Ла-Маншийн сувгаар дамжин завиар Британийг зорьдог хууль бус цагаачдын цуваатай тэмцэхээр тус улсын боловсруулсан шинэ төлөвлөгөө нь олон хүн энэ оронд орогнох эрхтэй болох боломжийг хааж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын туслах Жиллиан Триггс мэдэгдэв.
Үүний өмнө Британийн Ерөнхий сайд Риши Сунак хууль бус цагаачдын талаарх шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан юм. “Орогнол хүсэгчдийг эхлээд баривчлах, дараа нь эх оронд нь буцаах, эсвэл гуравдагч улс руу шилжүүлэхээр зарласан нь байнга очоод байдаггүй хүмүүст Британийн орогнол олгох системд нэвтрэх эрхийг хориглосонтой адил. Ийм хандлага нь тус улсад орогнох гэсэн олонхын эрхийг хаасантай ижил юм” гэж Ж.Триггсийн хэлснийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын цахим хуудас эш татжээ.
Энэ жил хууль бус 44 000 цагаач Британийг Европ тивээс тусгаарладаг Ла-Маншийн сувгийг гаталсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол аж. Британийн Засгийн газарт энэ урсгалыг зогсоох бодит механизм байсангүй. Лондон хэдэн жилийн турш Францтай хамтран ажиллана хэмээн найдаж, тус улсын цагдаа нарыг дэмжих зорилгоор багагүй хэмжээний мөнгө тогтмол илгээдэг байв. Р.Сунакийн үед ч Паристай ээлжит гэрээгээ байгуулж, ирэх жил британичууд францчуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ 72 сая евро болгож нэмжээ. Үүний хариуд Франц эрэг орчмын эргүүлийнхээ хүчийг зузаатгахаа амласан байна. Тодруулбал, 200 биш, 300 цагдаа хил зөрчигчдийг хайх ажилд оролцоно. Энэ бүх сүрдүүлсэн мэдэгдлийн дараа ч нэмээд хэдэн мянган цагаач Британийн сувгийг гаталсныг харахад нэмэлт зардал, хүчин чармайлт нь эмзэг асуудлын шийдэл болохгүй ньбололтой.