БНХАУ-ын дарга Си Зиньпин тус орны төлөөлөгчдийн хамт Саудын Арабад айлчилснаар Эр-Рияд, Бээжингийн харилцаанд стратегийн шинэ боломжууд нээгджээ. Айлчлалынхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын удирдагч Персийн булангийн орнуудтай худалдааны түншлэлээ өргөжүүлснээ мэдэгдээд, өдөөн хатгасан үг хэллэгээс зайлсхийхийг хичээснийг Саудын Арабын “Al Hadath” сонин тэмдэглэсэн байна.
Энэ айлчлал Саудын Араб болон Америкийн харилцаанд гүн ангал үүсгэсэн бөгөөд үүний олон жишээ бий. ОПЕК+ буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн 13 улс болон гишүүн бус 11 орон нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх Вашингтоны шаардлагаас татгалзсан. Харин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман бусад улстай харилцаагаа хөгжүүлж эхэлжээ.
Саудын Араб илүү бие даасан бодлого явуулж эхэлснийг БНХАУ-ын дарга Эр-Риядад айлчилж, гурван ч бага хурал зохион байгуулсан нь нотолно. Энэ үеэр Си Зиньпин болон түүнийг дагалдан явсан хүмүүс Персийн булангийн орнууд болон Арабын хойгийн бусад улсын төлөөлөгчидтэй Араб, Хятадын нийтлэг ашиг сонирхлын талаар ярилцсан байна.
Вашингтон энэ айлчлалын үр дагаврыг дипломат мэдэгдлүүдээр зөөлрүүлэхийг оролдов. Бээжин Ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа тул БНХАУ-ын даргын Саудын Арабад хийсэн айлчлал АНУ-ын гайхлыг төрүүлээгүй гэнэ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “Ойрхи Дорнод дахь манай анд нөхөд, түншүүд Си Зиньпинтэй уулзаж, хэлэлцээ хийхийг хүсэх нь тэдний эрх бөгөөд бид хүндэтгэнэ. АНУ Ойрхи Дорнод дахь харилцаа, аюулгүй байдалд хоёр болон олон талын түвшинд анхаарлаа хандуулдаг” хэмээн мэдэгджээ. “Хятад улс дэлхийд нөлөөгөө нэмэгдүүлэхийг оролдож байгааг бид мартаагүй. Ойрхи Дорнод нь тус улс ийм нөлөөллийн түвшнээ гүнзгийрүүлэхийг хүсэж буй бүс нутгийн нэг нь гарцаагүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Америкийн улстөрчдийн нэгэн адил Ж.Кирби өнөөдөр Саудын Араб болон Ойрхи Дорнодын байдал огт өөр буйг үл харгалзан, улс төрийн хямралыг хуучин арга барилаар шийдвэрлэхийг уриалжээ. Хятад, Араб, Саудын Арабын хамтарсан мэдэгдэлд өдөөн хатгасан үг хэллэг байхгүй ч Вашингтоны гадаад бодлогын чиг хандлагад үл нийцэх стратегийн нийтлэг хүсэл эрмэлзлийн шинж тэмдэг илэрч буй.
Энэ нь Эр-Рияд болон Ойрхи Дорнодод бүхэлд нь чиглэсэн АНУ-ын өрөөсгөл бодлогын хамгийн чухал үр дагавруудын нэг. Ирак болон бүс нутгаас Вашингтон цэргээ гаргаснаа Хятадыг сөрөхөд хүчээ дайчлах хүслээр зөвтгөсөн. Хятад ч эргээд Арабын орнууд, тэр дундаа Саудын Арабтай хамтын ажиллагаагаа чимээгүйхэн тэлж эхэллээ.
Си Зиньпиний Эр-Риядад хийсэн айлчлал нь Дональд Трампын санхүүгийн луйвар хийх зорилготой, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жозеф Байдены хүний эрхийн “хөзөр”-өөр тоглож, Саудын Арабыг Вашингтонд захируулж чадна хэмээн төөрөлдсөн айлчлалтай адилгүйг “Al Ha¬dath” сонин тэмдэглэжээ. Одоо бол Бээжин Эр-Риядын худалдааны хамгийн том түнш юм.
Хятад, Араб, Саудын Арабын дээд хэмжээний уулзалт бол чухал үйл явдал байв. Сэтгүүлчид үүний болзошгүй үр дагаврыг тайлбарлах дипломат хэллэгүүдийг олохыг оролдсон ч тэдгээр нь Саудын Арабын чөлөөт хэвлэлүүдийн үзэл бодолтой нийцэхгүй байна. Америкийг дэмжсэн нийтлэлүүд бодит байдлыг тусгадаггүй. Тэд урьд нь Иракт явуулсан Америкийн түрэмгийлэл, олон зуун мянган иракчуудын амь насыг хохироосон явдлыг зөвтгөж, өдгөө өөрсдийнх нь улсын эсрэг явуулж буй АНУ-ын өдөөн хатгасан бодлогыг нүдээ аниад өнгөрөөсөн.
Нөгөөтээгүүр, Саудын Араб хүний эрхийн байдлаа сайжруулна хэмээн Ж.Байдены засаг захиргаа найдаж буйгаа илэрхийлсний тодорхой хариуг хунтайж Мохаммед бин Салман өгчээ. Тэрбээр “Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийг нь АНУ-ын Ерөнхийлөгч хэрхэн ойлгож байгаа нь хамаагүй, “Байден Америкийн ашиг сонирхлын талаар бодох ёстой” гэж хэлжээ.
Коммунизмыг эсэргүүцдэг Саудын Арабад Хятадын удирдагчид түүхэндээ итгэл үл хүлээх этгээд байсаар ирсэн. Үүнийг Вашингтон Афганистанд ашиглаж, тус улсаас Зөвлөлтийн цэргийг гаргахад хүргэсэн нь ЗХУ задрах нэг шалтгаан болсон юм. АНУ-ын империализмын эсрэг Хятадын тэмцлийг хэд хэдэн асуудлаар, ялангуяа Персийн булан, Ирак, Палестины асуудлаарх Вашингтоны бодлогод сэтгэл дундуур байсан арабууд дэмжих болсон. Араб, Америкийн харилцаа хүйтэн дайны үед хараат байдалд хүрсэн. Вашингтон арабуудыг олон удаа мэхэлсэн. Энэ нь Хятад улс Арабын орнуудыг ямар ч болзолгүйгээр дэмжсэн гэсэн итгэл үнэмшил бий болсон аж.
1.5 тэрбум хүн амтай, коммунист үзэл сурталтай Хятад улс Мао Зэдуны үзэл санааг бус, харин Си Зиньпиний худалдааны олон талт харилцаанд тулгуурлах бодлогыг дэлгэрүүлэх хэрэгтэйг маш хурдан ойлгожээ. Энэ нь түүнд “Нэг бүс, нэг зам” төслийг сэргээх ажлыг чимээгүйхэн, болгоомжтой хийхэд туслав. Нефть олборлодог орнууд, тэр дундаа Ирак нь Хятадын “зөөлөн стратегийн” тэргүүлэх чиглэл болсон байна. Хятадын эрс өсөлт, Саудын Арабтай ойртож байгаа явдал Вашингтоныг түгшээж буй.
Хятад, Араб, Саудын Арабын хамтарсан мэдэгдэлд өдөөн хатгасан үг хэллэг байхгүй ч Вашингтоны гадаад бодлогын чиг хандлагад үл нийцэх нийтлэг стратегийн хүсэл эрмэлзэл бүрэлдэх шинж тэмдэг илэрчээ. Тухайлбал, арабууд Тайванийг эзэмших асуудлаарх Хятадын байр суурийг дэмжиж байгаагаа зарласан бөгөөд энэ нь эргээд Вашингтонд улс төрийн цохилт болов.
Персийн булангийн орнуудтай худалдааны түншлэлээ өргөжүүлэх тухай мэдэгдэл хийж, өдөөн хатгасан үг хэллэгээс зайлсхийхийг оролдсон БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дараа Саудын Араб, Хятадын харилцаа шинэ шатанд гарч байна. Саудын Арабын төлөөлөгчид ч мөн ийм алхам хийсэн.
Сүүлийн зургаан жилд анх удаа Саудын Арабад айлчилсан Си Зиньпинийг Эр-Рияд хүндтэй, удаан хүлээсэн хүндэт зочны хувиар хүлээн авсан. Түүний хувьд Эр-Риядад очсон нь коронавирусийн цар тахал эхэлснээс хойших гурав дахь гадаад айлчлал байлаа. Саудын Арабын албан ёсны мэдээллийн SPA агентлагийн дамжуулснаар сүүлийн таван жилийн хугацаанд Хятад тус вант улсын худалдааны тэргүүлэх түншийн байр суурийг итгэлтэйгээр эзэлжээ. 2021 онд хоёр талын бараа эргэлт 82.1 тэрбум ам.доллар болсон байна. Үүний сацуу хэдэн жилийн өмнө Саудын Араб Хятадад хөрөнгө оруулсан орнуудын 12-т жагсаж байв. Си Зиньпиний айлчлалын үеэр Саудын Араб, Хятадын компаниуд ногоон эрчим хүч, мэдээллийн технологи, зам, тээвэр, барилга байгууламж зэрэг салбарт хөрөнгө оруулах 34 гэрээ байгуулжээ. Энэ нь 29.2 тэрбум ам.доллартой тэнцэхийг хэвлэлүүд мэдээлэв. Түүнчлэн Саудын Арабын хаан, БНХАУ-ын дарга нар иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн Саудын Арабын “Vision 2030” хөгжлийн хөтөлбөр болон Хятадын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулахаар талууд тохиролцов.
БНХАУ-ын дарга Саудын Арабын эрх баригчидтай хоёр талын хэлэлцээ хийснээс гадна “Хятад-Арабын ертөнц” болон “Хятад Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл” гэсэн дээд хэмжээний хоёр уулзалтад оролцсон. Ингэснээр Си Зиньпин 30 гаруй Төрийн тэргүүн, бизнес эрхлэгчтэй уулзжээ.
Ойрхи Дорнодын нийслэлүүдийн хувьд Бээжин улс төрийн ямар ч болзол тулгадаггүй тул хамгийн тохиромжтой түншүүдийн нэг юм. Үүний сацуу Хятад Персийн булангийн Арабын хаант улсууд болон Иран, түүнчлэн тус бүс нутгийн олон хөрш оронтой яриа хэлэлцээ хийдэггүй Сиритэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэ жилээс Дамаск “Бүс ба зам” төслүүдэд оролцож эхэлжээ.