Украин улсын өр өнгөрсөн сарын эцсийн байдлаар 107 тэрбум 460 сая ам.доллар давжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд улсынх нь өрийн хэмжээ 4.34 тэрбум ам.доллароор нэмэгдсэн аж. Энэ нь ДНБ-ийх нь 83.1 хувьтай тэнцэж байна гэж тус улсын парламентын Татварын хорооны дарга Даниил Гетманцев мэдэгдэв. 2021 оны эцсээр эл үзүүлэлт ДНБ-ийх нь 48.9 хувьтай тэнцэж байсан гэнэ. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гадаадаас зээл авсан нь өрийн хэмжээ өсөх гол шалтгаан болжээ. Тодруулбал, нэмэгдсэн өрийн гуравны хоёрыг Европын Холбооноос авсан хөнгөлөлттэй, урт хугацааны зээл эзэлж байна. Үүний дийлэнх нь 2.5 тэрбум еврогийн макро санхүүгийн тусламж аж. Өнгөрсөн 11 сарын хугацаанд Украин улсын өрийн хэмжээ 9.7 хувиар буюу 9.5 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Даниил Гетманцевийн хэлснээр өрийн эрсдэлийг зохицуулах боломжтой хэвээр байна. “Буцалтгүй тусламжийн хэмжээ нэмэгдэж буй. Засгийн газар болон олон улсын түншүүд гэрээ байгуулсан учир инфляц болон валютын эрсдэл нь буурна” гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор энэ оны эцэс гэхэд тус улсын өр ДНБ-ийх нь 89.4 хувьтай тэнцэх бөгөөд ирэх жил мөн ийм түвшинд (ДНБ-ий 89.9 хувь) байх аж. Украиныг сэргээн босгоход сард таван тэрбум доллар шаардлагатай болж магадгүй гэж тус сан үзэж байна. Украины эрх баригчдын мэдэгдсэнээр 2023 онд тус улсын төсвийн зарлага орлогоосоо хоёр дахин ихэснэ. Дайны улмаас Украинд таван сая хүн ажилгүй болжээ.