европ руу маш багаар нийлүүлж байгаа. ОХУ 10, 20 жилийн өмнөөс л түлш, газрын тос, нүүрсний зах зээлээ Азийн зах зээл рүү шилжүүлнэ гэж эрчим хүчний салбарт баримтлах стратегидаа тусгаад, бэлтгэл хийж байсан нь цар тахал, дайнтай холбоотойгоор маш хурдтай явагдлаа. ОХУ-аас БНХАУ руу эрчим хүчний болон коксжих нүүрс нийлүүлдэг. Нүүрсний CSR гэх коксжих чанарын үзүүлэлт нь манайхыг бодвол арай тааруу. Харин бусад үзүүлэлт, тухайлбал хүхэр нь бага. Шинж чанар нь өөр учраас ашиглахад тохиромжтой үйлдвэрүүд худалдан авдаг. Хойд хөршийн нүүрсийг БНХАУ-ын зүүн, зүүн хойд хэсгийн нутагт далайгаар тээвэрлэн нийлүүлж буй. Тэгвэл Монголын нүүрсний зах зээл бол БНХАУ-ын баруун, хойд болон нутгийнх нь гүнд байдаг. ӨМӨЗО, Шаньси мужид нийлүүлдэг. Эдгээрт дандаа далд уурхайтай, дээр дурдсанчлан олборлосон коксжих нүүрсээ Монголынхтой (арай бага үнэ, сайн чанартай) хольдог. Дээрх газруудын уурхайн нүүрсийг Оросынхтой холивол шинж чанар, техникийн хувьд тохиромжгүй. Тэгэхээр БНХАУ-ын зүүн, баруун, өмнөд гэдэг ч юм уу тухайн хэсэгт нь ОХУ, Монгол, Австралиас нийлүүлдэг, зах зээл нь “тусдаа” гэсэн үг. Иймээс аль нутгийнх нь худалдан авах хэмжээ ямар байх вэ гэдэг нь чухал. Одоо бол БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч нь Монгол Улс. Энэ жил өмнөд хөрш 77 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй бөгөөд өмнө хэлсэнчлэн 35 орчим саяыг нь манайх нийлүүлэх таамаг бий. Эрчим хүчний нүүрсний хувьд хамгийн том нийлүүлэгч нь Индонез. Монголоос эрчим хүчний нүүрс авах боломжтой ч тээврийн дэд бүтцийн асуудал бийг БНХАУ-ын Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциацын дэд захирал Сиа Инвэй хэлсэн.
-Монголоос коксжих нүүрс нийлүүлдэг баруун, хойд нутгийнх нь эрэлт цаашид ямар байх төлөвтэй бол?
-БНХАУ-ын металлурги, коксын дийлэнх үйлдвэр нь зүүн, зүүн өмнөд талдаа бий. Манайх хүрэхэд хэцүү зах зээл. Гэхдээ гол, цөм, хүнд үйлдвэрүүд нь Хятадын баруун хойд хэсэг рүүгээ шилжиж буй хандлага бий. Нутгийн урд хэсэгт нь шинээр үйлдвэр баригдахгүй, хойд хэсэгтээ барьж буй юм билээ. Урд хэсэгт нь байрладаг хөгжингүй хотууд нь гүүр, зам, барилгатай болчихсон учраас тэр. БНХАУ-ын баруун хойд хэсэг нь хөгжлөөрөө зүүн өмнөдөөсөө хоцорсон тул алсдаа илүү хэрэглээ үүснэ. Иймээс манай коксжих нүүрсний зах зээлийн хэрэглээ урт хугацаанд тогтвортой байх болов уу.
БНХАУ 2023 онд эдийн засгаа таван хувиар өсгөхөөр зорьсон бөгөөд дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулж байна. Энэ онд эдийн засгийг дэмжих тусгай зээлд зориулан 3.8 их наяд юанийн (600 орчим тэрбум ам.доллар) хөнгөлөлттэй эх үүсвэр гаргаж байна л даа. Эл хөрөнгийн ихэнхийг дэд бүтцийн томоохон төслүүдэд зориулна. Тэгэхээр ган, цементийн хэрэглээ бий болж, нүүрсний эрэлт нэмэгдэнэ. Иймээс энэ жил коксжих нүүрсний эрэлт их байна гэсэн хүлээлт 2023 он гарахын өмнө үүссэн. Хүлээлтээс шалтгаалж коксжих нүүрсний үнэ ч өссөн. Улмаар хүмүүс авч нөөцөлсөн, дээрээс нь эдийн засгийн өсөлт нь таван хувьд хүрэхгүй, дөрөв гаруй хувь байх төлөв гарснаас үүдэн нүүрсний ханш одоогоор хямдраад байна. Нүүрсний үнэ цаашид өндөр хувиар буурахгүй, тогтворжино гэж таамагласнаа “Хятадын гангийн хөгжлийн стратеги” хурлын үеэр мэргэжилтнүүд онцолсон. Өнгөрсөн онд коксын үнэ савлагаа ихтэй байж хамгийн өндөр, бага үнийн зөрүү нь 1600 юаньд хүрчээ. Энэ жил 1724-2835 юанийн хооронд буюу 1000 гаруй юаниар (40 орчим хувь) хэлбэлзэж магадгүй гэсэн төлөв бий. Мэдээж үүнтэй коксжих нүүрсний ханш уялдана.
УРД ХӨРШТЭЙ ХОЛБОГДОХ ТӨМӨР ЗАМАА ХУРДАН БАРИХ ХЭРЭГТЭЙ
-Та олон улсын хоёр ч хуралд оролцоод ирлээ. Худалдан авагчид юуг илүүтэй тодруулж байв?
-Монгол Улс нүүрсээ биржээр цахим дуудлагаар арилжиж эхэлсэн. Ингэснээр өмнө нь байгуулсан бүх гэрээгээ зогсоогоод, бүх нүүрсээ биржээр арилждаг болох уу, биржээр дамжуулж зарахаар үнэ нь өсөх үү, зах зээлд ямар шинэ нөхцөл байдал үүсэх вэ зэрэгт худалдаачид нэлээд санаа зовсон юм шиг ээ. Тиймээс мэдээлэл өгөх хэрэгтэй болсон. Хил орчим, байнга ажиллаж буй хүмүүс мэдсэнч Азийн томоохон худалдаачид мэдээлэл авах шаардлагатай байгаа тул олон улсын хурлуудад оролцлоо. Энэ үеэр Хятадын талаас голчлон хоёр зүйл асуусан. Нэгдүгээрт, дуудлагаар арилжихаар нүүрсний үнэ өсөх үү гэж байв. Үүнд үгүй гэж хариулсан. Нүүрсний үнэ үндсэн хоёр хүчин зүйлээс бүрддэг. Нэг нь уурхайн аман дээрх нүүрсний үнэ, хоёрдугаарх нь, БНХАУ-ын хил рүү хүргэх тээврийн зардал. Тээврийн зардлыг Монгол хяналтдаа байлгадаггүй байснаас шалтгаалж цар тахлын үед хэт өндөр өссөн. Одоо тээврийг хяналтдаа оруулснаар нийлбэр дүндээ худалдан авагч талд бага зардал гарна гэдгийг тайлбарласан. Тээврийн компанитайгаа тохирч, гэрээ байгуулсан, мөнгөө шилжүүлчихсэн тохиолдолд дүрэм гэнэт өөрчлөгдөх нь мэдээж төвөгтэй. Тиймээс нэгэнт байгуулсан том гэрээнүүдээ хэвээр мөрдөнө гэдгээ Монголын Засгийн газраас мэдэгдэж, энэ жил борлуулах бүх нүүрсийг бус, 30 хувийг нь биржээр арилжихаар зорьж байгааг тайлбарлалаа. Мэдээлэл ил тод болсон тул шинээр арилжаанд оролцох сонирхолтой худалдан авагчдад нээлттэйг дурдсан. Угаасаа тээврийн асуудлыг зохицуулах шаардлага манайд үүссэн байсан л даа. Цар тахал дэгдсэн жилүүдэд Монгол Улс ихээхэн алдагдал хүлээсэн. Уурхайнуудад АМНАТ-тэй холбоотой татварын дарамт ирсэн. Мөн “нүүрсний” гэх хэрэг ч гарлаа шүү дээ. Монгол Улс хэрэгжүүлэх ёстой арга хэмжээгээ л авсан. Энэ нь ч зөв алхам.
-Цаашид дээрх 30 хувийг нэмэгдүүлнэ гэж төсөөлж байна.
-Төрийн өмчит компаниуд цаашид нүүрсээ 100 хувь биржээр арилждаг болох байх. Одоогоор БНХАУ-ын томоохон компаниудтай байгуулсан гэрээгээ шууд цуцлах боломжгүй учраас хэрэгжүүлж дуусгана.
-Оффтэйк гэрээнүүдийн төлбөрийг нүүрсээр хэзээ төлж дуусах талаарх мэдээлэл Танд бий юү?
-Нууцаас гаргах боломжтой гэрээнүүдийг “Эрдэнэс Тавантолгой”-н цахим хуудсанд байршуулсан. БНХАУ-ын томоохон компаниудтай байгуулсан, хоёр улсын хэмжээний гэрээнүүдийг нууцаас гаргахгүй гэсэн тайлбарыг манайхан өгсөн шүү дээ. Тавантолгойд барьж буй нүүрс баяжуулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойг урд хөршийн төрийн өмчит томоохон компаниуд барих бөгөөд төлбөрийг нь нүүрс нийлүүлж барагдуулахаар баталгаажуулсан. Бидний сайн мэдэх “Чалко” компанитай байгуулсан гэрээ ч бий. Нийлбэр дүн нь тэрбум ам.доллароор хэмжигдэх болов уу.
-Хятадын талаас биржээр нүүрс арилжиж эхэлсэнд ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-“Монгол Улс бол Австрали, Орос биш. Олон зах зээл байхгүй. БНХАУ гэсэн ганц зах зээлтэй, далайд гарцгүй байж дуудлага худалдаа хийх ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт нэлээд тавьсан. Гэхдээ БНХАУ нь өөрөө “ганц” тоглогч биш. Урд хөрш дэлхийн нүүрсний талыг хэрэглэдэг. Төрийн, хувийн компаниуд бий. Тиймээс манайх нээлттэй, ил тод байх нь зөв.
-МХБ-ээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нүүрс арилжиж буй. Өнгөрсөн хугацаанд борлуулсан нүүрсийг хүргэж өгөхөд хүндрэл гарсан болов уу?
-Биржээр арилжсан нүүрсийг урд хөрш рүү тээвэрлэж аваачаад талбай дээр буулгах ёстой. Тэр талбай нь А компанийн өмч. Нэг удаа “Уучлаарай, манай талбай дүүрчихсэн. Хүлээж авах боломжгүй” гээд буцаасан тохиолдол гарсан. Эл асуудлыг төрийн байгууллагуудын шугамаар ярилцаад дахин ийм тохиолдол гараагүй. Хил орчим том агуулах эзэмшдэг томоохон компаниуд Монголтой хийх БНХАУ-ын худалдааг тусгаарлах сонирхол байхыг үгүйсгэхгүй. Хилээр гаргасан нүүрсийг худалдан авагч тал буулгах ёстой. Буулгаж чадаагүй тохиолдолд худалдан авагч талд эрсдэл үүсэж байгаа биз. Бусад худалдаачныг арилжаанд оруулмааргүй байна гэвэл шударга бус өрсөлдөөн болж хувирна. Арилжааны зарчмаар шинэ худалдан авагч хил дээр талбай ашигласны мөнгийг нь төлөөд нүүрсээ буулгана шүү дээ.
-Энэ мэтчилэн асуудал үүсэхэд хэрхэн зохицуулах талаар манайх журамдаа хэр тусгасан бол?
-Нүүрсний үнэ өндөр байхад биржийн арилжаанд оролцон, худалдаж авчихаад БНХАУ руу хүргэхээс өмнө ханш нь буурсан тохиолдол гарсан. Ийм үед худалдан авагч эрсдэлээ худалдагч талтай тодорхой хэмжээнд хуваах шаардлагатай байх. Үнийн индексийг хувилж нөхөн олговор өгөх, үнээ буулгах гэдэг ч юм уу процедур шаардлагатай. Товчхондоо, эрсдэл үүсвэл зохицуулалт хийдэг байх хэрэгтэй. Тээврийг манай тал хариуцаж буй учраас хил дээр хэд хоногт багтаан хүргэж өгөх нь чухал. Удаан хүргэснээс болоод үнэ унавал алдагдлаа хуваалцах нь зүйн хэрэг. Энэ мэтчилэн арга хэмжээ авахгүй бол биржийн арилжаа олигтой үргэлжилж чадахгүй болно.
-Азийн орнуудын нүүрсний зах зээлд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
-Хятадын кокс, химийн компаниуд коксжих нүүрсний нөөцтэй Индонезэд нэлээд хөрөнгө оруулж, үйлдвэр барьж байна. Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжих хандлагатай. Харин Зүүн өмнөд Азийн орнуудынх тэлэх төлөвтэй тул ган, коксын хэрэглээ нь нэмэгдэнэ. Иймээс ч хятадууд Индонезэд хөрөнгө оруулж буй хэрэг. БНХАУ-ын нэг хүнд ногдох гангийн хэмжээ 17-18 тоннд хүрсэн. АНУ, Японы туршлагаас харахад дээрх дүн 20 орчим тонн буюу оргилдоо хүрснээс хойш буурдаг юм байна л даа. Аж үйлдвэржсэн улсын түвшинд хүрэхэд нэг хүнд 20 орчим тонн ган ногддог байх нь. Барилга, дэд бүтэц нь ханачихдаг, түүнээс хойш нэг их нэмэгддэггүй аж. БНХАУ-ын хувьд энэ хэмжээнд дөхөж байгаа гэхээр урт хугацаандаа коксын хэрэглээ нь төдийлөн өсөхгүй гэсэн үг. Үүнийгээ хүчээр барихын тулд дэд бүтцэд ихээхэн хөрөнгө зарцуулж эдийн засгаа урагшлуулах гээд байгаа хэрэг. БНХАУ-ын Засгийн газрын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулсан хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн удирдлагууд нь газар худалдаж авах зэрэгт түлхүү зарцуулснаас болж гангийн хэрэглээ нь хүлээсэн хэмжээнд хүрэхээргүй байгаа юм билээ. Энэтхэгийн хувьд ирэх жилүүдэд коксжих нүүрсний эрэлт нь нэмэгдэх төлөв бий.
-Монголоос Энэтхэг рүү нүүрс нийлүүлэх боломжийн талаар судална гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж буй байх аа?
-Ямар ч ахицгүй байгаа. Оросын Алс Дорнодоор дамжуулан экспортолно гэж өмнө нь тооцож байсан. Дайнаас болоод энэ чиглэл одоо яригдахаа больсон. Ер нь тарифын хөнгөлөлтийг тооцвол Владивосток, Тяньжины аль аль нь ойролцоо зардалтай шахуу. Гэхдээ Оросоос Энэтхэг рүү нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмж буй учраас Монголынхыг газар нутгаараа “явуулна” гэж байхгүй. Хятадын нутаг дэвсгэрийн дундуур манай нүүрсийг тээвэрлэх бараг боломжгүй, төмөр замын ачаалал нь их, үнэтэй материал зөөдөг. Тэгэхээр ер нь худлаа юм гэсэн дүгнэлттэй байна лээ, Энэтхэгийн тал. Уг нь Монголоос нүүрс авах сонирхолтой Энэтхэгийн томоохон компани олон бий.
-Бага хэмжээгээр ч болтугай нийлүүлж, худалдан авагч улс нэмэгдэх нь манайд ихээхэн ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд хэлдэг.
-Уул уурхайн орон болохын тулд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байх хэрэгтэй. Монголын нүүрсийг Тяньжинаар дамжуулж далайгаар тээвэрлэн Энэтхэгт экспортлох тохиролцоог Хятадын талтай дипломат шугамаар хийвэл боломж бий. Манай улс Тяньжинд талбайтай болсон гээд байгаа шүү дээ. Нүүрсний үнэ өндөр үед эл маршрутаар нийлүүлбэл манайд ашигтай.
-Манай улс нүүрсний салбарт ямар бодлого баримталж, ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байна вэ?
-Ер нь Монголын нүүрсний экспортын гол асуудал нь дэд бүтэц, хэмжээ хоёр л байсан. Монгол цар тахлын жилүүдэд зүгээр суулгүй дэд бүтцээ хөгжүүлж, бүтээн байгуулалтууд хийснийг оролцсон хурлуудын үеэр онцолсон. Манай улс 1955 оноос хойш байгаагүй урт төмөр зам шинээр барьсан. Транс Монголын төмөр замын бараг гуравны хоёртой тэнцэх бүтээн байгуулалтыг богино хугацаанд барилаа. Монгол, БНХАУ худалдааны эргэлтээ жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж, урт хугацаанд нүүрсний худалдааг өсгөхөөр тохиролцсон. Амлалтаа биелүүлэхийн тулд манай улс дэд бүтцээ сайжруулж, хилийн боомтуудын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр “Боомтын сэргэлт” бодлого хэрэгжүүлж байна. Ингэснээр ачаа эргэлт нэвтрүүлэх хүчин чадал багаар бодоход гурав дахин нэмэгдэж, 225 сая тоннд хүрнэ. Үүний 20 хувийг нүүрсэнд ногдуулахад л 40 гаруй сая тонн болно. Монголоос жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэхэд ч техникийн асуудалгүй болох юм. Дээрх хурлуудын үеэр яригдсан нэг асуудал нь дэлхийд томоохон хямрал гарч олон улсын худалдаа, далайн тээвэр хумигдвал АНУ, Австрали, Канадын коксжих нүүрсний нийлүүлэлтэд асуудал үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол бийг зарим мэргэжилтэн дурдсан. Монгол Улсын хувьд төвийг сахидаг тул ямар ч тохиолдолд баталгаатай нийлүүлэгч байж чадна гэсэн мессеж өгсөн.
-Ерөнхий сайд ойрын үед БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр буй. Айлчлалын үеэр нүүрсний салбартай холбоотой ямар санал тавих нь зүйтэй гэж үзэж байна вэ. Тухайлбал, нүүрсний квот тогтоох гэдэг ч юм уу?
-Манай улсаас БНХАУ-д жилд нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 40 сая тоннд хүрэх боломжтой. Тус улсын эл бүтээгдэхүүний импорт өнгөрсөн жил 66 сая тонн байсан бол энэ онд дээр дурдсанчлан 77 саяд хүрэх төлөвтэй. Эл тоо 80, 90 сая тоннд хүрвэл Монголынх ч пропорцоороо нэмэгдээд явна гэсэн үг. Гагцхүү хилийн буюу хоёр, гуравхан км төмөр замаа холбох хэрэгтэй. Хоёр талаасаа “оччихсон” төмөр зам бий. Олон улсын төмөр замын дүрмээр бол зөрж ороод, өөрөөр хэлбэл, Монголын өргөн царигтай төмөр зам урд хөршийн, БНХАУ-ын нарийн царигтай төмөр зам манай улсын нутагт хэдэн км ороод зогсдог юм билээ. Хилийн цэгээс дотогшоо орсон, Хятадын төмөр замыг монголчууд барина. Хилийн цэгээс урагшаагаа гарсан төмөр замыг хятадууд барина. Тэндээ ачаа хүлээж авах терминал барих хөрөнгө оруулалтаа өөрсдөө гаргаад байгуулах ёстой.
-Энэ ажлын явц одоо ямар байгаа бол?
-Хил давах хэсгийн холболтын ажлын зураг төслийг хийж байгаа гэж сонссон. Эл болон техникийн ажлыг хийхээр дор хаяж хоёр жил болно гэсэн. Ямар ч байсан цэг дээрээ оччихсон, өөд өөдөөсөө хараад зогсож байна. Төмөр замаа аль болох хурдан холбоод, ашиглах хэрэгтэй. Ингэснээр одоо нүүрсийг хил хүртэл төмөр замаар хүргэж, буулгаад, цааш нь машинаар тээвэрлэж буй процедур багасаж, өртөг буурна.
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ТАТВАРУУДАА БАГАСГАХ НЬ ЗҮЙТЭЙ
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Монгол нүүрс” ассоциацаас санал хүргүүлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хуулийг шинэчлэх гэж байгаа бол үзэл баримтлалыг нь гаргах ёстой. Шинэчилсэн найруулга гэхээр ямар нэгэн суурь өөрчлөлт харагдаагүй. Зарим нэг дэвшилтэй зүйл байсан. Гэвч Төрийн мэдлийн судалгаа, хөгжлийн төв байгуулах гэх мэтчилэн төрийн оролцоог нэмэгдүүлсэн заалт олон байна лээ. Байгаль орчны болон татварын талаарх хууль, журамд байдаг зохицуулалтыг давхар тусгасан нь чирэгдэл учруулах талтай. Наад зах нь компаниуд тайлангаа өөр байгууллагуудад давхар гаргаж өгөх шаардлага үүснэ.
Монгол Улс “Олборлолтоос боловсруулалт руу” уриатайгаар уул уурхайн салбараа хөгжүүлнэ гэж буй. Гэтэл боловсруулалтын салбарыг яг яаж дэмжих гэж байгаа юм бэ. Боловсруулаад ашиг олдог болгохгүйгээр уриа гаргаад л дэмжчихнэ гэж байхгүй. Боловсруулбал улам их татвар төлдөг байвал хөгжих боломжгүй. Тэгэхээр баяжуулах, боловсруулах үйлдвэрийг татвараас хөнгөлөх, АМНАТ-ийг нь бууруулах шаардлагатай. Энэ талаар хангалттай тусгаагүй байна лээ.
Дотоодод ДЦС-аас гадна үйлдвэрлэл, өрхийн хэрэглээнд нүүрс ашиглавал АМНАТ-ийн хөнгөлөлт үзүүлэх талаар тусгах нь зүйтэй. Нүүрс экспортолж, айлд борлуулбал адилхан АМНАТ төлөх учиргүй. Дотоодод хэрэглэж байгаа л бол ДЦС-аар хязгаарлахгүй бүгдийг нь хөнгөлөх ёстой л доо. Нүүрснээс хий үйлдвэрлэхийг дэмжье, агаарын бохирдлоо шийдье гэвэл төлбөрийг нь хөнгөлөх л хэрэгтэй. Бүтээгдэхүүн экспортлох боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилгын тусгай материалын гаалийн, НӨАТ-ыг тэглэмээр байна. Бүтээгдэхүүн экспортолбол боловсруулалтын түвшнээс нь хамаараад орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй. Ингэж байж боловсруулах үйлдвэрлэл хөгжих эдийн засгийн бодитой хөшүүрэг бий болно. Одоо бол боловсрууллаа гээд ямар ч давуу тал алга. Давуу тал бий болгохын тулд “хиймлээр” орчин бүрдүүлж, боловсруулах үйлдвэр барихыг дэмжих хэрэгтэй.
-Ингэснээр ямар ач холбогдолтой талаар дэлгэрүүлнэ үү.
-Ажлын байр бий болж, хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж, татвар нэмэгдэнэ, валютын ханш тогтворжиход нөлөөлнө. Суурь үйлдвэргүй, боловсон хүчин нь чадамжгүй байгаа тул боловсруулах салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Манай улсын ганц давуу тал нь томоохон зах зээл болох БНХАУ-тай ойр. Хоёр дахь давуу тал үүсгэхийн тулд татварын хөнгөлөлт үзүүлж байж хөрөнгө оруулалт татна. Автомашины жижиг металл эд анги хийгээд Япон руу онгоцоор хүргэдэг ганц нэг аж ахуйн нэгж Монголд бий. Хэрэв Монголд татвар бага байсан бол манайд олон эд анги үйлдвэрлээд Япон, БНХАУ, ХБНГУ-д нийлүүлнэ. Бидэнд цалин, мэдлэг үлдэнэ. Монгол олон улсаас тусгаарлагдмал байршилтай учраас үйлдвэрлэл явуулахад өртөг, тээврийн зардал маш өндөр. Сул талуудаа сааруулж, өрсөлдөхийн тулд татваруудаа багасгах нь зүйтэй. Индонез гэхэд одоо хэрэгжүүлж буй коксын төсөлд 10 жилийн хугацаанд АМНАТ, ашгийн татварын хөнгөлөлт үзүүлж байна. Мөн нүүрснээс шатахуун, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл АМНАТ тэг хувь байх жишээтэй. Иймэрхүү байдлаар зоригтой, бодит дэмжлэг үзүүлж байж л хөрөнгө оруулалт татна.