Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаныг өнгөрсөн оны дэлхийн хамгийн амжилттай улстөрчөөр нэрлэж болно. Украинд ОХУ дайн дэгдээснээс хойших бүх хугацааны турш тэрбээр асуудалд хөндлөнгөөс оролцолгүй, төвийгсахиж, сөргөлдөгч талуудын хооронд маргаангүй зуучлагчийн статусаа хадгалж, үүнээс улс төрийн болон эдийн засгийн ихээхэн ашиг хүртэж байна. Энэ нь 2023 онд товлосон Туркийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг гадаад бодлогын чухал үйл явдал болгов. Хэрэв Режеп Тайип Эрдоан ялагдвал өргөн бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны тогтсон загварыг бүхэлд нь эрс өөрчлөх шаардлага тавигдана.
ХОСГҮЙ ТҮНШ
Режеп Тайип Эрдоан Оросын ч, Өрнөдийн ч хувьд хосгүй түнш ньхэдийн болсон. Жишээлбэл, урьд нь НАТО-гийн холбоотнуудын дургүйцлийг үл харгалзан ОХУ-ын “S-400” пуужингийн системийг худалдан авах боломжийг тэрбээр олж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний хамт Сири дэх нөлөөний орон зайгаа дахин хуваах ажлыг эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Туркийн удирдагч АНУ-тай “F-16” сөнөөгч онгоц худалдаж авахаар хэлэлцээ хийж байсны сацуу “Bayraktar” дрон Украинд худалдсан. Тэдгээрийг Оростой хийж буй дайнд ашиглана гэж 2018 оны сүүлчээр хэн ч таамаглаагүй байх. Үүний сацуу 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс
Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны байр суурь урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрэв.
ОХУ, Украины төлөөлөгчдийн эхний хэлэлцээ Беларусьт болсон ч сарын дараа Оросын цэргүүдийг Киев рүү довтлох анхны түшиц газраар хангасан улс зуучлагч болоход тохиромжгүй нь тодорхой болж. Өөр хувилбар хайх талаар удаан төлөвлөөгүй бөгөөд гуравдугаар сарын 10-нд Туркийн Анталья хотод болсон дипломат уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай нүүртулж, мөн сарын 29-нд талууд Истанбулын Долмабахче ордонд бүрэн хэмжээний хэлэлцээ хийсэн юм. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “Москва, Киев хоёрын байр суурь ойртож байгаа нь таатай байна” гэж тэр үед хэлжээ. Хэлэлцээнд оролцогчид бүрэн хэмжээний энхийн хэлэлцээр байгуулахад тийм ч хол биш байж магадгүй гэсэн найдвар төрүүлж байв. Гэвч найдвар тасарчээ.
Мөргөлдөөн сунжирсан нь Режеп Тайип Эрдоанд олон улсын хэмжээнд нөлөөгөө бэхжүүлэх боломж олгосон. Аль болох хурдан энх тайван тогтоох ёстой хэмээн тэрбээр одоо ярьсаар байна. Хямрал удаан үргэлжлэх тусам ОХУ-ын эсрэг илүү олон хориг арга хэмжээ авч, тэр чинээгээр Туркт үлэмж ашигтай. Хориг арга хэмжээ бүрийг тойрч гарахад Турк л тусална. Оросын гадаад худалдааны талаар хийсэн “New York times” сонины томоохон судалгаанаас үзвэл Украинд дайн эхэлснээс хойш Москва, Анкара хоорондын худалдаа 198 хувиар (өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар) өссөн байна.
Худалдааны супер ашгаас гадна Туркийн удирдлага ОХУ, Өрнөд хоорондын харилцааны хямралаас ч олон бонус хожсон. Үүнд байгалийн хийн төвийн төсөл, Истанбулд байгуулсан үр тарианы гэрээ, Финланд, Швед улсНАТО-д элсэх хүсэлт гаргасны дараа тус эвсэлд дарамт шахалт үзүүлэх шинэ хөшүүрэгтэй болсон зэрэг багтана.
УРАН МЭХТ
Ерөнхийлөгч Эрдоаныманеврлах чадвар төгс төгөлдөр болсон. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгч Путинийг урьдын адил дотнын андаа гэдэг ч түүний алдаа, оноог шууд хэлчихдэг. “Би алдаа гаргасан гэж нэг ч удирдагч гэж хэлэхгүй” гэж Туркийн удирдагч өнгөрсөн оны есдүгээр сард Америкийн PBS телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн нь Владимир Путинд нэр хүндээ алдахгүйгээр хямралыг амжилттай шийдвэрлэх боломж олгохыг сануулжээ. Өрнөдийнхөн Оросын армийнхныг цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгадаг талаарх сэдвийг сэтгүүлч хөндөхөд Р.Т.Эрдоан мөн л шууд хариулахаас эвтэйхэн зайлсхийж чадсан юм. “Энэ сэдвийн тухайд НҮБ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн хамгийн тохиромжтой хариулт байх болно. Тэдгээрийн тусламжтайгаар энэ бүх маргаан гэрэл гэгээтэй болох ёстой. Эс бөгөөс улсын удирдагчийн хувиар мэдэгдэл хийхэд надад хэцүү байх болно. Ингэснээр биднийг гадаад бодлогоо тэнцвэртэй байлгадаггүй орны байдалд оруулна. Бид аль нэг талд орох ёсгүй” гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Гэхдээ Режеп Тайип Эрдоан байр сууриа үргэлж нуугаад байдаггүй. Заримдаа тэрбээр ОХУ-ын удирдагчид таалагдсан мэдэгдэл ч хийдэг.
“Харамсалтай нь өрнөдийнхөн Орос, Украины дайныг өдөөн хатгасан зүйлүүд л хийж байна” гэж тэрбээр саяхан мэдэгдээд, өөрийгөө Өрнөдийн нэг хэсэг биш гэдгээ онцолжээ. Туркийн Ерөнхийлөгч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай гурван талын уулзалт хийхэд бэлэн гэдгийгКремль үнэлж байгаа нь гарцаагүй. Энэ чиглэлд эхний алхмыг ч хэдийн хийсэн. Турк, Сирийн Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Москвад уулзсан нь сүүлийн 11 жилийн хугацаанд тус хоёр улсын хооронд хийсэн анхны албан ёсны харилцаа байв. Москва, Анкара хоорондын хамтын ажиллагаа хууль сахиулах байгууллагуудын түвшинд үргэлжилж байгаа нь бас чухал юм. ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов хэлэл цээр хийхээр саяхан Туркийг зорьсон байна.
Нөгөө тээгүүр, Режеп Тайип Эрдоан Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн нь Оросын хэвлэл мэдээл лийн хэрэгслээр үе үе гардаг байсан бол одоо зарим мэдэгдлийг нь Москва улам эгдүү цэх болжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Донецк болон Луганск Улс, Запорожье, Херсон муж ОХУ-ын бүрэлдэхүүнд нь хэдийн орсон, хуулийнх нь дагуу энэ шийдвэрийг цуцлах боломжгүй болсон ч Украины мөргөлдөөнөөс Орос ямар ч газар нутаг эзэмшилдээ авах ёсгүй гэж тэрбээр хэлсэн байна. Үүндээ ч Режеп Тайип Эрдоан санаа зовохгүй байгаа аж.
Оросын цэргүүд Днепр мөрний зүүн эрэг рүү ухрах үед Туркийн Ерөнхийлөгч “Херсоны талаар Оросын гаргасан сүүлийн шийдвэр бол эерэг бөгөөд чухал байлаа” гэж хэлжээ. Үүний хариуд Москва албан ёсны ямар нэг мэдэгдэл хийгээгүй юм.
Азербайжанаас Украинд цахилгаан үүсгүүрүүд нийлүүлсэнд гайхан, эргэлзэж байгаагаа ОХУ-ын ГХЯ илэрхийлсэн нь Туркийн талаар онцгой хандлагатай нь тодорхой болсон аж. Тодруулбал, үүнээс хэдхэн хоногийн өмнө Туркийн компани Одесса боомтод хөвөгч хэд хэдэн цахилгаан станц суурилуулах хүсэлтэй буйгаа зарлахад Москвагаас ямар ч хариу үйлдэл хийгээгүй байна.
Гэхдээ хамгийн тод жишээ нь Турк Украинтай цэргийн салбарт нээлттэй, идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа явдал юм. Украинд “Bayraktar” дроны үйлдвэр барихаар өнгөрсөн зун Киев болон Анкара тохиролцсон бөгөөд үүнийг арилжаа гэхээс илүү үзэл суртлын хамтын ажиллагаа болохыг тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Халук Байрактар (түүний ах Сельчук нь Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны охинтой гэрлэсэн) хэлжээ. “Мөнгө бол бидний хувьд нэн тэргүүний асуудал биш. Мөнгө, материаллаг нөөц бол бидний бизнесийн зорилго хэзээ ч байгаагүй. Украинтай найрамдал, хамтын ажиллагаагаа бид олон жил үргэлжлүүлж байна. Тиймээс бидэнд хэчнээн их мөнгө санал болгосон ч үнэ нийг хэлэхэд, өнөөгийн нөхцөлд (өөрөөр хэл бэл, Москвагаас санал ирсэн тохиолдолд) тэдэнд өгөх асуудал байж болохгүй. Энэ хугацаанд бидний бүх дэмжлэг Украин руу чиглэнэ” гэж тэрбээр ВВС-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүний адил Казахстан улс нэг жилийн хугацаанд зэвсгийн экспортоо бүрэн зогсоосон. Гуравдагч этгээдээр дамжин зэвсэг Украинд хүрч, Оростой харилцааг нь муутгаж мэдэх юм хэмээн Астана эмээж байгаа бололтой.
СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ЭЛИТҮҮДИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВЧЭЭ
Зургаан сарын дараа буюу ирэх тав, зургадугаар сард Турк улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно. Үүнээс үзвэл энэ улсын иргэдийн сонголт Украины хямрал цаашид хэрхэн өрнөхөд, НАТО-гийн хийх алхамд, Оросын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарах боломжид, Ойрхи Дорнодын нөхцөл байдалд нөлөөлөх нь. Сөрөг хүчин нэр дэвшигчээ тодруулах үед Туркийн удирдагч улиран сонгогдох боломжийг үнэлэх боломжтой ч түүний намыг өрсөлдөгчидтэй нь харьцуулсан рейтингээс харахад нөхцөл байдал амаргүй байх бололтой. Тиймээс өнгөрсөн оны дэлхийн хамгийн амжилттай улстөрч Режеп Тайип Эрдоаны хувьд энэ он хамгийн аз сорьсон жил байж магадгүй.
Товлосон ёсоор зургадугаар зургадугаар сард сонгууль болох аваас тус улсын Үндсэн хуульд заасны дагуу Р.Т.Эрдоан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, эсэх талаар маргаан дэгдсэн. Тиймээс түүний нэр дэвших боломжтой байлгах үүднээс сонгууль нь зунаас өмнө болж магадгүй гэж Туркийн олон шинжээч үзэж байна. Уг хуульд зааснаар нэг хүн Төрийн тэргүүний албан тушаалыг хоёроос дээш удаа хаших боломжгүй (Эрдоан 2014, 2018 оны сонгуульд ялсан). Гэхдээ 116 дугаар зүйлд нь зааснаар хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгч парламентын шийдвэрээр дахин нэр дэвших боломжтой аж. Ийм санаачилга гаргахын тулд 600 суудалтай парламентын 360 гишүүний дэмжлэг авах ёстой. Гэтэл тийм санал авах хүч түүний намд байхгүй. Тиймээс улс төрийн “мэхээ” хэрэгжүүлэхийн тулд одоогийн эрх баригчдад сөрөг хүчний дэмжлэг хэрэгтэй юм.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам сонгогчдын дунд нэр хүндээ эрс алдсан нь судлаачдын анхаарлыг татаж байна. Судалгааны “MetroPoll” компанийн мэдээлснээр 2015 оны арваннэгдүгээр сард Эрдоаны фракц тус улсын хүн амын 43.5 хувийн дэмжлэг авсан бол 2022 оны арванхоёрдугаар сард уг үзүүлэлт 31 болж буурчээ. Гэхдээ өрсөлдөгчид ньч байр сууриа бэхжүүлээгүй. Сөрөг гол хүчин болох Ардын бүгд найрамдах намын үзүүлэлт 2015 онд 21.6, 2022 онд 20.7 хувьтай байна. Үүний зэрэгцээ үндсэрхэг үзэлтнүүдийн Үндэсний хөдөлгөөн сонгогчдынхоо гурван хувийг алджээ.Тиймээс Р.Т.Эрдоаны хэт барууны үзэлт өрсөлдөгчдийн нэр хүнд ийнхүү унасан нь парламентын босго давах боломж олгохгүй байж магадгүй бөгөөд энэ тохиолдолд парламент дахь хүчний харьцааг мэдэгдэхүйц өөрчлөх юм.
Режеп Тайип Эрдоан 1954 онд Истанбул хотод эргийн хамгаалалтын офицерын гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа шашин шүтлэгээрээ онцгойрч, Хожа (Ойрхи болон Дундад Дорнодын шашны зүтгэлтний хүндэт цол) гэх хочтой байв. 1981 онд Мармарагийн их сургуульдбизнесийн удирдлагын мэргэжилэзэмшжээ. Суралцах хугацаандаа Истанбулын залуучуудын янз бүрийн клубт хөлбөмбөг тоглож байв. 1980-1982 онд хувийн компаниудад менежерээр ажиллаж байгаад 1982 онд цэргийн алба хаасан байна. 30 настайгаасаа улс төрийн карьер хөөж эхэлсэн бөгөөд 1984 онд Хөгжил цэцэглэлтийн намын нийслэлийн Бейоглу дүүргийн салбарын дарга, дараа жил нь тус намын Истанбулын салбарын дарга, тус хүчний Дээд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах болж.
1994 онд Истанбул хотын захирагчаар сонгогдсон. 1996 онд тус нам эрх баригч Исламын эвсэлд оролцсон ч 1997 оны цэргийн эргэлтийн дараа үйл ажиллагаа явуулах боломжгүйдхүрчР.Т.Эрдоан үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөсөн хэргээр дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэн байна. 2001 оны долдугаар сард тэрбээр Шударга ёс, хөгжлийн намаа байгуулж, 2002 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд ялжээ. Ял шийтгүүлсэн нь түүнийг Ерөнхий сайд болоход нь саад болж байсан ч Иракийн эсрэг ажиллагаа эхэлсний дараа АНУ-ын талыг баримталдаг Туркийн элитүүд хуулиаөөрчлөхийг зөвшөөрснөөр тэрбээр Засгийн газрыг тэргүүлсэн аж. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд тус улсын ДНБ 2.7 дахин өсөн, 303-аас 820 тэрбум ам.доллар болж, үндэсний валютын ханш дээшилж, инфляц нь 45-аас7.5 хувь хүртэл буурсан байна. 2014 оны наймдугаар сараас өнөөг хүртэл Режеп Тайип Эрдоан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.