НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Румыний нийслэл Бухарестэд уулзаж, Оросын түрэмгийллийг няцаах талаар Украинд цаашид туслах хэлбэр, хэмжээний тухай хэлэлцлээ. “НАТО нутаг дэвсгэрийнхээ нэг сөөм газрыг ч халдлагаас хамгаалахад бэлэн байна. Бид Путинд ялах боломж олгож болохгүй, эс бөгөөс энэ нь бусад дарангуйлагч удирдагчид ногоон гэрэл асааж, цэргийн хүчээр зорилгодоо хүрч чадна гэсэн ойлголт өгнө. Ингэснээр манай гараг бидний хувьд илүү аюултай болно. Тиймээс аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхлын үүднээс Украиныг дэмжинэ” гэж уулзалтыг нээж Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг үг хэлэхдээ тэмдэглэв. Тус эвсэл энэ дайнд оролцоогүй ч гишүүд нь Украинд урьд хожид байгаагүй дэмжлэг үзүүлж буйг тэрбээр онцолжээ.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч буйг буруушаасан мэдэгдлийг НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар дээд хэмжээний уулзалтын үеэр гаргажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр зэвсгийн нийлүүлэлтээ түргэтгэхийг уриалав. “Өнгөрсөн удаа НАТО-гийн уулзалтад би зэвсэг, зэвсэг, зэвсэг гэж хэлж оролцсон. Түүнээс хойш Украины армийг шаардлагатай зэвсгээр хангах их зүйл хийсэн. Одоо хурдан, хурдан, аль болох хурдан гэж хэлье. Бидний төлөө хийсэн бүх зүйлд талархаж байна. Гэвч дайн үргэлжилж байна” гэж Д.Кулеба мэдэгдэв. Тэрбээр“Politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зэвсэг үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахгүйгээр урт хугацаанд байлдааны талбарт ялах боломжгүй гэжээ. Түүний хэлснээр одоо Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, танк, зэвсгийн үйлдвэр хэрэгтэй аж. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид тийм систем, сум, шатахуун, эмнэлгийн хэрэгсэл, өвлийн техник хэрэгсэл зэрэг цэргийн тусламжаа нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Гэхдээ уулзалтад оролцогчид Украины талаас шаардаж буй давшилтын зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх, эсэх нь тодорхойгүй байна. Харин НАТО-гийн орнууд өвлийн улиралд илүү олон дүрвэгч хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэнаж. Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли дайныг дипломат арга замаар шийдэх найдвар тасраагүй байгааг тэмдэглэжээ. Канадаас Украинд 500 сая канад доллар (370 сая ам.доллар)-ын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхийг тэрбээр уламжлав.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 онд Бухарестэд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украин, Гүрж улсыг ирээдүйд НАТО-д элсүүлэх боломжтой гэсэн шийдвэр гаргаж байжээ. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынх нь аюулгүй байдалд шууд заналхийлсэн шийдвэр хэмээгээд, дөрвөн сарын дараа Гүрж рүү довтолсон билээ.