Перугийн парламент Ерөнхийлөгч Педро Кастиллог хууль тогтоох байгууллагыг тараахыг оролдсоны дараа түүнийг огцруулах шийдвэр гаргажээ. Түүний халааг Дэд Ерөнхийлөгч Дина Болуарте авч, Төрийн тэргүүний тангараг өргөөд, үндэсний хямралыг даван туулах ашиг сонирхлын үүднээс улс төрийн эвлэрэлд хүрэхийг уриалав. Мөн тэрбээр Кастиллогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах 2026 оны долдугаар сар хүртэл энэ албан тушаалыг хашихаа мэдэгджээ.
Үүний өмнө Педро Кастилло үндэсний телевизээр үг хэлж, тус улсад онц байдал зарлаж, конгрессыг яаралтай түр Засгийн газраар сольж байгаагаа мэдэгдсэн аж. Энэ нь дотоодод болон гадаадад цочрол үүсгэжээ. Перугийн Засгийн газрын хэд хэдэн сайд нэн даруй огцорч, Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн буруутгасан байна. АНУ Кастиллог шийдвэрээ буцаахыг уриалж, Перугийн Дэд Ерөнхийлөгч нь түүнийг Үндсэн хуулийн дэг зөрчсөн гэж буруутган, тус улсын цагдаа, цэргийнхэн хамтарсан мэдэгдэл хийж, уг хуулийг цаашид ч хүндэтгэхээ онцолсон гэнэ.
Гэсэн ч хууль тогтоогчид Кастиллогийн хийсэн алхмыг үл хэрэгсэн, яаралтай хуралдаан зарлаж, Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргасан байна. Кастиллог баривчилснаа Засгийн газрынхаа авлигын хэргийг шалгаж буй прокурорын багийн төлөөлөгч Мартиа Баррето мэдэгджээ. Түүнийг эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдсон хэрэгт сэжиглэж байгаа талаар “France presse” агентлагийн эх сурвалжууд дамжуулжээ. “El Comercio” сонинд бичсэнээс үзвэл Кастиллог баривчилсан бөгөөд 10 хоног саатуулах бололтой. Түүнийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруушааж байна. Тэдгээрээс хамгийн ноцтой нь бослого гаргах оролдлого бөгөөд ийм буруутай нь тогтоогдвол 10-20 жилийн хорих ял шийтгүүлэх бололтой. Үүнээс гадна түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт буруутгах нь. Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацаандаа авлигатай холбоотой эрүүгийн хэд хэдэн хэрэг үйлдсэн гэнэ.