Канадад болсон НҮБ-ын биологийн олон янз байдлын талаарх дээд хэмжээний уулзалтын үеэр ургамал, амьтны төрөл зүйлийг бөөнөөр устгахаас урьдчилан сэргийлэхийн тулд манай гаргийн гадаргуугийн гуравны нэгээс доошгүй хэсгийг (газар, далай) хамгаалалтад авахаар тохиролцов. Дөрвөн жил гаруй хэлэлцээ хийж, дээд хэмжээний уулзалтыг “Ковид”-ын улмаас хойшлуулж, Монреальд шөнө дүл болтол хэлэлцсэний эцэст түүхэн гэж нэрлэсэн гэрээнд 200 оролцогч улс аль хэдийн гарын үсэг зурсан байна. Үүнд АНУ, Ватикан нэгдсэнгүй. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) ч үүнийг сайшааж, уг төслийг санаанд оромгүй ирээдүйтэй гэж онцолжээ.
Урьд нь Засгийн газрууд олон арван жилийн турш тавьсан байгаль орчны зорилгодоо хүрч чадаагүй тул дээд хэмжээний энэ уулзалт дэлхийн амьдрал устахаас урьдчилан сэргийлэхэдхүчтэй түлхэц болох ёстой байв. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Хятадад болох байсан ч “Ковид”-ын улмаас Канадын Монреаль руу шилжжээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайлан нь байгаль хамгаалах шийдвэртэй алхмууд хийхэд хүргэсэн бөгөөд үлэг гүрвэлүүд устсанаас болсноос хойш дэлхийд амьд организмын төрөл зүйл үй олноор үгүй болсныг уг баримт бичигт тэмдэглэсэн аж. Хүн төрөлхтөн байгалийн нөхөн төлжих хугацаанаас 1.6 дахин их нөөцийг ашигладаг. Үүний улмаас найман сая орчим зүйлийн ургамал, амьтны нэг сая нь устах ирмэгт тулжээ. Үүний сацуу уг баримт бичигт дурдсанаар байгаль орчин нь эдийн засагт шууд нөлөөлдөг. Өдгөө 41.7 их наяд доллартой тэнцэж буй дэлхийн ДНБ-ий талаас илүү хувь нь эрүүл экосистемээс хамааралтай аж.
Дээд хэмжээний уулзалтын тогтоолд хүн төрөлхтний 2030 он гэхэд хүрэх ёстой 23 зорилтыг жагсаасан байна. Үүний тулд хөгжингүй улсууд 2025 он хүртэл ядуу орнуудад эко системээ хамгаалахын тулд 20 орчим тэрбум ам.доллар хуваарилах ёстой. Хэлэлцээр хэрэгжвэл хөдөө аж ахуй, хангамжийн сүлжээ, байгаль хамгаалахад уугуул иргэдийн гүйцэтгэх үүрэг зэрэгт томоохон өөрчлөлт гарах гэнэ. Тэрчлэн байгаль орчинд хортон шавж устгах бодисын хэрэглээг гуравны хоёроор, үхсэн амьтан, ургамлын сэг, хаягдлыг хоёр дахин бууруулж, хуванцар хог хаягдлыг арилгахаар төлөвлөж байна. Дээрх тайлангаас үзвэл далайн экосистемийг сэргээх зардлыг тооцохгүйгээр хуурай газрын экосистемийг сэргээх дэлхийн зардал 2030 он гэхэд жилд 200 тэрбум долларт хүрч магадгүй юм. Байгаль хамгаалахад оруулсан нэг ам.доллар нь 30 ам.долларын эдийн засгийн үр өгөөж өгдөг гэнэ.
НҮБ-ын биологийн олон янз байдлын асуудлаарх бага хурлыг дэлхийн 196 улс соёрхон баталсан ижил нэртэй конвенцын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулдаг.