Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд айлчилж, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай уулзан, Конгресст үг хэлэв. “1944 оны Зул сарын баяраар Гитлерийн армийг үлдэн хөөсөн Америкийн эрэлхэг цэргүүдийн адил энэ Зул сарын баяраар Украины эрэлхэг цэргүүд Путины армийг хөөн гаргаж байна. Украин байршлаа хамгаалж, хэзээ ч бууж өгөхгүй” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдэхэд АНУ-ын Конгрессын гишүүд түүнд баяр хүргэн алга ташжээ. Энэ нь Уинстон Черчиллийн хэлсэн алдартай үгийг сануулсан аж. “Путины явуулж буй дайны эсрэг хамтдаа тэмцэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Дайн эхэлснээс хойш 300 хоног хэдийн өнгөрч, Путин украинчуудын улс үндэстний хувиар оршин тогтнох эрхийг бүдүүлгээр зөрчиж, гэм зэмгүй ард түмэн рүү зөвхөн айлгах зорилгоор дайрсан гэдэгт итгэхэд бэрх. Путин өвлийг зэвсэг болгон ашиглахыг оролдож байна. Америкчууд Европын холбоотнуудын хамт Украиныг дэмжсээр байх болно” гэж Ж.Байден Украины Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлэв. Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Владимир Зеленский “Би хоёр тэрбум ам.долларын цэргийн тусламжийн багц авах сайхан мэдээтэй эх орондоо буцаж байна. Үүний гол хэсэг нь манай агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлэх “Patriot” систем юм” гэж мэдэгджээ. “Patriot” системийн гол давуу тал нь нисэх онгоц, залуурт төдийгүй баллистик пуужинг устгах чадвартай юм. Багц нь 1.85 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд Украины зэвсэгт хүчинд агаарын довтолгооноос хамгаалах уг системийг анх удаа нийлүүлэх аж. АНУ-аас Украинд үзүүлсэн цэргийн тусламжийн нийт хэмжээ Ж.Байдены засаглалын хугацаанд урьд өмнө байгаагүй 21.9 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-ын цэргийг нутаг дэвсгэрээс нь гаргах хүртэл АНУ дэлхийн 50 гаруй түнштэйгээ хамтран ажиллаж, Украинд шаардлагатай дэмжлэг үзүүлсээр байна. Энэ айлчлал нь дайн эхэлснээс хойш В.Зеленскийн хийсэн анхны гадаад айлчлал юм. Тэрбээр галт тэргээр Польшид очоод, тэндээсээ АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Боинг С-40В” онгоцоор тус улсаас Украинд суугаа Элчин сайд Брижит Бринкийн хамт ниссэн аж. В.Зеленскийн АНУ-д хийсэн айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БХЯ-ндаа үг хэлсэн өдөр эхэлжээ. “Зеленскийн айлчлал нь АНУ Украиныг шаардлагатай хугацаагаар дэмжихийг нотолж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер мэдэгдэв. Харин Америкийн тусламжийн талаар тайлбар хийхдээ Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Вашингтоноос зэвсэг нийлүүлсээр, нэр төрөл нь ч өргөжиж байна. Энэ бүхэн мөргөлдөөнийг хурцатгахад хүргэж байгаа бөгөөд Украинд сайнаар нөлөөлөхгүй” гэв.