Японы Засгийн газар үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн төлөвлөгөөгөө гаргажээ. Дэлхийн II дайн дууссанаас хойш тус орон анх удаа батлан хамгаалахын зардлаа хоёр дахин өсгөж, цэргийн хүчээ үлэмж нэмэгдүүлэн, Үндсэн хуульдаа тусгасан энх тайвныг дэмжих зарчмаас татгалзахаар болов. Зарчмын ийм эргэлт хийсэн нь тус орныхамгийн ойрын хөрш Хятад, Умард Солонгосоос учирч болзошгүй аюул нэмэгдэж байгаад Япон Улс санаа зовж байгаагаас үүдэлтэй юм. Ерөнхий сайд Фүмио Кишида нь ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ Үндэсний аюулгүй байдлын стратеги, Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах хүчний хөгжлийн төлөвлөгөө гэсэн гурван баримт бичгийг баталснаа мэдэгдэв. Хариу цохилт өгөх боломжийг Токиод олгосон нь гол шинэчлэл. Ерөнхий сайдынх нь тайлбарласнаар онцгой байдлын үед болон тодорхой нөхцөлд өөр улсын нутаг дэвсгэрт цэргийн цохилт өгөхөөрэдгээр баримт бичигттусгажээ.
“Украины дайн бидэнд тулалдах чадвартай байх шаардлагатайг харуулсан. Энэ бол Япон Улс өнөөг хүртэл бэлэн байгаагүй зүйл” гэж Өөрийгөө батлан хамгаалах хүчний Агаарын цэргийн хүчний чөлөөнд гарсан генерал Тошимичи Нагаява хэлснийг тус орны хэвлэлүүд эш татав. Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада энэ сарын эхээр тус улсын Сангийн сайдтай хамтран ирэх таван жилд батлан хамгаалах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, НАТО-гийн гишүүн орнуудад зөвлөсний дагуу ДНБ-ий хоёр хувьд хүргэх арга замыг хайж олох даалгавар авснаа мэдэгдсэн юм. Японы эдийн засгийн цар хүрээг харгалзан үзвэл энэ нь тус улсыг цэргийн зардлаар АНУ, Хятадын дараа гуравдугаарт оруулах аж. Үүний сацуу төлөвлөгөөнд АНУ-аас шаардлагатай бол дайсны пуужин харвах талбайг түрүүлж устгах чадвартай, алсын тусгалтай пуужин худалдаж авахаар тусгасан гэнэ.