Украинд хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш 15 мянган хүн сураггүй болсонд тооцогдсон тухай тус улсын парламентын хүний эрхийн комиссар Дмитрий Любинец даваа гарагт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрктэй уулзахдаа мэдэгдэв. Үүний өмнө Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Украинд болсон үйл явдлын төлөө ОХУ-ыг олон улсын өмнө хариуцлага хүлээлгэж, Оросын битүүмжилсэн хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Украины энгийн 20 000 гаруй иргэн, 100 000 цэрэг амиа алджээ. Тэрчлэн “Times” сонинд Засгийн газрын мэдээллээс эш татан бичсэнээс үзвэл Украинаас хүүхэдтэй 2000 гаруй гэр бүл болон бие даан ирсэн 900 гаруй хүн Британид албан ёсоор орон гэргүйчүүдийн тоонд орж байна.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд халдсан. айман жилийн турш Киевийн дэглэмд дээрэлхүүлж, олноор нь хоморголон устгах ажиллагаанд өртөж буй хүмүүсийг хамгаалах зорилготой гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Үүний тулд Украиныг цэрэг, зэвсэггүй, байлдах чадваргүй болгох, Донбасст энгийн иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхөөр төлөвлөснөө тэрбээр хэлсэн билээ.
Үүний сацуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт “Wall street journal” сониноос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр “Украины дайн дипломат ажиллагаа, хэлэлцээний үр дүнд л дуусах нь бараг гарцаагүй. Гэхдээ бид зохиомол биш, шударга бөгөөд тогтвортой энх тайван байдал тогтоох ёстой” гэж хэлжээ. Киевт АНУ-аас дэмжлэг үзүүлж байгаа талаар ярихдаа тэрбээр “Манай улс хоёрдугаар сарын 24-нөөс хойш ОХУ-д эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахад нь Украинд туслахад анхаарлаа хандуулж байна” гэв. Түүнчлэн Э.Блинкен хэвлэлийн хурлын үеэр тавьсан, украинчууд Крымийг эргүүлэн авах боломжтой, эсэх тухай асуултад шууд хариулахаас зайлсхийж, АНУ болон дэлхийн 10-аад орны дэмжлэгтэйгээр украинчууд хаашаа, хэзээ явахаа өөрсдөө шийддэг хэмээн хариулсан байна. Энэ үеэр Хятадын “Global times” сонинд бичсэнээс үзвэл Украины дайнд Вашингтон Оросыг эсэргүүцэхийг Европт байнга уриалж, нөгөө талаас Европын эдийн засгийг муутгах зорилготой ширүүн өрсөлдөөнийг өдөөж байна. Өрнөдийн орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын шатахуунаас татгалзах бодлогын улмаас эрчим хүчний үнэ, инфляц өсөж буй. Ингэснээр улмаас Европын аж үйлдвэрүүд өрсөлдөх чадвараа ихээхэн алдсаныг уг сонины нийтлэлд тэмдэглэжээ.