“Wall street journal” сониныг эзэмшдэг “News corp” компани ерөнхий редактороо солих болсноо мэдэгдлээ. Өдгөө энэ албан тушаалыг хашиж буй 56 настай Мэтт Мюррейгийн халааг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс тус компанийн эзэмшдэг “Sunday times” сонины редактор, Британийн туршлагатай сэтгүүлч Эмма Такер авах аж. Ийнхүү анх удаа эмэгтэй хүн “Wall street journal” сонины ерөнхий редактор болж байна. Эмма Такер Оксфордын их сургуулийг улс төр, гүн ухаан, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн. Тэрбээр Лондон дахь “Financial times” сонинд сэтгүүлчийн карьераа эхлүүлж, улс төр, эдийн засгийн сэдвүүдийг сурвалжилжээ. Дараа нь тус сонины ням гаргийн хавсралтын редактор, үргэлжүүлээд “Times” сонины редакторын орлогчоор ажилласан байна. 2020 оны нэгдүгээр сараас, өөрөөр хэлбэл, “Ковид-19” цар тахал эхэлснээс хойш “Sunday times” сонины редактороор ажиллаж байна. Түүний удирдлага дор редакторууд эрэн сурвалжлах чиглэлд ихээхэн анхаарал хандуулжээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд “Sunday times” сонины цахим уншигчдын тоо хоёр дахин нэмэгдсэн аж. Мөн “Times” болон “Sunday times” сонины цахим захиалагчдын тоо 320 000-гаас 450 000 болж өсжээ. Э.Такерыг “Wall street journal” сонины ерөнхий редакторын албан тушаалд нэр дэвшихийг тус редакцийн стандарт, ёс зүйн асуудалд хяналт тавьдаг тусгай хороо санал нэгтэй дэмжсэн байна. Мэтт Мюррей 1994 оноос “Dow Jones & Co”-д эхлээд сурвалжлагчаар ажиллаж байгаад дараа нь гүйцэтгэх редактор, ерөнхий редакторын орлогч хүртэл дэвшсэн. 2018 оны зургадугаар сард “Wall street journal” сонины ерөнхий редактор болжээ. Түүнийг удирдаж байх үед тус сонин “Facebook” компанийн дотоод журмыг мөрдөн шалгаснаа нийтэлсэн нь нийгэмд асар их эрэлт үүсгэсэн юм. “Wall street journal” сонины ерөнхий редактороор ажиллах эхний нэг сард Эмма Такерт Мэтт Мюррей туслах аж. Дараа нь М.Мюррей “News Corp”-д шинэ албан тушаал хаших гэнэ.