Афганистаны иргэдийн нэг хэсэг нь өлссөн хүүхдэдээ нойрны эм өгч тайвшруулахаас өөр аргагүйд хүрч байхад нөгөө нь охидоо, эсвэл эрхтнээ зарж амьдралаа залгуулж байна.Талибууд төрийн эрхэд гарч, гадаадаас орж ирэх мөнгөний урсгал зогссон тус улсад энэ өвөл олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэснийг ВВС мэдээлэв. Хэмжээгээр улсдаа гуравт ордог том хот Херат хотын захад сүүлийн хэдэн арван жилд дайн, байгалийн гамшгаас зугтсан хүмүүсээр дүүрсэн, олон мянган шавар тагз бий. Тэдгээрт оршин суугчид олон хүүхэдтэй. Олонх нь дээр дурдсан аргаар өдөр хоног өнгөрдөг гэнэ. Хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдэд тайвшруулах эм өгөхөд элгийг нь гэмтээж, архаг ядаргаа, нойргүйдэл, хэвийн бус байдалтай болох зэрэг олон асуудал үүсгэдэг гэж эмч нар хэлжээ.
Эмийн сангаас 10 ам.центээр тайвшруулах үйлчилгээтэй таван эм авч болно. Хэрчим талх мөн ийм үнэтэй. Айлуудын ихэнх нь талхаар л амьдардаг. Нэг эмэгтэй өглөөний цайндаа хуурай талх, оройн хоолондоо усанд дэвтээснийг иддэг гэжээ. Афганистанд хүмүүнлэгийн сүйрэл болж байна гэж НҮБ тэмдэглэсэн. Херат хотын захын эрчүүдийн олонх өдрийн ажил эрхэлдэг болоод уджээ. Талибууд төрийн эрхэд гарснаас хойш тус улс эдийн засгийн уналтад орж, эрэгтэйчүүд нь хийх ажилгүй болсон аж. Өдрийн ажил нь 100 орчим афгани буюу нэг ам.долларын хөлстэй. Тиймээс тэд эрхтнээ зарах нь энүүхэнд болжээ. Эрэгтэй хүний нэг бөөр 270 000 афгани (ойролцоогоор 3100 ам.доллар), эмэгтэйнх 240 мянга л хүрдэг гэнэ. Үүнийг гэр бүлээ тэжээхийн тулд тавьсан өрөө төлөхөд зарцуулдаг. Ийм хэмжээний мөнгөөр хонин сүрэг авсан ч үерт “алдсанаа” өрх толгойлсон залуу ээж ярьжээ. Тэрбээр үүний дараа зээлсэн мөнгөний оронд хоёр настай охиноо өгөх дарамтад орсон гэнэ. Түүний хөрш таван настай охиноо 100 000 афганигаар заржээ. Олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээлснээр энэ жил Афганистан дахь салбаруудад нь хоол тэжээлийн дутагдалд орсон өвчтөнүүдийнх нь тоо өнгөрсөн жилийнхээс 47 хувиар олширсон байна.