Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ. МҮЭХ болон яамны хамтын ажиллагаа, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт тусгах санал, төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, ангилал зэрэглэл болон иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл, орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тулгамдсан асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг оновчтой болгоход ажил хэрэгч тооцоотой хандах хэрэгтэйг онцолсон. “Гурван талт хэлэлцээрээс гадна салбаруудын хэлэлцээрийг үр дүнтэй хийх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний хорооны хурлаар хэлэлцэж байх хэрэгтэй” гээд уртын ээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг олон нийтэд ойлгуулахад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага идэвхтэй хамтран ажиллахыг хүслээ.